Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан Налайхад барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар болсон. Тус парк нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хямд өртгөөр нийлүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлсэн орчин үеийн үлгэр жишээ үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлж, Монгол улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор ажиллаж байна.
Энэ жил Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр УБ-Чойрын замаас НБМҮТПарк хүртэл нийт 4,67 км авто зам баригдахаар болж гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлээд байна. Уг замыг 40 метр өргөн, 4 эгнээтэй, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь барьж 2019 онд ашиглалтанд оруулах юм. Мөн паркийн үерийн барилга байгууламжийн ажил хийж гүйцэтгэх, хүлээлгэн өгөх тендерийг БХБЯамнаас зарлаж гүйцэтгэгч байгууллагаар “Заабар” ХХК шалгаран үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Үерийн барилга байгууламжийг энэ оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгнө. Одоогийн байдлаар улс, нийслэлийн төсвийн 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн ажилд хийгээд байна.