...Ерөнхийдөө манай нийгэм тэтгэвэртээ гарсан бол л хүний тооноос “хасч” байна. Тэтгэврийн “шок”-ноос гарч амжаагүй байхад гэр бүлийн хүн нь бурхан болчихдог. Ганцаараа үлдсэн нэг нь сэтгэл санааны хямралтай, орой ажил, сургуулиасаа ирэх хүүхдүүдтэйгээ яриа өрнүүлэх гэж оролдовч ихэнх нь утсаа “маажиж”, зурагт ширтэнэ. Тэдэнд чөлөөт цагаа өнгөрөөх газар үндсэндээ байдаггүй. Байгаа ганц нэг нь байрны хонгилд тамхины утаа суунагласан газар хаа нэг шатар нүүнэ. Хааяа бүжигт очно. Гэхдээ тэр бүжиг нь ганц хоёрхон газар л байх.

Ингээд өвөө, эмээ нар юу хийх вэ. Улстөржинө, шүүмжилнэ. Ач, зээгээ харж, сургууль, цэцэрлэгт нь зөөнө. Арай дөнгүүр нь ТҮЦ ажиллуулна, хаа нэгтээ таксинд явна. Уг нь 60 настай тэтгэвэрт гарч байгаа ахмадад асар их тушлага, мэдлэг хуримтлагдсан байгаа. Үзсэн, харсан зүйл зөндөө бий ч түүнийг нь ашиглая гэдэггүй, та “Хийдгээ хийсэн” гэж ам таглана. За ингээд залуу үедээ боломж олго гэж байгаа бол гавьяаныхаа амралтад суухаас нь өмнө ахмадуудыг сэтгэлзүйн сургалтад хамруулдаг болмоор байна.

Тэтгэврийн өмнөх насныханд “Та нар ийм нөхцөл байдалтай тулгарна шүү” гэдэг сэтгэлзүйн нөхцөлийг ойлгуулахгүйгээр орхигдуулснаас сэтгэл санааны асар их хямралд өртөж байна шүү дээ. Нэг л өдөр ажилдаа явахгүй болонгуут ганцаардаж эхэлдэг. Ийм үед ахмад настны хөгжлийн төвүүд олноор бий болсон байх ёстой. Настнуудын онцлогт тохирсон уялдаа холбоотой бодлогогүй таг дүлий төртэй баймааргүй байна. Гэхдээ ийм байдал ноёрхсоор 20 гаруй жил болжээ. Хэн ч засъя гэхгүйгээр явж ирсний үр шим ард түмний амьдралд бууж байна.

Тэдэнд чөлөөт цагаа өнгөрөөх газар үндсэндээ байдаггүй. Байгаа ганц нэг нь байрны хонгилд тамхины утаа суунагласан газар хаа нэг шатар нүүнэ. Хааяа бүжигт очно. Гэхдээ тэр бүжиг нь ганц хоёрхон газар л байх.

Монголын төр хүн амаа өсгөе, ахмадуудаа дээдэлье, үгийг нь сонсъё гэх уриа лоозон хэлж, чихэн дээр “цэцэг ургуулсан” сайхан үг урсгасаар 2018 онтой золголоо. Төр нь төр шиг байж чадахгүй, аль ч газар эмх цэгцгүй, зах замбараагүй байдал нүүрэлсэн хүн амзүйн нэгдсэн бодлогогүй, төлөвшиж амжаагүй, дархлаа суугаагүй 20 гаруй жилийг үджээ. Залуусыг хүүхэд гарга, орон сууцанд амьдар, дунд үеийнхнийг тэтгэвэрт гартлаа сайн ажилла, ахмадуудыг амар, сувилуул гэж тунхагладаг ч үнэн хэрэгтээ энэ бүхнийг хэрэгжүүлэх орчин нөхцөл алга. Ядаж л төрөх эмнэлэг, хүүхдийн, насанд хүрэгчдийн анхан дунд, нарийн мэргэжлийн шатлалын эмнэлэг, ахмадын сувилал, эмнэлэг хүрэлцээтэй байна уу. Үндсэндээ хүн ам зүйн цогц бодлогогүй учраас энэ нийгмийн гажиг улам бүр ужгирч байна.

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл улс эх орондоо хийдгээ хийж, нийгэмдээ, төрдөө хувь нэмрээ оруулсан ахмадуудын асуудлыг хөндөж цуврал нийтлэл, сурвалжлага бэлтгэж байгаа юм.

