-Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах зохицуулалтын хэрэгжилт сул байна-
Тархины үхэлтэй донор буюу цус харвах, осол гэмтлийн улмаас тархи нь эдгэшгүйгээр бүрэн ажиллагаагүй болсон ч бусад эд эрхтнийг нь бусдад шилжүүлэн суулгаснаар найман хүний амийг аврах боломжтой байдаг.Ийм нэг донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс зэргийг 8 хүнд шилжүүлэн суулгах боломжтой. Мөн яс, нүдний эвэрлэг, арьс зэрэг нь эдийн донор болдог аж.
Манай улсад энэ харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалт хийгдсэн. Гэсэн ч хуулийг дагасан журам батлагдаагүй гэх мэт шалтгааны улмаас бүрэн утгаараа хэрэгжихгүй байна.
Тархиндаа цус харвах, эсвэл авто ослын улмаас тархи нь ажиллагаагүй болсон ч гэлээ тухайн хүний бөөр, элэг, зүрх, уушги, нойр, булчирхай, нарийн гэдэс зэргийг нь бусдад шилжүүлж болдог. Гэхдээ, тархины үхэл гэдгийг нь мэргэжлийн эмч нарын баг тодорхойлсны дараа, гэр бүлийнх нь зөвшөөрөлтэйгөөр. Хэрвээ, гэр бүлийнхэн нь зөвшөөрвөл эрхтэн суулгуулахаар хүлээгдэж байгаа улсын хэмжээний жагсаалтад бичигдсэн өвчтөнүүдэд хамгийн сайн тохирох эд эрхтнийг нь шилжүүлэн суулгах зохицуулалттай. Манай улсад энэ харилцааг Донорын тухай хуулиар зөвшөөрсөн. Өнгөрсөн 4-р сараас шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ, практик дээр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл явц ахиц муутай байна. Шалтгааныг нь ингэж тайлбарлалаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун "Донор эмнэлгүүдтэй өдөр бүр харилцаж боломжит донор байгаа эсэх мэдээллийг авдаг. Гэсэн ч ар гэрийнхэнтэй нь энэ талаар ярилцахад хүлээж авдаггүй. Тиймээс бид донорын хуулийн тухай ард иргэдэд байнга сурталчилж таниулж байх нь зөв юм"
Манай улсад бөөр, элэг гэх мэт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэж байна. Тийм учраас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх хагалгааг хийхэд улсын эмнэлгүүд бэлэн гэв. Өнгөрсөн хугацаанд зөвхөн УНТЭ-ийнхэн л гэхэд тархины үхэлтэй донороос 12 хүнд бөөр шилжүүлэн суулгажээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Д.Чулуунбаатар "Энэ хугацаанд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлсэн тохиолдол бий. Жишээ нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг нэг хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 6 хүнд гээд 12 хүний амийг аварч тархины үхэлтэй донороос эрхтэн авсан. Одоо бол амьд донороос хийж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах донорын хуулийг иргэдэд сурталчлаад эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулаад ирэхээр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх үйл явц нэлээд өргөжих байх" гэлээ.
Монгол Улсад жил бүр 520 гаруй хүн авто ослоор, 2200 гаруй хүн тархиндаа цус харваж хорвоог орхиж байна. Хэлж ирдэггүй хагацлын энэ зовлонг хүмүүс бид урьдчилж мэдэх боломжгүй ч бусдад амьдрал бэлэглэх боломж үргэлж бий.
Дэлхий нийтэд амьд ахуйдаа донор болохоор бүртгүүлэх тогтолцоо хөгжсөн бөгөөд тархи ажиллагаагүй болсон үед гэр бүлийн зөвшөөрлийг нь авч мэргэжлийн эмч нарын баг тархины үхлийг нь тодорхойлдог байна. Тэгээд эдийн тохироо нь үндэсний хүлээх жагсаалтад буй өвчтөнүүдээс хамгийн сайн тохирохыг нь сонгоно. Ингэж сонгохдоо цусны бүлэг, биеийн жин өндөр, биеийн байдал, эдийн тохироо, хүлээх жагсаалтад хүлээсэн хугацаа, донор эрхтнээс ойр хол байгаа зэрэг хүчин зүйлийг харгалздаг. Харин яс үндэс, хүйс, орлого, нийгмийн байр суурь, нэр хүнд зэрэг хүчин зүйлийг харгалздаггүй аж.
Монгол Улсын хувьд 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болохоор Донорын тухай хуулийн 13.2-д заасан. Мөн уг хуулинд “Донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг хэлнэ.
3.1.2.“амьд донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг;
3.1.3.“амьгүй донор” гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг хэлнэ гэж заажээ.