Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал үргэлжилж байна. Бага хурлын үндсэн илтгэлийг нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тавьж байна. Тэрээр "Нэгдмэл хүч - Нийслэлийн хөгжил, нийслэлийн МАН-ын хороо, хэтийн зорилго, тайлан, хөгжлийн хөтөлбөр" сэдвийн дор илтгэлдээ нийслэл хотын удирдлагын багийн хийж хэрэгжүүлсэн ажлуудыг онцлон танилцуулав. Тухайлбал,
"Аз жаргалтай хот" хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь чухал. Ирээдүйн мега хотын иргэд аюулгүй орчинд ая тухай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдэх шаардлага тулгарч байна. Хот төлөвлөлтийн хувьд зөвхөн өнөөдөр биш ирээдүйг харахыг чухалчилж байна. Хотын хүн амын механик төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд эрх зүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарч буй. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийж байна. Утааг бууруулах нэг нөхцөл иргэдээ орон сууцаар хангах явдал. 727 айлыг шинэ орон сууцанд орууллаа. Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. "Сэлбэ", "Баянхошуу" дэд төвийг барих ажлыг эрчимтэй хийж байна. Дэд бүтцийн төвүүд ашиглалтад орсноор гэр хорооллын иргэдийн амьдралын нөхцөл сайжирна.
Улаанбаатар хотын замын нэвтрэх чадварыг сайжруулахаар ажиллаж байна. 22.3 зам шинээр тавьсан. Шинээр гүүр тавьж байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 01 хүртэл орон нутгаас Улаанбаатарт шилжин ирэх хөдөлгөөнийг зогсоосон. Сүүлийн 27 жилд анх удаа нийслэлд шилжин ирэгсдийн тоо буурсан байна. 2018 онд 34 сургуулийн барилга шинээр барихаар ажиллаж байгаа. Зам чөлөөлөлт, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил эрчээ авсан. Газар чөлөөлөлт сүүлийн хоёр жил эрчимтэй хийгдсэн. Хүнд суртлыг бууруулах чиглэлээр шинэлэг ажлууд хийгдэж, иргэдийн талархлыг хүлээж байгаа. Иргэдээ сонсч, итгэлцэл дээр тулгуурласан ажил үр дүнгээ өгдөг. Иргэдээсээ ирсэн саналыг шийдвэрлэж байна. Олон чухал асуудлаар иргэдийнхээ саналыг сонсч, зөвлөлдөж, гарц шийдлийг олж байна. Бид байгальд ээлтэй, хүнс нь аюулгүй, бүх үйлчилгээ нь хүндээ чиглэсэн хотыг байгуулах болно гэдгийг нийслэлийн Засаг дарга онцоллоо. Мөн тэрээр нийслэлийн эдийн засгийн өсөлт, тэлэлтийн үр шим айл өрх бүрийн хаалгаар орох ёстой. Үүний төлөө бид ажиллаж байгаа хэмээв.
Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Нэгдмэл хүч - Нийслэлийн хөгжил, нийслэлийн МАН-ын хороо, хэтийн зорилго, тайлан, хөгжлийн хөтөлбөр" сэдэвт илтгэлээ тавьсны дараа Бага хурал хаалттай горимд шилжиж, хэлэлэх асуудлын дагуу нийслэлийн МАН-ын хяналтын хорооны илтгэлийг хаалттай сонсч эхэллээ.