Дэлхийн худалдаа ба дижитал хувьсгал

Дэлхийн худалдааны байгууллага жил бүр “Дэлхийн худалдааны тайлан” нийтэлдэг. Энэ оны ээлжит тайлангаа тус байгууллага өнгөрсөн долоо хоногт болсон 2018 оны олон нийтийн форумын үеэр нийтэлсэн байна. Дэлхийн худалдааны байгууллагын энэ жилийн тайлан дижитал технологи нь дэлхийн худалдааг хэрхэн өөрчилж байгаа, мөн түүнээс бий болсон боломж, сорилт гэсэн үндсэн сэдвийн хүрээнд бэлтгэгджээ.

Тайланд, хиймэл оюун ухаан, интернэт, 3D хэвлэл, блокчейн болон бусад технологийн ахиц дэвшил худалдааны арга хэлбэр, бүтцийг өөрчилж, өөрийн өртгийг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлсний зэрэгцээ үүнээс үүдсэн сөрөг үр дагавар ч гарч байгааг онцлон дурдсан байна. Олон улсын хамтын нийгэмлэг технологийн энэ хурдтай шинэчлэлт, хөгжлийн сөрөг үр дагавруудын эсрэг оновчтой хариу арга хэмжээ авах, төлөвлөлт хийх шаардлагатай байна гэж тус тайланд тэмдэглэжээ.

Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Роберто Азеведо тус тайланг нийтлэх хуралд хэлсэн үгэндээ “Худалдаа, технологи хоёр нягт уялдаа холбоотой. Технологи нь худалдааны арга хэлбэрийг бүтээсэн юм. Одоо бид бүхэн урьд байгаагүй технологийн хувьсгалын эрин үед амьдарч байна. Зарим хүн үүнийг аж үйлдвэрлэлийн IV хувьсгал хэмээн нэрлэж, зарим нь шинэ аж үйлдвэрлэлийн хувьсгал, бүр шинэ дижитал хувьсгал гэж нэрлэж байна. Гэвч нийтлэг сэдэв нь маш тодорхой юм. Энэ бол ямар ч байсан хувьсгал мөн. Эдгээр технологи бидний нүдний өмнө эдийн засгийг шинээр бүтээж байна. Энэ бүгд бүтцийн чанартай өөрчлөлт юм” гэжээ. Азеведо тайланд дурдсан блокчлох технологиор жишээ татаж, технологи хэрхэн худалдааны практиктай харилцан нөлөөлж байгаа, мөн магадгүй бий болгох нөлөөний талаар ярьсан байна.

Блокчлох технологи нь жижиг компани арилжааны явцад дэлхийн олон газрын хамтран ажиллагч түнштэйгээ итгэлцэл бий болгох, ханган нийлүүлэлтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, худалдааны үйл ажиллагааг дижитал болгохыг түргэтгэх, мөн гэрээний худалдааг автомат болгоход туслах, ийм хэлбэрээр компаниуд өөрийн өртгөө илэрхий багасган үр ашгаа нэмэгдүүлж болно гэж Дэлхийн  худалдааны байгууллагын тэргүүн онцолжээ.

Судалгаагаар, 2030 он гэхэд блокчлох технологийн үр ашиг дэлхийн хэмжээнд 3 их наяд ам.долларын үнэ цэнийг бүтээх төсөөлөлтэй байгаа аж. “Худалдааны өөрийн өртгийг бууруулах замаар эдгээр технологи 2030 он хүртэл дэлхийн худалдааг жилд 2 нэгжээр өгсөнө гэж тайланд төсөөлжээ. Энэ нь 15 жилийн дотор 31-34 хувиар өснө гэсэн үг. Технологийн ахиц дэвшлээр худалдааны өөрийн өртөг багасах нь жижиг компани нэгж, хөгжиж буй орнуудын компаниудад илүү ашигтай. Гэвч урьдын адил энэ нь зүй зохистой нэмэлт бодлогоос шалтгаална. Хэрэв энэ янзаар хөгжвөл 2030 онд хөгжиж буй орнуудын дэлхийн худалдаанд эзлэх хэмжээ өнөөгийн 46 хувиас 57 хувь хүртэл нэмэгдэх магадлалтай гэдгийг Дэлхийн  худалдааны байгууллага тайландаа дурдсан байна.

Мөн худалдааны бүтцэд бий болж мэдэх өөрчлөлтийн талаар онцолжээ. Тухайлбал, дижитал технологи үйлчилгээний худалдааг ахиулж, шинэлэг үйлчилгээ бий болгоно. 2030 он гэхэд үйлчилгээний худалдааны эзлэх хэмжээ 21 хувиас 25 хувь хүртэл нэмэгдэх төсөөлөлтэй байна. Энэ нь бодлогын чухал асуудлыг бий болгоно гэж тэмдэглэжээ. Тайланд технологи ахиж дэвшихийн хэрээр хөдөлмөр эрхлэлтийн шинэ боломж бүрдэх болно гэж цохон тэмдэглэжээ. Эдгээр хурдтай бүтцийн өөрчлөлтөд хүмүүс дасан зохицож, хариу арга хэмжээ авах шаардлагатай. Дэлхий нийт шинэ эдийн засгийн эринд орж байгаа тул шинэ сэтгэхүй хэрэгтэй гэдгийг Дэлхийн худалдааны байгууллага энэ оны тайландаа дурдсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)