-Цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны төсвийг 2100-2300 төгрөг болгох хэрэгтэй-
Цэцэрлэгийн насны хүүхэд өдөрт 900-1200 ккал илчлэг хоол хүнсээр дамжуулж авах ёстой байдаг. Хэрвээ авах ёстойгоосоо бага илчлэг авч байвал ханиад, томуу зэрэг халдварт өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Одоогийн байдлаар төсөвт суулгаснаар нэг хүүхэд өдөрт 1650 төгрөгийн хоол идэж байгаа юм. Энэхүү мөнгөөр зөвхөн хооллож нэмэлт бичил тэжээл болох жимс, жимсгэнэ, тараг, сүү зэргийг хоолны цэсэндээ оруулбал 1650 төгрөг хүрэлцдэггүй байна.

Бид Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 226-р цэцэрлэг дээр очиж цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний талаар сурвалжиллаа. 226 дугаар цэцэрлэг энэ хичээлийн жилд 190 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өнөөдрийн /өчигдрийн/ хоолны цэсэнд хүүхдийн будаа, бор цай, жигнэсэн гурилтай шөл, гурвалжин будаатай хуурга, булууны ястай цай, ааруулын шүүс, луувантай мантуу багтжээ. Эдгээр нь нийлээпд 1210 ккал болж байна. Гэвч чацаргана, нохойн хошуу зэрэг жимс, жимсгэнэ, тараг, сүүг нэмэлтээр өгөхөд Засгийн газраас баталсан нэг хүүхэд өдөрт 1650 төгрөгийн хоол, хүнс хэрэглэнэ гэж зааснаас хамаагүй хэтэрдэг гэлээ.

Цэцэрлэгийн эрхлэгч “хүүхдийн эрүүл мэнд хамгийн чухал учир, мөн 1650 төгрөг хоол, хүнс, тэжээл авахад хүрэлцдэггүй учир төсөв хэтрүүлж бүтээгдэхүүнээ авдаг гэсэн юм. Өнөөдөр л гэхэд нэг хүүхдийн хоолны мөнгө 1874 төгрөг болсон байна. Хэдийгээр төсөвлөсөн мөнгөнөөс хэтрүүлж болохгүй гэдэг ч хэтрүүлэхээс өөр аргагүй гэсэн юм. 226 дугаар цэцэрлэг Хүнс хангамж улсын үйлдвэрийн газраас уг цэцэрлэг хоол, хүнсний материалаа авдаг.

226 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Алтанчимэг "Манай цэцэрлэг өнөөдрийн байдлаар нэг хүүхдэд 1874 төгрөгийн хоол өгч байна. Өдөртөө дөрвөн удаагийн хоолтой. Дөрвөн удаагийн хоолонд 1650 төгрөг яагаад ч хүрэхгүй байгаа. Дор хаяж 2000 төгрөгөөр хүүхдийг хооллохгүй бол хаана ч хүрэхгүй. 2100-2200 төгрөгөөр хүүхдээ хооллосон өдрүүд байна. Хоол хүнсний төсөв дээр цаанаасаа 1650 төгрөгөөр бодон сар бүр ирдэг. Төсвөөс илүү гаргасан бол өр болж үлддэг. Эрхлэгч нарын толгой дээр өргүй л байх ёстой, өргүй байх ёстой гэсэн шаардлагагыг тавина" гэв.

226 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Ц.Эрдэнэзул "Цэцэрлэгийн хүүхдүүд хоногийн хоолны 80 хувийг цэцэрлэгээс авдаг. Манай цэцэрлэг давсны хэрэглээг багасган хоолнуудаа 80 хүртэлх хувийг давсгүй хийдэг болохоор давсны агууламж, иодыг бууцай, цагаан гаа, сармис, сонгино, нарийн ногооноос нөхөж авдаг. Бид нарийн ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэдэг" гэлээ.

Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Жишээлбэл, 226-р цэцэрлэг энэ оны тавдугаар сард хонины махыг 5500 төгрөгөөр авч байсан бол есдүгээр сард 1300 төгрөгөөр үнэ нь өсчээ. Мөн хүүхдийн каш, тахианы гуя тус бүр 500 төгрөгөөр, масло 1100 төгрөгөөр, хүрэн манжин 200, сонгино 80 төгрөг зэргээр нэмэгджээ.


Цэцэрлэгийн эрхлэгч нар үе үе уулзаж санал солилцдог байна. Тэдний зүгээс 1650 гэсэн төсвийг нэмж 2100-2300 төгрөг болговол шаардлагатай бүтээгдэхүүнүүдээ худалдан авч, хүүхдийн хоол тэжээлд зарцуулах боломжтой гэж тооцжээ.
-Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны төсөв 1650 төгрөг-
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс 100 хувь хариуцдаг. Өдрийн цэцэрлэгийн хүүхдийг 1650 төг, харин 24 цагийн цэцэрлэгийн 1 хүүхдийг өдөрт 2500 төгрөгт багтааж хооллож байна. Энэ бол Засгийн газраас зургаан жилийн өмнө тогтоож өгсөн тариф. Харин цаашид хүүхдийн хоолны төлбөрийн 34 хувь буюу өдрийн 850 төгрөгийг эцэг эхээс гаргуулах саналыг БСШУСЯ-аас Сангийн яам руу хүргүүлээд байна. Хэрвээ, энэ саналыг Засгийн газар дэмжвэл цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардал 2500 төгрөг, харин 24 цагийн цэцэрлэгийнх 3500 болж нэмэгдэх юм.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүний үнийг тооцож, дээрх байдлаар тогтоосон байгаа юм. Зургаан жилийн хугацаанд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон учраас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх санал Боловсролын яамнаас гаргаад байна.
-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 850 төгрөгөөр нэмэх санал тавьжээ-
БСШУСЯ-ны сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Г.Дуламжав "Улс бол цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө болох 1650 төгрөгийг даадгаараа даана. 24 цагийн цэцэрлэгийн хоолны мөнгийг ч гэсэн төрөөс хариуцаад явна. Хэрвээ одоо хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх тохиолдолд үлдсэн тодорхой хувийг эцэг эх хариуцна гээд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульдаа байгаа. Энэ заалтын дагуу тогтоолын төсөл боловсруулах бэлтгэл ажил хийгдээд явж байна. Өдөрт авах илчлэг шинэчлэгдэн гарсан байгаа. Гэхдээ хүүхдийн зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүн сүү цагаан идээ, жимс жимсгэнийг нэмэгдүүлэх боломж гарна гэж үзэж байгаа" гэв.
Материалын жагсаалтыг харвал төмсний үнэ 100 төгрөгөөр, хонины махны үнэ 400 төгрөгөөр бууснаас бусад нь нэмэгджээ. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх боловсролын яамны саналыг дэмжиж, Засгийн газраас баталбал, төсөв дээр ямар ч ачаалал ирэхгүй.
Харин эцэг эхчүүд сардаа дунджаар 20 мянган төгрөг хүүхдийнхээ хоолонд өгөх юм.
Цэцэрлэгийн хүүхдийг хоолны мөнгийг нэмэх эсэхийг Засгийн газар шийднэ. Боловсролын яам цэцэрлэгийг хүүхдийн хоолны мөнгийг нэмэх саналаа Сангийн яаманд хүргүүлээд байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар орохоор байна.