Ц.Эрдэнэбаяр: Цаашдаа шатахууны жижиглэнгийн үнийг буулгана

Шатахуун импортлогч зарим компани үнээ нэмээд байгаа.Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ.

АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Дэлхийн газрын тосны үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт орж, нэлээд өсөлт ажиглагдсан тул Монгол Улс дахь хилийн болон жижиглэнгийн борлуулалтын үнийн ханшийн зөрүү гарч ирж байна.Есдүгээр сарын сүүлээр томоохон биржүүд дээр нэг тонн газрын тосны түүхий эд 620-632 ам.долларын хооронд, нэг баррель тосны үнэ 80-83 ам.доллар нэмэгдэж орж ирсэн.  

Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай. Үүний 94 хувийг дан ганц ОХУ-аас авдаг. Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ өсөхөд гурван хүчин зүйлээс нөлөөлж байна. Нэгдүгээрт дэлхийн зах зээл дээрх баррель түүхий тосны үнэ, хоёрдугаарт ОХУ-аас Монгол Улсад сар бүр нийлүүлж байгаа тонн тутмын үнэ, гуравдугаарт ам.долларын ханшийн зөрүүний өсөлтүүд нөлөөлж байна.

ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн.

Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд  экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг тул ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна.

АИ-80 автобензин 98

АИ-92 автобензин 34

Дизелийн түлш 33

ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна" гэв.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.

-Шатахуун импортлогчдоос үнэ нэмэх саналаа хоёр сарын өмнө өгсөн гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Үнийн зөвлөл огт хуралдаагүй гэдэг мэдээлэл байна?

-2018 оны зургадугаар сарын 7-нд үнийн зөвлөл хуралдсан. Аж ахуйн нэгжүүдэд 20-оод хоногийн өмнөөс манайх албан бичиг хүргүүлж эхэлсэн.  Шатахууны хангамж, нөөц, чанарын асуудлыг голлон манай яам хариуцаж байгаа. Үнийн зөвлөл дээр тодорхой хэмжээний үнийг тогтоодог, шийдвэрлэдэг, дүн тавьдаг зүйл байхгүй. Зөвлөмж гардаг, зөвлөмжийн дагуу санал боловсруулж холбогдох харьяа газрууд руу болон Засгийн газар руу саналаа оруулдаг.

-Ямар агуулгатай санал хүргүүлсэн бэ?

-Онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулья гэсэн саналаа хүргүүлсэн байгаа.

-Цаашид авч хэрхэх вэ. Зах зээлийн зарчимаар үнэ нэмэгдээд л яваад байх уу?

- Монгол Улс 100 хувь гаднаас импортоор бүтээгдэхүүнээ авч хэрэглэж байгаа. Гурван хүчин зүйлээс бүтээгдэхүүний үнэ шалтгаалж байгааг хэлсэн. Гэхдээ газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг төлөвлөж байгаа зүйлүүд бий. 2018 оны долдугаар сард энэ асуудлууд хөндөгдөж байхад импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдэд манай зүгээс албан тоот хүргүүлж байсан. Уг мэдэгдэл дээр гадаад зах зээлийн үнэ болон ам.долларын ханшийн зөрүүнээс шалгаалтж үнээ  өсгөж байгаа бол мөн гадаад зах зээлийн үнэ буухад үнийг буулгаж байхыг албан ёсоор мэдэгдсэн. Аж ахуйн нэгжүүд  ч гадаад үнэ буухад жижиглэнгийн үнээ буулгана гэдэг албан ёсны мэдэгдлийг өгсөн байгаа.

-37 хоногийн нөөцтэй гэлээ. Татвар нэмэгдэхээс өмнө орж ирсэн энэ нөөц шатахуунаа хямд үнээр борлуулж болдоггүй юм уу. Үүнд ямар хяналт тавих вэ?

-Бидэнд хангамж, нөөц, чанарын асуудал байдаг. Тухайн сарын хилийн үнэ гэхээр сарын дараа бүтээгдэхүүн орж ирдэг. Үүнтэй уялдаад сарын дараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрдэг. Төрийн зүгээс аж ахуйн нэгж, импортлогч компаниудын толгойг илдэг зүйл байхгүй. Бид холбогдох хууль, дүрэм журмын дагуу буюу Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Газрын тосны тухай хууль, холбогдох хуулийн дагуу ажилладаг. Бид үнийн өсөлтийг тогтвортой байлгах , гадаад зах зээл болон ам.долларын ханшнаас шалтгаалж байгаа хүчин зүйлсийг аль болох бууруулах хэмжээний зохицуулалтыг хийж байна. Гадаад зах зээлийн үнийн өсөлтөөс шалтгаалаад аж ахуйн нэгжүүд татан авалтаа багасгахад хомсдол үүснэ.

-Боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хэдэн хувьтай явна?

-1.5-2 сая тоннын хүчин чадалтай боловсруулах үйлдвэр Дорноговь аймгийн Алтанширээт суманд баригдаж байна.Тухайн чиглэл дээр 27 км төмөр зам, 17 км хатуу хучилттай автозам, 110 кВт-ын эрчим хүчний ажлууд хийгдэхээс одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай явж байна. 2019 оны 5-6 сард гүйцэтгэгч компаниуд болон тухайн дэд бүтцийн ажлыг хийж байгаа компаниудын  ажил 100 хувь дуусахаар төлөвлөж байгаа. Үйлдвэрийн барилгыг Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэгдэнэ. Нарийвчилсан ТЭЦҮ энэ оны арваннэгдүгээр сард багтан батлагдана. Үүний дагуу 2019 оны гуравдугаар улирлаас үйлдвэрийн барилгын ажил эхэлж, 2023 он гэхэд үйлдвэрийн барилга байгууламжаа ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Сангийн яаманд хүргүүлсэн танай албан бичигт ямар хариу ирүүлсэн бэ?

-Сангийн яамнаас одоогийн байдлаар манайд чиглэл өгөөгүй байгаа.

-Гадаад зах зээл дээр хэзээ шатахууны үнэ буух бол?

-Сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд хэмжээнд түүхий тосны үнэ очсон байгаа. Өнгөрсөн оны өөрчлөлтийн үед “Роснефть" компанийн гаргасан судалгаагаар түүхий тосыг 56-58 орчим ам.доллараар хэлбэлзэх болов уу гэсэн таамагтай байсан. Гэтэл 70-80 ам.доллараар хэлбэлзсэн зөрүү гарсан. Оны төгсгөл болон он гараад буурах болов уу гэсэн таамаг байгаа.

-Цаашдаа хилийн үнэ буурах уу?

-Хилийн үнэ тодорхой хэмжээнд савлагаатай бус улирлын чанартай өөрчлөлт орж ирдэг. Зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжихтэй холбоотойгоор 30 ам.долларын зөрүү орж ирдэг. Мөн хавар зөрүү буудаг. Гадаад зах зээлийн үнэ өссөнтэй холбоотойгоор бүтээгдэхүүн импортолж байгаа компаниуд жижиглэнгийн үнээ нэмж байгаа бол цаашдаа  хилийн үнэ буухад манай газрын зүгээс бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг буулгаж ажиллана.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Чи чадах уу

    0 0 Хариу бичих
  2. Яг буулгаж харагдаач ирээдүйд гадаад ханш өсөх магадлалтай байна гээд мэдээ яваад байхад буух маггадлалтй ухааны юм худлаа яриад байх юм ажилдаа сэтгэлээсээ ханндаж ажлаачээ

    0 0 Хариу бичих