Парламентад бүдэрсэн төслүүд

Арав хоногийн дараа УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Бүрэн эрхийн хугацааныхаа тэн хагасыг үдсэн УИХ тав дахь ээлжит чуулганаа нээх гэж байгаа нь энэ. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад 15 хуулийн төсөл бий. Эдгээрийг багцлан тоймлох юм бол ирэх жилийн төсвийн тухай хууль болон түүнийг дагалдах хуулийн төслүүд, татварын тухай багц  хуулийн төслүүд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэсэн гол хэдэн хуулийн төсөл энэ намар, өвөл парламентын гал тогоонд “буцлах” нь.

Эдгээрээс энэ удаа Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг онцолж байна. Зарим судлаач, улстөрчид уг хуулийн төслийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ч чухал хэмээн хэлсэн нь бий. Энэ оргүй үг ч биш. Гэхдээ парламентын гал тогоонд хутгагдаад бантан болох уу, тантан болох уу гэдгээс хамаг зүйл шалтгаална. Түүнээс биш бэлэн болсон хуулийн төслийн үзэл баримтлал, агуулга, зохицуулалт нь бол уг нь тун боломжийн ажээ. Үзэл баримтлалынх нь амин сүнсийг алдагдуулчихгүй батлах юм бол өнөөгийн нийгэмд, улс төрийн хүрээнд эерэг өөрчлөлт, шинэчлэлт авчрахаар тийм хуулийн төсөл эрхэм гишүүдийн гар дээр очиход бэлэн болоод байгаа юм байна.

Хуулийн төсөлд улс төрийн намуудыг бодлогын нам болгох, эдийн засгийн хувьд хандивлагчид болон хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байлгах, бодлогын судалгаа хийх, гишүүдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх механизмыг бий болгох зэрэг шинэлэг заалтуудыг тусгажээ. Туршлагатай эрдэмтэн, судлаачдын баг ажиллаж, шинжлэх ухааны судалгаанууд хийж боловсруулсан энэхүү төсөл нийгэмд багагүй хүлээлт үүсгээд байгаа. Гэхдээ нэг нам үнэмлэхүй олонхи байгаа өнөөгийн парламент Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг томоохон хуулиудын өөрчлөлтийг хийх нь зөв үү гэдэг асуулт ч гарна.

Өмнөх парламентын үед С.Баярцогт гишүүний ахалсан ажлын хэсэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж байв.

Улс төрийн намын тухай хуулийн төсөл анх удаа УИХ-д өргөн баригдаж байгаа юм биш. Өмнө нь 2012 онд Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулан байгуулж, 2013 онд УИХ-ын  гишүүн Р.Бурмаа, Б.Болор, Ц.Даваасүрэн, Г.Уянга нарын санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдсан ч УИХ дээр дэмжлэг авалгүй буцсан юм. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг 2016 оны нэгдүгээр сарын 04-нд УИХ-д өргөн барьсан юм. Сонгуулийн жилийн гараан дээр өргөн баригдсан энэхүү хуулийн төсөл мөн л парламент дээр бүдэрсэн. Гэтэл үүнээс яг нэг сарын дараа буюу 2016 оны хоёрдугаар сарын 04-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нар Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-д өргөн барьсан юм. Мэдээж энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэж амжаагүй.

Ингээд 2018 оны эхээр Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан байгуулаад байгаа юм.

Төсөлтэйгөө бүдгэрсэн шинэчлэлүүд

УИХ-д өргөн баригдаж байсан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн агуулгыг тоймлох юм бол гол зохицуулалт, зарчмын шинжтэй өөрчлөлт нь намуудын санхүүжилт, гишүүнчлэлтэй холбоотой байв. Тухайлбал, 2012 онд З.Алтай, Л.Гантөмөр нарын гишүүд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан ч УИХ  хэлэлцэлгүй буцаасан. Энэ төсөлд намуудыг гишүүнчлэлгүй болгох гол зохицуулалтыг тусгасан байв.

2013 онд Р.Бурмаа, Б.Болор нарын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан төслийн гол үзэл баримтлал нь УИХ-ын гишүүн болон ИТХ-ын төлөөлөгчдийн намын байгууллагын харьяаллын асуудал, намын төв, орон нутгийн байгууллагын удирдлагын маргааныг шийдвэрлэхэд чиглэж байсан юм. Тухайн үед Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг гараад ажиллаж байсан тул уг төслийг ажлын хэсэгт шилжүүлж, хэлэлцүүлгийг хойшлуулж байв.

