Нефть импортлогчдын лицензийг хураах ёстой

-Үгсэн хуйвалдаагүй бол үнэ үндэслэлгүйгээр огцом нэмж болдог хэрэг үү-

Шатахууны үнэ өчигдрөөс нэмэгдэж, литр нь 2000 төгрөгт хүрчээ. Монголд шатахууны үнэ ингэтлээ нэмэгдэж байсан түүх байхгүй. Гэтэл стратегийн чухал бүтээгдэхүүний ханш түүхэн дээд хэмжээнд хүрчихээд байхад шатахуун импортлогч компаниуд ч, ШӨХТГ ч, төрийн байгууллага ч албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. МАН-ын бүлэг мэдээлэл хийж байх үеэр сэтгүүлчид асууж байж л МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа энэ талаар цөөн үг унагасан байсан. Гадны компанид мөнгө өгч, үнийг нь тодорхой хэмжээнд тогтвортой байлгана гэх ухааны юм ярьсан байна лээ. Энэ ч тийм олигтой арга биш. Өмнө нь импотлогчдод татаас өгөх асуудал яригддаг, энэ нь үнэ тогтворжуулах ийм арга байдаг гэдгийг иргэдэд сануулдаг байлаа. Гэтэл одоо дотооддоо шийдэх арга нь мухарджээ гэж бодохоор бас л сонин.  

Үнэнийг хэлэхэд, үнэ тогтворжуулах, буулгахаас илүү цаашдаа ямар тогтолцоогоор явах юм бэ гэдэг асуудлыг ярих цаг болсон гэж бодож байна.

Импортлогчдын хувьд, үйлдвэрлэгчдийн "махаа идэж" байж олж ирсэн хэдэн "ногоон"-ыг хамж аваад гадагш нь аваачиж өгдөг, агуулгын хувьд тийм сайхан, хүндэлмээр бизнес хийж байгаа хүмүүс биш. Захын наймаачид, нефть импортлогчдын ажлын хооронд зарчмын ялгаа бараг байхгүй. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ эргээд буудаг бол манайд буудаггүй. Үнэ буулгах шаардлага тавихад "Ам.долларын ханш нэмэгдсэн", "Төр татвар тэглэсэн байснаа буцаагаад авч эхэлсэн", "Алдагдалтай баахан зарчихсан учраас одоо алдагдлаа нөхөж байна" гэх мэтчилэн үнэн худал нь мэдэгдэхгүй тайлбар тавьдаг. Мэдээлэл нь ил тод бус. Тиймээс ийм компаниудад стратегийн бүтээгдэхүүний "судас"-ыг атгуулаад баймааргүй байна. 

Шатахууны үнэ ханш газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ, дотоод дахь ам.долларын ханшаас шууд шалтгаалдаг.

Импортлогчид валютын нөөцийг гадагш нь урсгадаг салбар гэж дээр хэлсэн. Энэ утгаараа ам.долларын ханшийн хэлбэл үнэд нөлөөлөх хүчин зүйл мөн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ам.долларын ханш огцом нэмэгдэж, 2500 төгрөгөөс давсан. Гэсэн ч энэ маргааш нь шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл болохгүй. Монгол Улс 30 хоногийн шатахууны нөөц байнга байлгадаг, эхэлж авснаа эхэлж зарлагадах зарчмаар явдаг учиртай. Тиймээс шууд үнэ нэмсэн нь увайгүй үйлдэл гэж харагдаж байна.                     

Яг одоо Засаг тарах эсэх, улсын төсөв яах вэ гэдгээс илүү шатахууны үнэ эргээд буух уу, үгүй юу гэдэг асуудал ард түмний анхаарлыг татаж байна, үнэнийг хэлэхэд. Үнэн, худал шижмээр холбогдон өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлдөг болохоор тэр. Шатахууны үнийн нэмэгдлээс болж масс “дарьтай торх” болж хувирдгийг бид өмнө нь харсан. Энэ явдлыг цааш даамжруулбал тун их аюул дагуулж мэдэх шүү. Үнэхээр мэдрэгдээд, анзаарагдаад байгаа болохоор тэгж хэлж байна.

