Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс дэх барилгыг албадан буулгах захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд энэ сарын 24-нд гаргасан. Уг захирамжийг өнөөдөр хэрэгжүүлж 270 м2 талбай бүхий барилгыг өнөөдөр албадан нурааж байна.

Музейн бүс дэх уг хоёр давхар барилга нь зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байсан бөгөөд  3600 м2 газрыг ийнхүү чөлөөлж байна. Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн цагдаагийн газар хамтран барилгыг ийнхүү буулгалаа.

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн “Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс 2 га байдаг. Засгийн газрын 2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны тогтоолоор долоон байгууллагын газрын хэмжээг тогтоож, хавсралтанд нь хамгаалалтын бүсийг тогтоож өгсөн. Чойжин ламын сүм музей хоёр га хамгаалалтын бүстэй боловч үүнийг газрын гэрчилгээ, кадастарт огт тусгаж өгөөгүй байсан. Үүнийг шийдүүлэхээр 2010 онд газрын алба, холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаад кадастрын зургаа авахад 609.5 буюу ганцхан сүмийн кадастрын зургийг хийсэн байсан. Ингэснээр Чойжин ламын сүм музей нэг га буюу хэрмэн хашаагаар музейн эзэмшлийн газраа баталгаажуулсан. Дараа нь Хууль зүйн яамнаас баталгаажсан хамгаалалтын бүсийнхээ тогтоолын дагуу 2 га хамгаалалтын бүсийн кадастрын гэрчилгээг авсан. Гэтэл 2 га талбайд маань нэвтрээд ороод ирсэн барилга, байшингийн асуудлаар дөрвөн барилгын эзэдтэй бид газрын маргаан, газрын давхацлын асуудлаар тэмцэлдэж байна. Төр Засаг түүх соёлын өвдөө анхаарал хандуулж, хувийн хэвшлийн байгууллага улсын өмч рүү ингэж халдаж байгаа асуудлын учрыг олох цаг нь болсон" гэж ярьсан юм.

Чойжин ламын сүм музейд Монгол Улсын хосгүй үнэт, үнэт зэрэглэлийн Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийцийн бурхад тэргүүтэн нийт 6000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагддаг байна.

Чойжин ламын ордон музейн тойроод хэд, хэдэн сэтгүүлч цугласан байхтай таарав. Нөгөө 16 жилийн өмнө хууль би с газар олголт дээр барьсан хувийн сууцыг нурааж байна. Харахад кайфтай л юм. Хууль бус өмч ҮХ-р хамгаалагдана гэж байхгүйг харуулав. Болж! pic.twitter.com/5joEnoYkcH — Алсаа харцгаая (@Gerel) September 26, 2018