Марк Хант: Маргааш би жинхэнээсээ муу залуу, харгис этгээд болж хувирна

Холимог тулааны спортын амьд домог, дэлхийн хамгийн хүчтэй цохилттой тулаанчдын нэг, “Супер Самоа” хочит Марк Хант маргааш Орост болох “UFC Fight Night”-д оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирээд буй. Түүнтэй лента.ру цахим сонины сэтгүүлч уулзаж ярилцсаныг хүргэж байна.  

-Москва танд ямар санагдаж байна. Анх удаа ирж байгаа байх?

-Сайхан хүмүүстэй, сайхан хот юм. Ногоон байгууламж ихтэй, үзэж харах зүйлээр ч арвин юм. Ялангуяа охид бүсгүйчүүд нь... Орос эмэгтэйчүүд зүгээр л гайхалтай. Залуус аа, үнэнийг хэлэхэд та нарт багагүй атаархаж байна шүү. Гэхдээ бурхны авралаар, би гэрлэчихсэн.

-Бас Оросын гал тогоог ямар гээ. Орж үзье гэсэн төлөвлөгөө байгаа юу?  

-Мэдээж. Гэхдээ тулааны дараа л болно. Борщ, банш гээд бүгдийг нь идэж үзнэ. Бас эндхийн KFC-гээр заавал орно гэж бодож байгаа.

-Тэгэхээр одоо яаж хооллож байгаа гэсэн үг үү?

-Зааврын дагуу эрүүл хоол хүнс хэрэглэж байгаа гэх үү дээ. Гол нь ямар ч допинг байхгүй шүү.

-Алексей Олейниктой хийх тулаанаас юу хүлээж байгаа вэ?

-Жинхэнэ тэмцэл, тулаан болох болно. Ер нь бол таван үе тулалдахад бэлэн. Гэхдээ ингэж зууралдалгүй эхний үед л дуусгахыг хүсч байна. Алексей сайн залуу. Би түүнийг маш их хүндэлдэг. Өмнө нь нэг бус удаа уулзаж байсан. Гэсэн ч ялахын тулд л тулалдана. Ажил бол ажил шүү дээ. Алексейгаас бас допинг илэрчихгүй байх гэж найдаж байна /Марк Хантын нэг бус өрсөлдөгч, тухайлбал Брок Леснар стероид хэрэглэсэн нь тогтоогдсон/. Гэхдээ Алексей өмнө нь тийм зүйлд нэр холбогдож байгаагүй болохоор бүх зүйл сайхан болох байх аа.

-Тулааны бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаараа уншигчидтай хуваалцана уу. Мэдээж, нууц биш бол шүү дээ?

-Нууцсаад байх юм юу байх вэ дээ. Би өрсөлдөгчөө нокатад оруулдаг хүн. Есдүгээр сарын 15-нд тэгэхийн төлөө л бэлтгэлээ хийж байна. Тэгэхээр, миний төлөвлөгөө бол түүнийг цохиж унагах. Харин Алексейн зорилго намайг боож ухаан алдуулах байх болов уу. Алинаар нь болохыг харж л байя. Бямба гаригт би жинхэнээсээ муу залуу, харгис этгээд болж хувирна /инээв/.  

-Нэрийн хуудас болсон “Изекиелийн боолт”-оо танд хийж чадахгүй байх гэж Алексей өөрөө ярьсан байна лээ. Үүнийг сонсоод сэтгэл тань арай хөнгөрсөн үү?

-Худлаа ярьсан гэдэгт нь итгэлтэй байна. Тэр хийе л гэвэл бүгдийг хийж чадна. Тэгээд хийх гээд үзэг. Харин би түүнийг цохиж унагахыг хичээе.

Хоёр тулааны дараа UFC бид хоёрын зам сална

-Таны цаашдын төлөвлөгөө юу вэ. Бүсний төлөө тулалдах бодол байгаа юу?