2040 он гэхэд манай улсын хүн амын 16 хувь нь ахмадууд байх судалгаа байна. Товчхондоо, 2010 онд 10:1 байсан настнуудын харьцаа 2040 он гэхэд 4:1 болох төлөвтэй байна. Одоо 200 орчим мянган ахмад бий.

Асуудлын цаана...

Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүсийн 10 орчим хувь нь ахмадууд эзэлж буй гэх судалгаа байна. Үр хүүхэд, хайртай дотнын хүмүүс ойр тойрныхон нь үгийг нь сонсохгүй орхидог. Бүгд д ажилтай төрөлтэйгөөрөө далайлган өндөр настай ижий, аав руугаа тэр бүр ярьдаггүй. Үнэн хэрэгтээ хүүхдүүдээ ярихыг битүүхэн хүлээж, утас чагнаж суугаа олон олон ахмадууд бий. Өнөөдөр ярьсангүй дээ, маргааш ярих байлгүй, амралтын өдрөөр хүрээд ирэх байх хэмээн горьдлого тээн өдөр өдрийн нарыг элээх дүр төрх өнөөгийн нийгмийн нийтлэг үзэгдэл болсоор уджээ.

Үүнийг дахиад л дээр дурдсан хүн амзүйн бодлоготой холбож тайлбарлая. Өндөр хөгжилтэй улсууд ахмад настныг тэтгэвэрт гарахаас өмнө сургалтад хамруулдаг, сэтгэл зүйн зөвлөгөөг заавал өгдөг тогтсон жишигтэй. Манайд ийм бодлого бүү хэл хүүхэд, хөгшин хүний үгийг нохой хуцсан чинээ тоолгүй өнөөг хүрэв. Үр дүнд нь хань ижлээ алдсан, насаараа хөдөлмөрлөчихөөд гэнэт гэртээ суух, за тэгээд өвчин хуучнаасаа болоод сэтгэлзүйн дарамттай байгаа хөгшчүүл өдөр ирэх тусам нэмэгдэх. Гавьяаны амралтад байгаа ч ахмадуудын 95 хувь хөдөлмөр эрхлэхийг хүсдэг гэх судалгаа байна.

2012 оны байдлаар ахмад настанд зориулсан ахмадын хөгжлийн 112 танхим, ахмадын сувилал, ахмад настны нөхөн сэргээх 76 төв, 4 ордон үйл ажиллагаа явуулдаг данстай ч үйл ажиллагаа нь тогтмол биш, хамрах хүрээ бага, үйлчилгээний стандартын шаардлага хангадаг нь маш цөөхөн. Өнөө л төсөв хөрөнгө хүрэлцдэггүйтэй холбоотой. Ахмадын асуудалд төрөөс маш бага мөнгө төсөвлөдөг учраас энэ мэт дутагдалтай олон асуудал бий. Жишээ нь, Монголын хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн нийслэлд гэхэд Ахмадын хөгжлийн төв байхгүй байна.

Засгийн газрын 2013 оны 185 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар “Ахмадын сан” байгуулж ажиллуулах журмыг баталсан ч түүний хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагад хангагддаггүй. Бүр ахмад настны кабинет, төв байгуулах санхүүгийн эх үүсвэр орон нутгийн жил бүрийн төсөвт тэр бүр тусгагддаггүй. Энэ нь ахмадууд өөрийгөө хөгжүүлэх, идэвхтэй амьдрах,чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөлөөр хязгаарлагдаж байна хэмээн Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан илтгэлд дурджээ.

Ахмадуудад зориулсан ганц эмнэлгийн барилга “царцжээ”

Буянт-Ухаа спорт цогцолборын хойно 60 ортой сэргээн засах клиник барихаар төсөвлөсөн ч төсөв нь “царцжээ”. Хоёр тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд дахин мөнгө төсөвлөлгүй 5-6 жил болж байна. Улсын хэмжээнд ахмадуудад тусламж үйлчилгээ үзүүлэх төвийнх нь барилгын төсөв мөнгө шийдэгдээгүй байхад зарим дүүрэгт ахмад настны клиник байгуулагджээ. Төсвийн зарцуулалт, бодлогын уялдаа холбоо ямар байгааг эндээс харж болох биз. Хэн сайн лоббидож чадсанд нь үйлчилж буй нь нэг талаараа эрүүл бус үзэгдэл. Чухамдаа юу хамгийн чухал вэ гэх эрэмбэ алдагдсны жишээ ч гэж хэлж болохоор байна.