Шатахууны үнэ нэмэх асуудлыг Шатахууны үнийн зөвлөл хуралдаж байж нэмдэг ёстой. Гэтэл зөвлөл хуралдсангүй. “Монополь биш учраас” гэсэн шалтгаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар амаа хамхиж байна. Яг үнэндээ бол олон компанитай байлаа гээд өрсөлдөөн үүсч, “эрүүл” үнэ тогтдог гэсэн итгэл иргэдэд алга.  

Гомдол гаргаад ШӨХТГ, шүүхээр асуудал орлоо ч нефть импортлогчдын үгсэн хуйвалдсаныг тогтоосон шийдвэр гарах магадлал бага. Хуучин бүх компаниуд ганцхан “Роснефть”-ээс авдаг байхад хүртэл “Үгсэн хуйвалдсан” гэсэн шийдвэр ганцхан удаа гарч байсан. Одоо олон эх үүсвэрээс авдаг болсон байхад ийм шийдвэр гарахыг хүлээх нь “Бухын доодохыг харж үнэг турж үхэхийн” үлгэр болох байлгүй. Үгсэн хуйвалдаж үнээ үндэслэлгүйгээр огцом нэмэгдүүлсэн л бол хариуцлага тооцдог, үгсэн хуйвалдаагүй бол үнээ үндэслэлгүйгээр огцом нэмж болдог юм шиг салаа утгатай энэ “хуулийн цоорхой”-гоос болж хэдхэн хүн хагартлаа баяжиж, ард түмэн элгээ эвхэж суугаа биш үү. Улс төртэй ямар ч хамаагүй нефть импортлогчид хүртэл “улаан”, “цэнхэр”-ээрээ дуудуулж байгаа нь юуны учир вэ. Яг одоо тэдний толгойг нь илээд өнгөрөөвөл ард түмэн нефтийн компаниуд өнгө, өнгөөр солонгордог гэсэн дээрх яриаг “Үнэн юм байна” гэж итгэх гээд байна.

2012 оны эхээр шатахууны ханш огцом нэмэгдэж, нийгэмд бухимдал үүсгэж байсан. Тэр үед УИХ-ын гишүүн байсан Я.Батсуурь шатахууны импортыг төрийн мэдэлд авах санал гаргаж байв. Тэр санаа нь их энгийн. Шатахуун импортыг төр хийнэ. Хувийн хэвшлийн компаниуд нь жижиглэн худалдааг л хариуцах юм. Я.Батсуурь гишүүнээс тухайн үед ярилцлага авахад “Ер нь төр оролцох зайлшгүй шаардлага гарч ирж байна. Олон компани импорт хийдэг, үйл ажиллагаагаа ил тод явуулдаг байсан бол төр заавал оролцох шаардлагагүй. Гэвч нэгэнт цөөхөн компанид монополь эрх олгосон учраас энэ салбарт чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг явуулж болохгүй. Энэ хэдэн компани цаашдаа хуйвалдаж үнээ нэмээд байх юм бол импортыг төр мэдэлдээ авч, хувийн хэвшлийнхнээр жижиглэн худалдааг нэг үнээр хийлгэдэг болох шаардлагатай. Ингэснээр тэдний өмч хөрөнгөнд огтхон ч халдахгүй. Юу ч хурааж авахгүй. Зөвхөн импортоор оруулж ирээд эдгээр компаниудад нэг үнээр зарах юм” хэмээн өгүүлж байсан. Энэ бол нэг гарц мөн. Олон компани өрсөлдөөд шуналын өмнө сөхөрч байна. Төр харин яахыг одоо харъя. Шатахууны импортыг мэдэлдээ аваад, шударга үнэ тогтоох нь ард түмний итгэлийг олох маш аятайхан арга. “Нефть импортлогчдын халаасанд багтдаг” гэдэг хардлагаас ч нэгмөсөн салж авна. Ингэхийн тулд юуны түрүүнд нефть импортлогчдын лицензийг хураах ёстой, Ерөнхий сайд аа. Чөлөөт зах зээлийн зарчмаар үнэ чөлөөтэй байх ёстой нь үнэн ч импортлогчийн шунал нь хэтрээд байгааг үүнээс өөрөөр зохицуулах арга үгүй. Бүгдийг нь биш юм аа гэхэд төр энэ салбарт ядаж 30 хувийн оролцоотой, үнээ зохист хэмжээнд байлгаж хувийн хэвшлийнхнийг бизнесийн зарчмаар нь "барьдаг" болмоор байна. Гадны улс оронд стратегийн салбарт заавал төрийн мэдлийн нэг аж ахуйн нэгж байлгадаг. Эрсдэл гарсан тохиолдолд тухайн компаниараа дамжуулж бодлогоо явуулдаг жишиг байдаг юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Tub abah ni zub dur meden hezee chi hamaagui benzinii uniig nemdegee bur bolimoor bnaa