-Бараг л үгүй болов уу. Кертис Блейдст ялагдсаны дараа /Марк Хант энэ оны хоёрдугаар сарын 10-нд түүнд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялагдсан юм/ надаас өндөр чансаатай өрсөлдөгч олж өгөхийг гуйсан юм. Тэгээд л А.Олейникийг олж өгсөн хэрэг. Гэхдээ бүсний төлөө тулаан өгөхгүй гэдэгт би бараг 100 хувь итгэлтэй байна.

-Дахин хоёр тулаан хийсний дараа UFC дэх замналаа дуусгана гэсэн шийдвэрээ өөрчлөөгүй хэвээрээ байгаа юу. Тийм бол, Алейксейн дараа бас нэг өрсөлдөгчтэй тулалдаад л болоо гэсэн үг биз дээ?

-Тийм ээ. Тэгээд л болоо. Дараа нь UFC бид хоёрын зам сална.        

- UFC гэрээгээ сунгах санал тавибал яах уу?

-Намайг зөвшөөрүүлэхийн тулд тэр санал нь маш ашигтай байх ёстой юм.

-Тийм байж. Гэхдээ ингэлээ гээд та бүрмөсөн зодог тайлчихлаа гэсэн үг биш тийм үү. Цаашдаа аль нэг газар тулалдах уу?

-Мэдээж. Би хаана ч тулалдана. UFC-тэй гэрээгээ дуусгасны дараа дахиад гурав, дөрвөн тулаан хийхэд хангалттай гэж бодож байгаа. Хэдий нас 44 хүрсэн ч дэлхийн чансааны эхний 10-т бичигдсэн хэнбугайг ч нокаутлаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бурхан надад хатуу чанд эрүүл мэнд заяасан. Тиймээс UFC биш байсан ч би тэмцэнэ. Одоо ч тэмцэж байна. Би К-1-аас эхлээд UFC хүртэл урт зам туулсан. Энэ замд допингоор дагнадаг новшнууд цөөн бус таарсан нь харамсалтай.  

Допинг хэрэглэсэн нөхдөөс эхлээд шагналын мөнгийг нь авч, цэвэр өрсөлдөгчид нь өгөх хэрэгтэй. Дараа нь шийтгэлийн асуудлыг ярих ёстой

- UFC-ийн ерөнхийлөгч Дэйна Уайтад энэ асуудлаар өргөх бичиг өгөх бодол байна уу?

-Дэйна ажлаа хийж яваа бизнесмэн хүн. Гэхдээ одоо бид шүүхдэлцэж байгаа болохоор /Марк Хант Дэйна Уайтыг UFC  холбооны тулаанчдыг допинг хэрэглэдгийг мэддэг ч нуун дарагдуулж байсан гэсэн үндэслэлээр шүүхэд өгөөд байгаа/ түүний талаар муу үг яриад яах вэ.  

- UFC-ийн олон тулаанч допингтой нэр холбогдлоо. Холбооны зүгээс Америкийн допингийн эсрэг агентлаг / USADA /-тай хамтраад дорвитой ажил хийх цаг болсон гэж танд санагддаг уу?

-Тиймээ. Би аль дээр үеэс л энэ талаар яриад яваа шүү дээ. USADA допинг хэрэглэсэн залуусыг илчлэх сайн ажил хийдэг. Харин UFC-тэй бол шүүхдэж байна. Учир нь тэд ингэдэггүй. Минийхээр бол, эхлээд допинг хэрэглэсэн нөхдөөс шагналын мөнгийг нь авч, цэвэр өрсөлдөгчид нь өгөх хэрэгтэй. Дараа нь шийтгэлийн асуудлыг ярих ёстой. Эхний удаад эрхийг нь таван жилээр хасч, давтвал бүх насаар нь хориглох ёстой. Дашрамд, Фабрисио Вердумд мэнд хүргэе. Замналаа аз жаргалтай дуусгаж, сайхан цэнгээрэй, новш минь / UFC-ийн аваргын бүсний төлөө Марк Ханттай тулалдаж ялж байсан Бразилийн Фабрисио Вердум допингийн шалгалтад бүдэрч, эрхээ хоёр жил хасуулсан. Тэрээр 2020 оны тавдугаар сард л эргэж ирэх боломжтой/.   

