“Эрдэнэс Тавантолгой”-н эерэг мэдээнүүд

“Эрдэнэс-Тавантолгой” ХК дэргэдээ Олон нийтийн зөвлөл байгуулахаар болж гишүүдийг нь нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулахаар энэ сарын 01-нээс эхлэн 14 хоногийн хугацаатай олон нийтийн дунд санал асуулга явуулж байна. Энэ бол төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн тооцоотой байгууллага, компаниудын хувьд шинэ жишиг юм. Үйл ажиллагаандаа ийнхүү ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэж байгаа нь сайн хэрэг. “Эрдэнэс Тавантолгой” ХК мөн 1072 хувьцаа мэдээллийг төвийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн нь цагаа олсон ажил байв. Уг төв  нээгдсэнээр иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хийгээд 1072 хувьцааны талаархи мэдээллээ түргэн шуурхай авдаг болсон.

Түүнчлэн ажилд авах зараас эхлээд худалдан авах үйл ажиллагааны зар, гэрээ зэрэг нь ил байдаг болжээ. Энэ мэтээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж байна. Олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах гэж буй компани ийм л байх ёстой.  Ил тод, нээлттэй байдал бол аливаа компанийн хувьд ашиг орлогоос ч илүү үнэт зүйл. “Эрдэнэс Тавантолгой” ийм үнэт зүйлийг бүрдүүлж төлөвшүүлж, компанийн засаглалаа сайжруулж төгөлдөршүүлж эхэлжээ. Энэ бүхний үр дүн эхнээсээ гарч компанийн үйл ажиллагаанд эерэг үзүүлэлтүүд гарсаар байна.

2018 оны эхний хагасын байдлаар тус компани улсын төсөвт 216.5 тэрбум төгрөг төвлөрүүлж 373.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ онд улсын төсөвт 285 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн тус компани зорилтынхоо 78 хувийг оны эхний хагас жилд багтаан биелүүлсэн гэсэн үг. Цаашид компани цэвэр ашгаараа хүлээгдэж буй зарим төслөө өөрсдөө санхүүжүүлэх боломж бүрдэж байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцолж байв.

Тус компанийн ирэх 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 600  тэрбум төгрөг. Үүгээрээ Монголын эдийн засгийн саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийг давах төсөөлөлтэй байгаа юм. Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” хоёр дахь Эрдэнэт болж хөл дээрээ босох юм бол улс орны эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. “Эрдэнэс Тавантолгой”-н энэ эерэг өөрчлөлтүүд тус компанийн удирдлагын багтай шууд холбоотой. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өмнө нь олон нийтийн байгууллагад ажиллаж байсан нь ч үүнд нөлөөлж байгаа байх. Нөгөө талаар тэрээр “Эрдэнэс Тавантолгой”-г цаасан дээр байхаас нь гар бие оролцсон хүний хувьд өнгөрсөн хугацаанд ямар замыг туулсан, цаашид юу хийх шаардлагатайг сайн мэдэж буй бизээ.

Олон улсын хөрөнгийн бирж дээр нийт хувьцааныхаа 30 хувьд IPO хийж, хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ зорилго руугаа алхам алхмаар ойртож байна. Металлургийн нүүрсний эрэлт, нийлүүлэлт 2019-2020 онд тэнцэхээр төлөв гарсан ба коксжих нүүрсний үнэ богино болон дунд хугацаанд сулрах эрсдэл бага байгааг дэлхийн зах зээлийн шинжээчид онцолж буй. Яг энэ үед “Эрдэнэс Тавантолгой”-н IPO тус компанийн засаглалд хүртэл шинэ уур амьсгал бүрдүүлж байгаа ажээ. "Эрдэнэс Тавантолгой"-н эерэг мэдээнүүд цаашид үргэлжлэх бизээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)