Геронтлогийн үндэсний төв уламжлалт, сэргээн засах, хэвлийн эхо, зүрхний, тархины цахилгаан бичлэг, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлж, өдрийн эмчилгээ хийдэг. Нүд, чих зэрэг настнууд зайлшгүй үзүүлэх шаардлагатай кабинетыг байгуулах хэрэгтэй байгаа ч өрөө тасалгаа хүрэлцдэггүй гэдгийг тус төвийн Бодлого төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Пүрэвсүрэн хэлсэн юм. Судалгааны, клиникийн лаборатори ч байхгүй. Мөн л зай талбайгүй аж. Ахмадууд хөл муутай, халтирч унаж бэртэх тохиолдол олон. Гэтэл Геронтологийн үндэсний төв өрөө тасалгааны багтаамжаас хамаарч цогцоор үзэх боломжгүйгээс зарим үзлэг оношилгоог өөр газар үзүүл гэдэг байна. Гэтэл Монголын нөхцөлд байдал ямар билээ. Ахмадууд гомдолтой, чирэгдэлтэй үйлчилгээ авч байна гэж бухимдах байдал цөөнгүй гардаг аж.

Геронтологийн үндэсний төв төсвийн хувьд хангалттай бус. Өнгөрсөн жилээс даатгалаас санхүүжилт авдаг болсон байна. Төсвөөс орж ирэх санхүүжилт нь хагас тэрбум орчим төгрөг. Сүүлийн хоёр жилд 20-иод мянган ахмад настанд тусламж үйлчилгээ үзүүлсэн ч нийт ахмадуудтай харьцуулахад маш бага тоо. Хэдийгээр улсын хэмжээнд гэж байгаа ч орон нутгаас ирж тусламж үйлчилгээ авдаг нь маш цөөн.

Тэдний сэтгэлзүйг хэн ч хайхардаггүй

Ахмадуудын эрх яах аргагүй зөрчигдөж байна. Хамгийн наад зах нь ахмадууд өөрөө мэдэж, сонголт хийх эрхгүй байх. Өөрт нь тулгамдсан асуудлаар хэн нэгний нөлөөгүйгээр шийдвэрээ гаргаад явах эрх мэдэл алга. Авдаг хэдэн төгрөгийг нь хүүхдүүд нь /тэтгэвэр/ нэг, хоёр жилээр нь зээлүүлээд авчихдаг. Гартаа бариад гадуур гарч “үрэх” мөнгөгүй тэд сэтгэлзүй болоод санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдалд аж төрж байна.

Манайх гэр бүлсэг орон. Хоёр, гурван үеэрээ хамт амьдрах харилцаа бат бөх хэвээр. Тиймээс үхтэл үр харам гэгчээр хүүдээ, бэрдээ, ачдаа, зээдээ тэтгэврээ зээлээд аваад өгчихдөг. Зарим айлд тэтгэвэр гэр бүлийнх нь орлого болж байна. Гэхдээ тэтгэврийн зээл орлогыг нэмэгдүүлэх хэрэгсэл болж чаддаггүй. Үр хүүхдийнх нь хэрэгцээнд “явдаг” учраас ахмадууд мөнгөний мэдэлгүй болдог. Мэдэлтэй байх нь өөрөө эрх чөлөө юм. Тэр эрх чөлөөг олгох боломжийг бий болгосон бодлоготой байх ёстой. Ахмад настан амьдарч буй өрхөд дунджаар дөрвөн хүн хамт байдаг ч тэтгэврээр нь тэжээлгэн тарчигхан амьдарч байгаа өрх айл олон бий. Энэ талаарх судалгааг МУИС-ийн багш нар ч хийсэн байна лээ.

Ахмадуудын тэтгэвэр маш бага. Энэ мэдээж манай хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй холбоотой  ч хорвоод хүн болж төрөөд үр хүүхдээ өсгөхийн хажуугаар энэ нийгэмдээ ажилласан тэд насныхаа эцэст амар тайван амьдарч байгаад хорвоог дуусгах боломжийг бүх талаар бүрдүүлж өгмөөр байна.