2016 онд О.Баасанхүү нарын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан төслийн хувьд УИХ-д суудалтай нам, эвсэлд санал өгсөн нийт сонгогчийн тоог тус бүр арван мянган төгрөгөөр үржүүлэн тооцож санхүүжилт олгох, хэрвээ тухайн нам, эвсэл парламентад бие даасан бүлэгтэй бол өөрөөр хэлбэл наймаас олон гишүүнтэй бол тухайн намд өгсөн санал бүрийг таван мянган төгрөгөөр тооцож нэмэгдүүлэн олгох, хэрвээ тухайн нам, эвсэл Засгийн газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа бол санал бүрт дахин таван мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор тусгасан байсан юм. Үүнээс гадна УИХ-д бүлэг байгуулах хэмжээний санал авсан нам, эвсэл Засгийн газарт хамтран ажиллаж байгаа эсэхээс үл хамааран өөрсдийн бодлого, хөтөлбөрөө сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий санг дэргэдээ байгуулж болох бөгөөд уг сан нь улсын төсвөөс жил бүр нэг тэрбум төгрөг олгох зохицуулалт уг хуулийн төсөлд туссан байв.

Мөн 2016 онд Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байсан бол МАН, МАХН, МҮАН зэрэг парламентад суудалтай бусад намууд дэмжих боломжгүй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж байна

Уг хуулийн төсөлд улс төрийн намуудад улсын төсвөөс санхүүжилт  олгох, ингэхдээ санхүүжилтийн зориулалтыг зааж, уг зориулалтаар нийт зардлын 30-аас доошгүй хувийг зарцуулах, мөн зардлынхаа 30 хувиас доошгүй хувийг гишүүд, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд, 10 хувиас доошгүйг намын бүтцийн нэгж дэх сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангахад зарцуулж байх зохицуулалт тусгасан байв. Дээрх хэм хэмжээг зөрчиж санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулбал улсын төсвийн санхүүжилтийг зогсоож, нөхөн төлүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байсан юм. Мөн 3000-аас цөөн хүн амтай засаг захиргааны нэгжид, өөрөөр хэлбэл сумдад намын салбар нэгж байгуулахыг хориглох заалтыг уг төсөлд тусгасан байв. Энэ зохицуулалтаар бол 3000-аас цөөн хүн амтай 200 орчим суманд аливаа намын анхан шатны нэгж байгуулагдахгүй гэсэн тооцоог танилцуулж байлаа.

Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан төслийн өөр нэг өвөрмөц боловч биелэх боломжгүй заалт нь 31-ээс доошгүй гишүүнтэйгээр нам байгуулах, 3001- ээс дээш гишүүнтэй бол сонгуульд оролцох нөхцөлийг олгох зохицуулалт. Хүссэн бүхэн нам байгуулж, төрөөс санхүүжилт авах боломжийг бүрдүүлэх нь гэсэн шүүмж уг заалттай холбоотойгоор гарч байсан юм.

Юутай ч Ерөнхийлөгчөөс 2016 онд өргөн барьсан Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгын гол үзэл санааг дараахь байдлаар томъёолж байжээ 1. Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө 2. Намыг хянах хариуцлагын тогтолцоо бий болно 3.Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хатуу зааг ялгаатай, хүлээх хариуцлагатай болгоно. 4. Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана 5. Нам шилэн данстай болно 6. Намын үйл ажиллагааг  явуулах доод босгыг тогтооно 7. Нам дотооддоо улс төрийн маргаанаа шийддэг болно 8.Намын бүтэц, зохион байгуулалтын уян хатан тогтолцоог санал болгож байна 9. Намууд ТББ , фракцтай, одон медальтай  байхыг хориглох нь зүйтэй 10. Намуудыг дахин шинээр бүртгэж, өмч хөрөнгийн асуудлыг цэгцэлнэ.

Улс төрийн намын тухай хуулийг ингэж өөрчилнө

Өнөөгийн нийгмийн болохгүй, бүтэхгүй бүхнийг Үндсэн хууль хийгээд улс төрийн намууд руу “чихэх” хандлага сүүлийн жилүүдэд давамгайлж буй. Энэ нь ч ортой юм. Манай улс 29 жилийн өмнө хуучин тогтолцоог халж ардчилсан шилжилтийг хийсэн боловч ардчилал бэхжээгүй. Монголын ардчилал хэврэг хэвээр байгааг нотлох гэж жишээ дурдах нь илүүц. Түүнчэн эдийн засгийн модернизаци буюу орчин үежих үйл явц нь их удаан явагдаж байгаа. Ийм байгаагийн шалтгааныг хайх юм бол Монгол Улсын эдийн засагт өөрчлөлт авчрах, ардчилал бэхжих үйл явц, үйл ажиллагаанд гол үүрэгтэй хамгийн том тоглогч болох улс төрийн намууд өөрсдөө гажуудсаных. Улмаар гажуудсан улс төрийн намууд нийгэмд асар их сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Тухайлбал, Монголын төрийн бодлого сонирхлын бүлгүүдийн бодлого болчихсон гэдгийг судлаачид, ажиглагчид хэлэх болов.Төрийн бодлого уг нь хувь хүний юм уу, аливаа нэг лидер, манлайлагч нарын шийдвэр, цар хүрээ, хил хязгаараас даван гарсан, өөрөөр хэлбэл Монгол Улсын үндэсний эрх ашгийг зөв тодорхойлсон байх ёстой. Төрийн бодлого тогтвортой байх ёстой.Гэтэл Монгол төрийн бодлого маш тогтворгүй байгаа. Сонгуулийн дөрвөн жилийн давтамжтайгаар өөрчлөгддөг, эрх баригч намын мөрийн хөтөлбөр, боловсон хүчний томилгоогоор төрийн ажил явдаг. Төрийн эрх ээлжлэн барьж байгаа намуудад бодлого, судалгаа байдаггүй. Учир нь тэд бодлогын институцигүй.

