Хувьцаа амилах цагаар

Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшигчдийг саналын эрхтэй болгох шүүх хурлын үеэр компанийн өмгөөлөгч шүүгчээс татгалзжээ. Үндэслэл нь онигоо шиг бөгөөд тодорхой. Шалтгаан нь шүүгч 1072 хувьцаа эзэмшигч учраас  ашиг сонирхлын зөрчилтэй гэжээ. Харин үүнийг шүүх хүлээж аваагүйгээс гадна бид 2,5 саяулаа ашиг сонирхлын зөрчилтэй.  
Тиймээс л Тавантолгойн хувьцаа амилж  ногдол ашиг тараах нь уу үгүй юу гэдгийг насанд хүрсэн иргэн бүр хүлээж байна.

Б.Ганхуяг: Иргэн бүрт ногдол ашиг тараана
Тавантолгойн ордын нөөцийг хуучин блокын аргачлалаар 5.1 тэрбум байсан гэж тооцдог байв. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ордын нөөцийн хэмжээг нэгдсэн тайлангаар зургаан тэрбум тонн, нэмэлт хайгуулын дүнд 340 сая тонноор нэмэгдүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр шинэчлэн батлуулсан байна. Ингэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Жорк стандартаар 7.3 тэрбум байсан Тавантолгойн ордын нөөцийн хэмжээ нь 7.6-8 тэрбумын нөөцтэй дүйхээр болжээ. “Нөөц нэмэгдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэ зах зээлд өсч, дэлхий нийтийн анхааралд хүргэлээ” гэж тус компаниас мэдэгдсэн. Улмаар Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг “Эрдэнэс Тавантолгой” компани эхлүүлээд байгаа.
 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “…2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр 1072 хувьцааг амь оруулна. Иргэн бүрт ногдол ашиг тараана. IPO гаргасан ч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлсэн ч тараана” гэж мэдэгдсэн. 
Бүр тодруулбал, 2017 онд тус компани 461.1 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Үүний 14.5 хувийг иргэдэд хуваарилахад 30 орчим мянган төгрөг ногдохоор тооцоо байгаа юм. Дараа жил энэ тоо өсөхөөс гадна  IPO гаргаж байгаа тул ногдол ашиг өснө хэмээн тэрээр ярьсан. 
“Бусад төслүүд хөдлөөд, үр өгөөж нь ороод ирвэл бүр ч өсөх боломжтой. Энэ чинь нэг удаа өгөөд л болих ногдол ашиг биш шүү дээ. Төмөр замаас орж ирэх үр ашгийн тодорхой хувь нь "Эрдэнэс-Тавантолгой”-доо оногдоно. Цахилгаан станцийнх, авто замынх ч ялгаагүй. Энэ олон төслөөс орж ирэх цэвэр ашиг нь иргэдэд очих ногдол ашгийг жил бүр нэмэгдүүлэх юм. Тиймээс Монгол Улсын иргэдийн эдийн засгийн баталгааг хангах чухал хувьцаа гэж ойлгож болно” гэж захирал нь ярьсныг дамжуулчихья.

Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэн хамгаалж байна вэ
Дэлхийн санхүүгийн томоохон тоглогч Уорен Баффет бүтэн стадион түрээсэлж байгаад олон сая хувьцаа эзэмшигчдээ цуглуулж хурлаа хийсэн байдаг аж. Харин бидний 2,5 сая хувьцаа эзэмшигчдийн саналаа өгөх эрхийг хэрхэн хангаж байна вэ. 

Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг үнэт цаас гаргагчид хэрхэн хамгаалж байгаа вэ гэдгийг судлахын тулд Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглалын Үндэсний зөвлөлийнхөн хөндлөнгийн ажиглалт хийжээ. Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн судлаач Ч.Андсайханы хэлснээр” Хувьцаа эзэмшигчдийг саналын эрхээр хангах ёстой гэв. Уоррен Баффет шиг нэг стадионд цуглуул гэж тэрээр хэлээгүй ч үүнийг шийдэхийн тулд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэрхэн зохион байгуулах вэ, саналаа өгөх эрхийг нь яаж хангах вэ гэдэг бодлогыг баримт бичиг боловсруулах ёстой аж. 
Ч.Андсайхан судлаач ярихдаа, “Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хэлэлцэх ёстой асуудлаа хэлэлцэхгүй, эсвэл хэлэлцэхгүй байх асуудлыг хэлэлцэх зэрэг байдал ажигласан. ТУЗ-ийг сонгох биш бараг томилгоо шиг зүйл яваад байна. Есөн хүн сонгоно гэчихээд есөн хүнийг нэрийг оруулж ирж байгаа нь томилж байгаагаас ялгаагүй. Тэрнээс гадна ТУЗ-ийг томилохдоо хувьцаа эзэмшигчдийн хурлаасаа өмнө тараах материал дээрээ тухайн хүмүүсийн танилцуулгыг дэлгэрэнгүй бичсэн байх ёстой. 
Хувьцаа эзэмшигчдийн хуралд 1072 хувьцаа эзэмшигч иргэд маань саналын эрхгүй, зөвхөн сонсох эртэй оролцсон. 2012 онд гарсан Засгийн газрын тогтоолоор саналын эрхийг нь хязгаарласан байгаа. Хувьцаа эзэмшигчийн гурван үндсэн эрх бий. Эхнийх нь хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж саналаа өгөх эрх, хоёр дахь нь, ногдол ашиг авах эрх, гурав дахь нь компани татан буугдсан тохиолдолд ногдол хувь хүртэх эрх. Энэ гурван үндсэн эрхийн нэгийг нь Засгийн газар буюу Эрдэнэс Тавантолгойн нэг хувьцаа эзэмшигч нь бусдынхаа эрхийг түдгэлзүүлчихсэн гэсэн үг. Тэр үед хувьцаагаа арилжихыг нь зогсоохдоо л саналын эрхийг нь хязгаарлачихсан болов уу” гэжээ. 

Одоогоор иргэдийн дунд ногдол ашиг авах тухай л хүлээлт байгаа болохоос ийнхүү хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрхэн хамгаалуулж байгаа болон нэгж хувьцаа хэдэн төгрөгөөр амилж байгаа тухай мэдээлэл алга байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ноогдол ашиг гэж 300,000 төгрөг өгөөд хувьцаанаасаа хассаар байгаад хувьцаагүй болгочихгүй байгаа. 1072-оос урьд өгсөн 300 000 лав хасагдсан байна лэ.

    0 0 Хариу бичих