Монголын нөхцөлд өдрийн асрамжийн үйлчилгээ /шашны байгууллагын зарим нэг үйлчилгээг эс тооцвол/ бараг байхгүй. Асран хамгаалагч ганц өдөр гэрээс гаръя гэхээр боломж тун хомс. Настны хөгжлийн төв, асрамжийн төв ч байхгүй. Энэ төвүүд байхгүй учраас ахмадуудыг ганцаардалд автуулж байгаа талаар дээр дурдсан. Өвчтэй ахмадуудад энгийн амьдрал руу шилжих боломж, орчин нөхцөлөөр хангасан төв ч алга гээд тоочвол түмэн асуудал, “буман” зовлон байх. Цус харвалтын дараа гэрээр очиж үйлчилдэг тусламжийн төвүүд олноор бий болвол хэн нэгнээс хараат болсон настныг дагуулж ирээд эмнэлгийн очер дараалалд зогсоод хүлээх шаардлагагүй болно.

Сувиллын газруудад ахмадуудад зориулсан эмч бус сэргээн засах, дотрын эмч нар л байх. Гэтэл сэтгэлзүй, эрүүл амьдралын хэв маягийг нь дэмжиж өгсөн сэтгэл заслын яриа байнга хийж байх ахмадын эмч ажиллах шаардлагатай байдаг юм байна. Ахмадуудын өөрийнх нь бие махбодид тохирсон дасгал хөдөлгөөнийг заах шаардлага ч бий байтал энэ чиглэлд анхаарах бус сувилал, амралт нэрээр халхавчилж өнгөрөөдөг нийтлэг дүр зураг байсаар байгаа юм.

Манайд байдаггүй нэг зүйл нь ахмадуудад шаардлагатай урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэх явдал. Олон улсад ийм үйлчилгээ байдаг учраас асран хамгаалагч болоод настандаа ч амар байдаг аж. Бид ийм үйлчилгээг дан ганц төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй. Ачаалал нь ч дийлэхгүй. Гэхдээ төрийн бодлого, дэмжлэг байх ёстой. Нэг ёсондоо орон нутагт хамт олонд нь суурилсан үйлчилгээг бий болгох шаардлага үүсч байна. Үүнийг дэмжиж байж төрийн ачаа хөнгөрч, ахмадуудаа хайхардаггүй гэдэг нэрнээс сална. Хөнгөвчлөх үйлчилгээг оршин сууж байгаа газраар нь дамжуулан бүлгийн зохион байгуулалтад оруулж тусламж үйчилгээ үзүүлэх хэлбэр байж ч болно. Бие биенийхээ төлөө санаа зовдог, халамжилдаг нийгмийг бий болгох шаардлага энэ бүхнийг дагаад дахиад л хөндөгдөж байна.

Монголын настнууд гэр бүлсэг сэтгэхүйтэй учраас бусад орны ахмадуудаас онцлогтой. Эцэг, эхийгээ асрамжийн газар өгөх сэтгэхүйтэй үр хүүхэд ч ховор. Тиймээс цөөн хоногоор байлгах настанд зориулсан төрөлжсөн асрамж үйлчилгээний тусламж үйлчилгээ хэрэгтэй. Настнууд өөрсдийгөө хөгжүүлээд явчихвал өвчтэй хүмүүсийн эгнээ рүү орохгүй. Хөгжиж байгаа орны хувьд насжиж байгаа хүмүүстээ илүү анхаарал тавихгүй бол эргээд үүнээс ч илүү мөнгө зарах хэрэг гарна.

Ахмадуудын 80 гаруй хувь нь бага тэтгэвэртэй

Тэтгэврийн зээлийн талаар тусгайлсан хуультай улс орон төдийлэн байхгүй ч энэ чиглэлийн уян хатан бодлогын баримт бичгүүдтэй. Япон, БНСУ, Швед, Швейцарын жишээ ширээн дээр маань байгаа ч би ишлэхийг хүссэнгүй. Энэ ул орнуудын хөгжлийн түвшинг өөрийнхтэйгээ харьцуулах аргагүйн дээр харьцууллаа гэхэд хөрсөн дээрээ буухгүй учраас олон улсад байдаг манайд хэрэгжүүлж болох жишээтэй дүйцүүлье.

Дэлхийн зарим улс оронд өндөр насны тэтгэвэр авагчдад зайлшгүй шаардлагатай эмчилгээний төлбөр, гэр бүлийн хэрэгцээнд нь зориулан тодорхой хугацаагаар, боломжийн хэмжээний зээлийг хүүгүй олгодог аж. Тухайлбал, “Засгийн газрын тэтгэвэр авагчдад зориулсан дэмжлэг” хөтөлбөрийн хүрээнд бага орлоготой тэтгэвэр авагчид болон бусад ахмад настанд санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай үед хоёр төрлийн богино хугацааны зээлийг арилжааны банкаар дамжуулан олгодог байна. Манай улс тэтгэврийн зээлийг олгохгүй байх нь хүний эрх зөрчиж буй асуудал хэмээн нэг талаараа үздэг. Гэхдээ төрийн албан тушаалтан хоёр жилээр тэтгэврээ зээлбэл хүүг бууруулах талаар ярилцаж байгаа хэмээсэн нь энэ талын зээлийг хумих бус дэмжиж байгаагийн илрэл гэлтэй. Тэгвэл зээлийн хүүг жилийн 12 бус түүнээс бага байлгах бусад улс орнуудын бодлогыг судалж нэвтрүүлэх шаардлага бидэнд байна.