Дээр нь гол сул тал бөгөөд хамаг гажуудлын шалтгаан нь манай улс төрийн намууд санхүүжилтийн хувьд хандивлагчдын санхүүжилтээс хараат байдаг. Мөнгөний эрх мэдэл хэнд байна тэр хүн намд голлох нөлөөтэй. Тиймээс нам шийдвэр гаргахдаа мөнгөтэй хүмүүсийн ч юм уу, ер нь тодорхой сонирхлын бүлгүүдийн явцуу эрх ашгийг намын бодлого, гол үзэл баримтлал болгож гаргаад, түүнийгээ хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нь өөрөө зохисгүй, бас амьдралд нийцэхгүй. Дэлхийн улс орнуудад 1950-иад оноос хойш ийм  үзэгдэл бий болсон тул Герман, Солонгос зэрэг олон улсад улс төрийн намуудаа төр нь санхүүжүүлэх болжээ. Энэ бол намуудыг сонирхлын тодорхой бүлгүүдийн санхүүгийн дэмжлэгээс хараат бус байлгах зорилготой. Нам өөрийн үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ тулгуурлаж бодлого, мөрийн хөтөлбөрөө гаргах ёстой гэсэн үг. Тэгж байж улс орны өнөө, ирээдүйн хөгжлийг цогцоор нь харж, төлөвлөж чадна.

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хувьд асар их эрх мэдэлтэй, өндөр түвшний шийдвэр гаргах хүмүүсийг төлөвшүүлэх, бойжуулах өөрөөр хэлбэл ирээдүйн Монголын улс төрийн амьдралд эерэг нөлөөлөл үзүүлэх манлайлагчдыг төрүүлэх тэднийг бойжуулах институц нь улс төрийн нам гэж үзэж, энэ үзэл баримтлалын дагуу зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал, төрийн санхүүжилтыг дурдаж болно. Үүнийг улс төрийн намуудыг төлөвшихөд нь дэмжлэг болох хөшүүрэг гэж үзсэн байна. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намд өгөх төрийн санхүүжилтийн зориулалтыг нь ч зааж өгчээ. Нийт санхүүжилтын 30-аас доошгүй хувийг бодлогын судалгаанд зориулна гэх мэтээр. Ийн төрөөс санхүүжилт авсан нам төрийн бодлого тодорхойлох институцын хувьд бодлогын судалгаа заавал хийх, мөн гишүүдээ соён гэгээрүүлэх, тэдэнд улс төрийн боловсрол олгох үүрэг хүлээх зохицуулалт дээрх төсөлд туссан байна.

Судалгаа шинжилгээнд суурилсан бодлого, хөтөлбөртэй нам манайхан шиг сонгуулийн үеэр олон нийтийн санал ахиухан авах гэж популист амлалтууд урсгахгүй. Ямар ч нам төрийн эрх барилаа гэсэн мэргэшсэн төрийн албан хаагчдаа улс төрийн ашиг сонирхлоор халж солихгүй. Хэт их мөнгөнөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулах дархлаатай тул хэн нэгэн бизнесмэн, эрх мэдэлтэй хүний гарт орохгүй.

Тиймээс намын санхүүжилтыг ил тод, шилэн болгох аж. Түүнчлэн УИХ-д суудал авсан намуудад л нэг суудлыг нь 10 саяар үнэлэн төрөөс санхүүжилт өгдөг өнөөгийн тогтолцоог өөрчилж парламентад суудалтай суудалгүй бүх намт санхүүжилт өгөх, эргээд тэднээс хариуцлага нэхэх, тухайлбал дөрвөн удаагийн сонгуульд дараалан оролцоогүй намыг татан буулгах, намыг татан буулгах, байгуулах асуудлыг Улсын дээд шүүх бус Сонгуулын ерөнхий хороо хариуцдаг болох зэрэг зохицуулалт Улс төрийн намын тухай хуулийн төсөлд бий. Нам гэдэг хөгжлийн чөдөр тушаа болох ёсгүй. Тиймээс улс төрийн намууд хурдан шинэчлэгдэж,  бодлогын институц болж байж улс орон хөгжинө. Үүнд чиглэсэн үзэл баримтлал бүхий хуулийн төслийг өнөөгийн УИХ хэлэлцэх гэж байна. Улс төрийн намын тухай хуулийн төсөл парламентын босгонд дахин бүдрэх эсэхийг харах л  үлдлээ.