Сэрсэн тал дахь Б.Шаравын урлан

“Биднийг гадаад дотоодод явахад танайд Б.Шарав гэдэг хөгжмийн зохиолч байдаг гэсэн яаж танилцах вэ, ямар ажил хийдэг хүн бэ, язгууртан хүн үү, олон үе дамжсан хөгжмийн боловсролтой, хөгжимчдийн удамтай хүн үү гэж асуудаг. Үгүй ээ, жирийн малчны хүү гэхээр тэд гайхдаг. Б.Шарав бол Монголын хөгжмийн зохиолч, дэлхийн хөгжмийн зохиолч гэж бид бахархах дуртай. Би хөгжим судалдаг хүн байгаа юм. Иймэрхүү хүн, иймэрхүү “юм” бүтээдэг хүн бол хамаагүй төрдөггүй юм билээ. Тийм учраас та бүхний хайр ивээл бол Б.Шаравын бүтээлийн өөрийнх нь үр шим төдийгүй энэ нутгийнхан Б.Шараваар дамжуулан дэлхийн оюуны сан хөмрөгт өөрсдийн дуу хоолойг хүргэж яваа азтай ард түмэн”

Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров уран бүтээлийн эрхэм анд нөхрийнхөө тухай төрсөн нутаг Жаргалтхааных нь тэнгэр дор ийн өгүүлсэн билээ. Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав хэмээх энэ эрхэм хүмүүний нэрэмжит “Сэрсэн тал” дуу, хөгжмийн анхдугаар наадам Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хөшгөө нээж Монголын сонгодог урлаг, дуу, хөгжмийн ертөнцийнхний том баяр болсон билээ. Сонгодог урлаг хийгээд үндэсний урлагийн уран бүтээлчид хөдөө буйдын аглаг сууринд бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларсан ийм тохиолдол ер нь үгүй болов уу. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол Улсын ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Ичинхорлоо, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач Ж.Саруулбуян, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг тэргүүтэй олон арван уран бүтээлч хөгжмийн зохиолч Б.Шаравт хүндэтгэл үзүүлэн “Сэрсэн тал” хөгжмийн наадамд хүрэлцэн очсон юм.  

Дуу, хөгжмийн наадмын үеэр болсон нэгэн онцлох үйл явдал нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумынхан орон нутгийн хөрөнгөөр нутгаасаа төрөн гарсан суутан Б.Шаравтаа Уран бүтээлийн гэр урлан барьж, түлхүүрийг нь ёслол төгөлдөр гардуулан өгсөн явдал байв. Энэхүү 0,2 га өмчлөлийн газар бүхий 64 м.кв талбайтай уран бүтээлийн гэр урлангийн дотоод тохижилтыг УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ. Дэлхийд данстай хөгжмийн зохиолчийнхоо гэр урлангийн нээлтэд зориулан жаргалтхаанчууд соёолон насны морь уралдуулсан юм.

Б.Шарав хөгжмийн зохиолчийн үндэсний найрал хөгжимд зориулсан “Сэрсэн тал” удиртгал бол түүний хамгийн олон удаа тоглогдсон бүтээл. Мөн Үндэсний урлагийн их театр, Морин хуурын чуулга зэрэг мэргэжлийн чуулга, театруудын хувьд ч хамгийн олон удаа тоглосон бүтээл нь “Сэрсэн тал” ажээ. Хөгжмийн зохиолч энэхүү удиртгал хөгжмийнхөө тухай “Энэ бол Жаргалтхаан сум, жаргалтхаанчууд та бүхэнтэй салшгүй холбоотой хөгжим юм шүү” хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)