Фабрисио Вердум

-Брок Леснартай таарвал гар барих уу?

-Түүнтэй гар барьж яах юм бэ. Түүн шиг юмнуудыг золгүй амьтад гэдэг юм. Би хууран мэхлэгч хэний ч нүүр рүү нь харж байгаад ингэж хэлнэ. Брок Леснар шиг юмнуудыг ер нь хэн агуу тулаанч гэх юм бэ. Тэр агуу тулаанч биш, харин агуу хууран мэхлэгч. Хүмүүс ер нь допинг хэрэглэсэн тамирчдад хандах хандлагаа өөрчлөх цаг болсон.

-Ямар ч допинг хэрэглээгүй 100 хувь цэвэр Брок Леснартай тулалд, эсвэл аваргын бүс эзэмшигч Даниэль Кормьетэй тул гэвэл та хэнийг нь сонгох вэ?

-Мэдээж хэрэг Брокийг сонгоно. Түүнд өмнө нь хожигдсон болохоор. Гэхдээ тэр допинг хэрэглэчихсэн байсан болохоор би өөрийгөө хожигдсон гэж боддоггүй ш дээ.

-Даниэль Кормье, Брок Леснар нарын хооронд болох аваргын бүсний тулаан их асуудал дагуулах байх даа?

Брок Леснар

-Ойлгож байна. UFC-ий чансаа бол нохойн баас ш дээ. Леснар бүр чансаанд ч байхгүй байтал түүнд аваргын бүсний төлөө тулалдах эрх өгч байна. Хүнд жинд аваргын төлөө өрсөлдөх гавьяатай олон залуус бий. Харин Брок бол зүгээр л нэг харх.     

“Нурмагомедов өрсөлдөгчөө нам дарна”

-Австрали, Шинэ Зеландад олон авьяаслаг тулаанч бий. Шинэ Марк Хант гарч ирэх нь үү?

-Манайд авьяастай залуус олон бий. Гэхдээ тэднээс шинэ Марк Хант төрнө гэж бодохгүй байна. Хоёр дахь Майкл Жордан, Майк Тайсон гэж төрөөгүй шиг.

-Хабиб Нурмагомедов, Конор Макгрегор нарын тулааны талаар таамгаа хуваалцаач. Хэн нь ялах бол?

-Хэцүү асуулт байна. Надад хоёулаа таалагддаг. Хабибитай бол уулзаж байсан, харин Конорыг танихгүй. Конор босоо тулаандаа тун сайн. Тиймээс тулааны эхэнд өрсөлдөгчөө ялах муугүй боломж түүнд байгаа. Харин Хабиб өрсөлдөгчөө нухчин дардаг тамирчин. Нэгдүгээр зэрэглэлийн бөх. Өрсөлдөгчөө хэвтээ байдалд шилжүүлээд л зүйл дуусгадаг. Тиймээс хэн нь ялахыг хэлж мэдэхгүй нь.

-Ер нь тэдний тулаан яг болно гэж итгэж байна уу?

-Болно гэж бодож байна. Тоглоомгүй их мөнгө шагналын морин дээр ачигдчихаад байна шүү дээ. Конор бол хүрсэн болгоноо алт болгон хувиргадаг хүн. UFC 229  болдгоороо болох байх.

-Чөлөөт цагаараа та юу хийдэг вэ?

-Жишээ нь, Москвад ирсэн оройноо тоглоом тоглолоо. Би чинь видео тоглоомын улаан хорхойтон шүү дээ.

 -Ямар тоглоом тоглох уу?

-Олоон, олон. Гэхдээ ихэнхдээ Counter-Strike: Go тоглодог юм байна. Энэ тоглоомд ороод 15 жил болж байна даа. Заримдаа энэнээсээ болж бэлтгэлээ ч тасална гээч. CS тоглохын тулд тоног төхөөрөмжинд 40 гаруй мянган ам.доллар зарсан гэхээр намайг энэ тоглоомд ямар дуртайг ойлгож байгаа биз дээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)