Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийх албан айлчлал хийж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт, дэд ерөнхийлөгч Майк Пенс, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, ОУВС-гийн тэргүүн хатагтай Лагарде, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким-тэй уулзах бөгөөд НҮБ-д үг хэлэх юм. Энэхүү айлчлалын үеэр Ерөнхий сайд АНУ-аас Монгол Улсад үзүүлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Энэ бол АНУ-ын Мянганы сорилтын сангаас манай улсад хэрэгжүүлэх хоёр дахь компакт гэрээний төслийн хүрээнд орж ирэх санхүүжилт юм.
Улаанбаатар хотын усны нөөцийг сайжруулахад чиглэсэн энэхүү компакт гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулахаар болсон талаараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ оны долдугаар сарын 30-нд зарласан билээ. АНУ компакт гэрээ хэрэгжих таван жилийн хугацаанд 350 сая ам.долларын тусламж үзүүлэх бөгөөд Монгол Улсын Засгийн газар 111 сая долларыг гаргаснаар нийт 461 сая ам. долларыг зарцуулах ажээ. АНУ-ын олон улсын тусламжийн агентлаг Мянганы сорилтын корпораци, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн энэхүү түншлэл нь амжилттай хэрэгжсэнээр Монгол Улс хаягдал усыг дахин боловсруулах менежментээрээ Төв Азийн загвар орон болох боломжтой гэж үзэж байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема Зумарыг 2017 оны 12-р сард Монголд айлчлах үеэр нь хүлээн авч уулзсан юм.
АНУ-ын Мянганы сорилтын сан нь улс орнуудад тулгамдсан асуудлууд дээр эдийн засгийн үнэлгээ дүгнэлт гаргаж, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар туслалцаа үзүүлдэг бөгөөд тус байгууллага түүхэндээ 29 оронд 12 тэрбум ам.долларын өртөг бүхий 36 компакт гэрээ бүхий төслийг эргэн төлөх нөхцөлгүйгээр хэрэгжүүлээд байгаа юм. Мянганы сорилтын сангаас өмнө нь Монгол Улсад 285 сая ам.долларын өртөг бүхий компакт гэрээний дагуу төсөл хэрэгжүүлсэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой энэхүү компакт гэрээний хүрээнд хөрөнгийн эрхийн, хот орчмын бэлчээрийн менежментийн, мэргэжлийн боловсрол сургалтын, эрүүл мэндийн, цэвэр агаарын, авто замын гэсэн дэд төслүүдийг хэрэгжүүлсэн юм.
“Энэхүү эхний төсөл бидэнд маш их таалагдсан” хэмээн АНУ-ын Мянганы сорилтын сангийн Монголыг хариуцсан багийн ахлагч Жэй Шийрэр ярьжээ. Мөн Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр “Усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь чухал байсан. Усгүйгээр бид эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө ярих боломжгүй” хэмээн ярьсан байна. Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэр усны жилийн нийлүүлэлт 1.8 сая шоо метрээр нэмэгдэж 4 сая шоо метрт хүрнэ гэж тооцоолжээ. Мөн аж үйлдвэрийн зориулалтаар хаягдал усыг дахин боловсруулснаар 400 мянган шоо метр цэвэр усыг хэмнэх боломж бүрдэх юм байна. Тухайлбал, төслийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн бохир ус цэвэрлэх байгууламжийг суурилуулж, нийслэлд 52 шинэ худаг, шугам татах зэрэг ажлуудыг хийнэ. Хаягдал усыг дахин боловсруулж ашигласнаар тэр хэмжээгээр ундны цэвэр усыг хэмнэх болно гэж үзэж байгаа юм.
АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад хэрэгжүүлэх гэж буй ээлжит компакт гэрээ найман зүйл, зургаан хавсралтаас бүрдэж байгаа ажээ. Энэхүү гэрээний дагуу дараахь ажлуудыг хийх юм. Үүнд,
Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа, Хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах үйл ажиллагаа, Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа багтжээ.