“UBike” 100 дугуйгаар үйлчилгээгээ тэллээ

Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил болох нь дэлхийн олон хотын туршлагаар батлагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 600 гаруй хотод түрээсийн дугуйн үйлчилгээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хямд, ухаалаг тээврийн хэрэгсэл их хотын иргэдийн үйлчлүүлэх дуртай тээврийн хэрэгсэл болсоор байгаа юм.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны гуравдугаар сард “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBike” төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “UBike” төслийн сонгон шалгаруулалтын дүн гарч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг зарласан.

Төслийн сонгон шалгаруулалтад “Никель ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банктай хамтарсан консерциум ялалт байгуулж, Улаанбаатар хотын Түрээсийн дугуйн “UBike” төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан юм.

Өнөөдөр энэхүү төсөл 100 дугуй, 7 зогсоолоор үйлчилгээгээ тэллээ.

-"UBike" зогсоолын тоог 17 болгон нэмэгдүүллээ-

"Никел Ганбаа" компанийг үүсгэн байгуулагч Г.Дашням

Манайх "UBike" төслийнхөө хүрээнд өнөөдөр 100 дугуйг гаргаж байна. Эхний 100 дугуйгаа долдугаар сард гаргаж байсан. Энэ хугацаанд дугуйнууд маань нэлээд эвдэрч, алдагдсан, үүнийгээ нөхөн мөн дараагийн 100 дугуйгаа үйлчилгээнд гаргалаа. Мөн дээрээс нь нэмэлтээр байнгын хэрэглэгчиддээ урамшуулал олгож байгаа. Түүнчлэн хэрэглэгчдийнхээ хүсэлтээр хүлээлгийн горимыг нэмж байгаа. Тодруулбал, хэрэглэгч дугуйг нэг цагаар түрээслэх хугацаандаа дунд нь дэлгүүр, албан байгууллага, үзвэр үйлчилгээний газар орсон тохиолдолд хүлээлгийн горимд хадгалан буцаан нээх боломжийг бүрдүүлж байгаа. Хүлээлгийн горимд байгаа дугуйг өөр хүн түрээслэн унах боломжгүй юм. Зогсоолын тоог 17 болгон нэмэгдүүллээ.Хэрэглэгчид зогсоол дээр түрээсийн дугуйгаа байршуулаагүй тохиолдолд торгууль нь 2500 төгрөг болон нэмэгдэж байгаа. Хэрвээ зогсоол дээр байршуулаагүй дугуйг хэрэглэгч нээн хамгийн ойр зогсоол дээр аваачиж байршуулсан тохиолдолд тухайн хэрэглэгчийн дансанд 2000 төгрөгийн урамшуулал ордог болж систем маань өөрчлөгдөж байгаа.

-Дугуй унаж байх явцад эвдрэл гэмтэл гарч байна гэж хэрэглэгчид хэлж байсан. Эргэх холбоо хэр байгаа вэ?

-Бид байнгын засвар үйлчилгээ хийж байгаа. Анх удаа гаргаж байгаа учраас алдаатай, сайжруулах зүйлсээ тухай бүрд нь хийгээд явж байна. Дугуй хагарах явдал их тохиолдож байна. Бусад орны жишиг, дэлхийн стандартад нийтийн дугуйнд  дандаа хийгүй дугуйнууд явдаг. Манай замын нөхцөл, хүмүүсийнхээ эрүүл мэндэд тустай гээд хийтэй дугуй хэрэглэж байсан. Цаашдаа олон улсын стандартад нийцүүлэн хийгүй дугуй хэрэглэх юм бол эвдрэл харьцангуй багасна гэж бодож байна.

-Түрээсийн дугуйг тогтмол хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байна уу?

-Тогтмол байнга хэрэглэж байгаа иргэд нэлээд нэмэгдэж байна.  Сүүлийн үед түрээсийн дугуйг санаатайгаар эвдэлдэг байсан нь багаслаа. Мөн хулгай багасаж байна. Тогтмол хэрэглэдэг иргэд зогсоолоос зогсоолын хооронд дугуйгаа тавьдаг болсон. Өглөөд Улаанбаатар хотын иргэд хамрах хүрээний хязгааруудаас хотын төв рүүгээ явдаг. Оройдоо ихэвчлэн хотын төвөөс зах руу нэлээд хөдөлгөөнтэй байна.

-Цаашдаа хамрах хүрээ, зогсоолын тоо нэмэгдэх үү?

-Бид энэ жилдээ хотын төвөөсөө эхлэн зогсоолуудаа хийсэн.Дараа жилээс зогсоол, дугуйн тоог дахин нэмнэ. Хамрах хүрээгээ нэлээд тэлэх төлөвлөгөөтэй байгаа.