Манайх 2015-2030 он хүртэл “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ыг баталжээ. Гэхдээ энэ бодлогодоо нийцүүлж гаргаж байгаа тогтоол шийдвэр тун ховор. Өдгөө нийт тэтгэвэр авагч ахмадуудын 80 гаруй нь тэтгэврийн доод хэмжээ буюу 280 мянган төгрөг тэтгэвэртэй учир амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.

Тэд хүчирхийлэлд өртдөг үү

МУИС-ийн эдийн засгийн сургуулийн профессорын баг “Тэтгэврийн зээлийг хэн авч байна. Юунд зарцуулж байна. Ямар зорилготой авав” гэх  сэдвээр судалгаа хийжээ. Зээлийн зориулалт нь ахмад настны хэрэглээ бус ажил хийхгүй гэртээ суудаг залуусын гарт очиж байгаа судалгааны дүн гарсан байна. Энэ талаар тус сургуулийн багш Л.Оюун “Ахмадуудын дийлэнх нь тэтгэврээ сар тутам бараг авч үзээгүй. Ахмадууд өөрсдөө улаан мөнгөгүй болчихдог. Хүү, охин эсвэл бэр, хүргэн нь хүчээр тэтгэврийн зээл авахуулдаг юм байна. Ингэхээр өндөр настнууд маань жинхэнэ ядуу, эдийн засгийн чадавхигүй, хүний хараат болж байна” гэжээ.

Судалгааны дүнг цааш багцалж авч үзвэл, зээлтэй ахмадуудын 70-80 хувь нь үр хүүхэд, хамаатнууддаа зээлээ зарцуулдаг байна. Ахмад настны тоо жил ирэх тусам өсч, тэтгэвэрийн зээл авах хүний тоо өдөр бүр нэмэгдэж байгаа аж. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурджээ. Товчхондоо, ердөө 20 хүрэхгүй үгүйтэй жилийн дараа хүн амын тал хувь нь тэтгэвэрийн насныхан болж манай улсын хүн амд насжилт ихсэнэ гэсэн үг.

Өөрийн мэдлийн мөнгөгүй ахмадууд юу хийх вэ. Хүүхэд шуухад харах нэг нь харж, харахгүй нөгөө нь автобус дамжин “хэсдэг”.  Нэг ёсондоо олигтой хоол ундгүй цаг нөгцөөж гадуур яваад орой хүүхдүүдээ ажлаас ирэхээс нь өмнө очиж хоол ундыг нь бэлддэг нийтлэг дүр төрх. Энэ бол Монголын төр ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх цаашлаад өдрийн асрамжийн үйлчилгээ байхгүй настнуудынхаа асуудлыг орхигдуулсан ирсний, нэг талаараа аюултай үзэгдлийн бодит жишээ.

Олон улсад ахмадууд хадгаламж, даатгалтай байдаг аж. Үндсэндээ тэтгэвэрт гарангуутаа ядуусын эгнээнд шилждэггүй. Харин ч гавьяаныхаа амралтыг эдлээд аялж зугаалж явна. Манай улсад ирж байгаа жуулчдын олонх нь ахмадууд байдгаас энэ төрх бас харагдаж байх. Гэтэл манайд ахмадууд ядуусын эгнээнд орж байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах гэхээсээ илүүтэй тэтгэврийн хадгаламж, даатгалын тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг Л.Оюун багш хэлж байв.

Үгүй дээ л тэтгэврийн зээлийн зорилго ахмадуудын хэрэгцээг хангадаг байх ёстой. Гэтэл хажууд нь суугаа залуусын хэрэгцээг хангаж байна. Тэтгэврийн зээлийг болиулж болдоггүй юм бол 20 хувийг нь зээлээр, үлдсэн 80 хувийг нь сар бүр өөрт нь олгодог байдал руу шилжиж яагаад болохгүй гэж.