Дуудлага худалдаагаар зарагдсан даруйдаа “өөрийгөө устгасан” зураг

Лондоны нэр хүндтэй Сотэбигийн дуудлага худалдаагаар 1.4 сая ам.долларын үнэд хүрч зарагдсан нэгэн зураг өөрийгөө устгасан хачирхалтай хэрэг гарчээ. Английн уран бүтээлч Банксигийн Бөмбөлөгтэй охин зураг дуудлага худалдааны алх сүүлчийн удаа санал авч, тухайн зураг зарагдсаныг зарлаж алх цохигдсон даруйд өөрийгөө устгаж эхэлжээ.

Дуудлага худалдаанд оролцогчид болон урлаг сонирхогчдыг цочирдуулсан уг үйлдлийн учиг удалгүй тайлагдсан юм. Уран бүтээлч Банкси өөрийн сошиал хуудсаараа дамжуулан хийсэн үйлдлээ тайлбарлажээ. Урлагийн бүтээлүүд хэт арилжааны шинжтэй болж, үнэ хөөрөгдсөн байдалтай болж буйд шүүмжлэлтэй ханддаг Банкси энэ бүхнийг анхнаас нь төлөвлөж, бүхнийг бэлтгэсэн гэдгээ дүрс бичлэгт харуулжээ.

Зураач Банкси Канвас дээр шүршдэг будгийн аргаар зурагдсан уг зургийг анх жаазлахдаа ард нь зүсэгч байршуулсан байсныг хэн ч мэдээгүй аж. Тэрээр өөрийн сошиал хаягт уг тайлбараа байршуулахдаа Пикассогийн “Устгах дур хүсэл гэдэг өөрөө бүтээлч дур хүсэл юм” гэсэн ишлэлийг авсан байжээ.

Урлаг шүүмжлэгчид уг явдал дээр санал хуваагдсан байгаа бөгөөд нэг хэсэг нь өөрийнхөө талыг устгасан нь Банксийн зургийг улам үнэ цэнэтэй, өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй болгож байна гэж үнэлжээ.

Английн уран бүтээлч Банкси өөрийнхөө бүтээлийг өөрөө устгасан анхны бүтээлч биш гэнэ. Түүнээс өмнө дэлхийн II дайны үед Германы зураач Густа Метзер “авто-устгах урлаг”-ийг гаргаж ирсэн нь даавуун дээрх зургаа цайруулагчаар түлж арилгасан явдал байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)