-"UBike" төсөл зогсоно гэсэн яриа байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Түрээсийн дугуйн эвдрэл гэмтэл гаран багасаад ирэхээр хүмүүс хаагдах гэж байна гэж ярьсан цуу яриа гарсан. Гэхдээ тийм зүйл байхгүй. Цаашдаа бид дугуйн тоог нэмэн үйлчилгээний чанараа сайжруулж ажиллана.

-Хамгийн идэвхтэй хэрэглэсэн 200 хүнд бид түрээсийн дугуйг 50 цаг үнэгүй ашиглах урамшуулал олгож байгаа-

"UBike" төслийн талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсын жишигт нийцсэн дугуйн түрээсийн үйлчилгээний зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийнхээ хүрээнд "Никел Ганбаа" ХХК-тай хамтран  "UBike" төслийг хэрэгжүүлээд гурван сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд 13 мянга гаруй хэрэглэгч "UBike" аппликейшныг татсан байна. Өдөр тутам 3000 гаруй залуу идэвхтэй хэрэглэж байна. Нийслэлийн Засаг дарга зорилтынхоо хүрээнд хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагаагаа цаашдаа өргөжүүлж 150 зогсоол, 2000 дугуйтай болох зорилт тавьж байгаа. Өнөөдөр өнгөрсөн гурван сарын хугацаанд идэвхтэй хэрэглэсэн залуусаа урамшуулаад хамгийн идэвхтэй хэрэглэсэн 200 хүнд бид түрээсийн дугуйг 50 цаг үнэгүй ашиглах урамшуулал олгож байгаа. Дэлхийн 4000 гаруй хотод үйл ажиллагаа явуулдаг зар сурталчилгааны томоохон компанитай хамтран "UBike" дугуйн зогсоолуудаа олон улсын жишигт хүргэн шинэчлэхээр тохиролцсон. Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллаж байгаа Улаанбаатар хоттой хамтран ажиллаж иргэдээ идэвхтэй хөдөлгөөн, эрүүл аж төрөхөд нь дэмжлэг үзүүлж байгаа "Никел Ганбаа" компанийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Үндэсний үйлдвэрлэгч компани хотын захиргаатайгаа хамтран хэрэгжүүлж байгаа үлгэр жишээ төслүүдийн нэг гэж бид үзэж байгаа.

-Цаашдаа зогсоолуудаа хэрхэн тэлэх үү?

-Бид 2020 он гэхэд 150 зогсоолтой болно гэж төлөвлөж байгаа. Өнөөдөр 17 зогсоолтой болж байна. Ойрын хугацаанд зогсоолын тоогоо 30 хүргэнэ. Хамгийн их хэрэглэгч олонтой газар байршлуудаа нэмнэ.

-Скүүтэртэй болох гэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ирээдүйд бид "UBike" төслөө өргөжүүлэн "USkooter" төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Ирэх хавраас энэхүү төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Ингэснээр цахилгаан тэжээлт скүүтэр буюу дэлхийн олон хотод амжилттай хэрэгжүүлж байгаа төсөл Улаанбаатарт хэрэгжиж эхэлнэ. Бид залууст боломжийг нь олгон унадаг дугуй, цаашлаад скүүтэр хэрэглэх үүднээс заавал өөрөө худалдаж авах биш хамтын  дундаа хэрэглэх боломжийг нь нэмэгдүүлэхээр хотын захиргаанаас хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна.

Энэ жилийн хувьд түрээсийн дугуй үйлчилгээний хамрах хүрээ нь баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой хойшоо их тойруугийн дотор байхаар  төлөвлөгөөнд тусгагджээ.

Түрээсийн дугуйн үйлчилгээний үнийн хувьд нэг цагийн хөлсийг 1000 төгрөг, хоёр цаг нь 1500 төгрөг, гурван цаг нь 2000 төгрөг байхаар тооцсон байна. Хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдох гэнэ. Унадаг дугуйн түрээсийн төлбөрийг төлөхөд төлбөр тооцооны ухаалаг шийдлийг ашиглаж, “UBIKE” аппликэйшн нэвтрүүлж эхэлжээ.

Анх бүртгүүлэхдээ 10 мянган төгрөгийн хураамж төлөх бөгөөд дансаа цэнэглэснээр таны дугуй унах эрх нээгдэх юм. Ингэснээр өөрт ойрхон зогсоолоос өөрийн сонгож авсан дугуйны QR кодыг уншуулж дугуйны түгжээг тайлна. Дугуйг зөвхөн хамрах хүрээн дотор зогсоолоос зогсоолын хооронд унах аж.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Өвөл энэ дугуйнууд яах бол????

    0 0 Хариу бичих