    0 0 Хариу бичих
  2. Tur avsan ni zuv.Orosuudtai hel amaa olocood baij bolno.Mal mahaaraa uniin dungiin todorhoi huviig hiisen ch bolno.Tur uuruu importolood todorhoi henjeenii jijiglengiin kolonkuudtai baisan ch bolno.Neptiin salbaraas chenjuudiig shahaj gargah tsag ni bolson.

    0 0 Хариу бичих
  3. Eagle odoo iim ul suurigui undeslelgui medee medeelj bgaagaaraa hogooroo bdag medeee tv website aas yalgaagui gedgee haruulchih yumaaa. Avtobenzinii huvid mgl uls 100 huvi ohu aas haraat gedgee meddeg yum bolovuu ern? Hudaldagch unee nemj bhad bugd neg companiaas avdag mgliin companiud zereg nemeh n argagui shuu dee. Tegeed bugded n dollaraar zarj baigaaa. Rublieer zardag bol medeej iim hemjeend hurehgui l bsan blgui. Zugeeer l neg jisheen deer boddoo. Talh chiher uuriin zardag talhnii unee nemhed tuunees avch bgaa buh delgvvrvvd dagaad uneee nemhees uur argagui bolno bizdee??? Hoorondoo ursulduj bga companiud negneesee iluu hyamd zarhaaa l bodnuu gehees tenegteed ugsej tohirood unee hamt nemdeggui l bhkuu yu.

    0 0 Хариу бичих
  4. Хохь чинь ээ. Олуулаа авахаа л больчихооч үнээ буулгатал нь авахаа больчих хэрэгтэй шүү дээ. тэгээд ч одоо автобус нь хамаагүй хурдан юм билээ. Автобуснаасаа алхсан нь хамаагүй хурдан юм билээ.

    2 0 Хариу бичих
  5. Хамгийн зөв гарц бол Оросын ШТС уудыг олноор нь Монголд бариулах. Хямд шатахуун ард түмэн аваг л дээ.

    2 0 Хариу бичих
  6. huuramch benzin hiij zaraad baihad tur yagaad dugarahgui bna we

    1 0 Хариу бичих
  7. барах уу, амжих уу?

    0 0 Хариу бичих
  8. Гэхдээ төр оролцох ёсгүй. Төв Азийн стан-уудад Оросын нефтийн компаниуд өөрсдөө ороод ирсэн. Дотоодын дамчдын дамжлаггүй бензинээ хямдаар зардаг гэсэн. Оросууд ч манайд ийм саналаа байнга тавьсаар ирсэн ч, нефть импортлогчид гэх ард түмэнд өндөр үнээр бензин дамлагч, улс төрч хувалзнууд зөвшөөрөхгүй байгаа юм. Хэрэв Оросын нефтийнхэн, Хятадын нефтийнхэн өөрсдөө ороод ирлээ гэхэд улс татвараа аваад л дундын дамчид тонилбол зүгээр байна. энэнээс айх хэрэггүй. нефтьгүй улсууд ийм байдлаар хөгжиж болоод байна. Бензиний дамчид сөнөтүгэй, тонилтугай.

    2 0 Хариу бичих
  9. tur buh yum ochloo geed luivarchid n heden medeelliin heregselee barichihna biz dee

    0 0 Хариу бичих
  10. Өөр гарцгүй хамгийн зөв арга. Нефтгүй орнууд бүгд нэг импортлогчтой олон худалдаалагчтай байдаг

    1 0 Хариу бичих