2019 оны төсвийг агаарын бохирдол, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад чиглүүлжээ

Засгийн газар төсвийн төслөө аравдугаар сарын 1-нээс өмнө УИХ-д өргөн барих хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, төсвийн төслөө бүрэн боловсруулж дуусгахад хагас сарын хугацаа үлдлээ. Засгийн газар 2019 оны төсвийн төслөө УИХ-д өргөн барихаасаа өмнө гурван удаа хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд өчигдөр анх удаа хэлэлцжээ. Засгийн газар төслөө хэчнээн сайн боловсруулж шахсан бяслаг шиг болгосон ч УИХ хэлэлцэхдээ танигдахын аргагүй болтол нь өөрчилдөг. Энэ нь төсвийн сахилга батыг алдагдуулж, тухайн жилийн төсвийн зарим зорилтыг алдагдуулдаг. 2019 оны төсвийг ч УИХ танигдахын аргагүй болтол нь сэглэх магадлалтай. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 2018 оны төсвийн орлого нэг тэрбумаар давж биелэхээр байгааг хэлсэн. Ийнхүү эдийн засаг сэргэж орлого нэмэгдэж байгааг сонссон УИХ-ын гишүүд хийхийг хүссэн бүхнээ төсөвт багтаахыг хичээдэг. Хоёрдугаарт, энэ удаагийн УИХ өмнөх парламентаас ялгаатай нь 76 жижиг тойргоос сонгогдсон хүмүүс. Төсвийн орлого ийм олон хэсэгт хуваагдаж, аманд ч үгүй, хамарт үгүй гэдгийн адил болох эрсдэлтэй. Гуравдугаарт, 2019 оны төсөв гэдэг бол сонгуулийн өмнөх жилийн төсөв. Товчхондоо сонгуулиар амласан бүтээн байгуулалтуудаа төсвөөр дамжуулан хэрэгжүүлэх сүүлчийн боломж. 2020 оны сонгуулиар тойрогтоо очихдоо хийсэн юмтай, хэлэх үгтэй байхын тулд тойрогтоо хөрөнгө оруулалт татах өрсөлдөөн УИХ-д өрнөнө. Өрсөлдөхөөс гадна баг болон ажиллаж “Манай энэ төслийг дэмжчих. Тэгвэл би танай тойргийн тэр төслийг дэмжье” гэх зэргээр гишүүд хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлдэг. УИХ ингэж л төсвийн нэгдсэн бодлогыг алдагдуулдаг. Үүнийг зогсоох зорилгоор Үндсэн хуульд “Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийн орлого, зарлагыг УИХ нэмэгдүүлэхгүйгээр батална” гэсэн заалт оруулахаар хэлэлцэж байгаа.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД 200 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА

2019 оны төсвийн төслийг дээрх эрсдэл хүлээж байна. Тиймээс Засгийн газар төсвийн төслөө хааш нь ч хөдөлгөхийн аргагүй сайн боловсруулах ёстой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газар ирэх онд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад гол анхаарлаа хандуулж төсвийн төслөө боловсруулжээ. Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулахад 200 тэрбумыг төсөвлөж байгаа юм байна. Мөнгөн дүнгээс нь харвал Засгийн газар агаарын бохирдолд үнэхээр онцгой анхаарал хандуулахаар болсон бололтой. Энэхүү мөнгөөр богино болон урт хугацаанд агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 200 автобус, гэр хорооллын 40 мянган айлын янданд шүүлтүүр тавих юм байна. Гэр хорооллын 200 мянга орчим айлаас эхний ээлжинд агаарын бохирдлын онцгой бүст амьдарч буй 40 мянган айлын янданд шүүлтүүр тавих ажээ. Уг яндангийн шүүлтүүрийг өнгөрсөн наймдугааар сарын 29-нд МУИС-ын гадаа талбайд танилцуулсан. Монгол залуусын зохион бүтээсэн уг шүүлтүүрийг БНХАУ-ын “Hаier” брэндийн үйлдвэрт захиалгаар үйлдвэрлүүлэхээр болсон тухай яриа гараад байгаа юм. 

Энэхүү яндангийн шүүлтүүрийг танилцуулах үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Утааны бохирдлыг бууруулах богино хугацаат ажлыг хариуцаж байсан “Цэвэр агаар сан” татан буугдсан учраас манай яаманд шилжиж ирсэн. Агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны шийдэл ярьж байж ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой. Түүнээс бид “дэд бүтцийг сайжруулж, орон сууцжуулахад төдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй” гээд яриад, суугаад байж болохгүй. Харин богино хугацаанд утааг бууруулах нь хамгийн зөв алхам. Энэ ажлуудын эхний хэсгийг танилцуулна. Энэ бол индукцийн технологид суурилж, агаарт тархаж буй нүүрсхүчлийн хий болон азотын хүчлийг бууруулна. Энэ оны эцэс гэхэд төсөв санхүүг шийдээд, айл өрхүүдэд туршиж эхэлнэ. Тэгээд ирэх оны төсөв дээр хөрөнгө хуваарилж, албан ёсоор хэрэгжүүлэх юм. Ингэж байж эрүүл мэндээ хамгаалах ёстой. Дээр нь энэ төсөл дээр хамтарч байгаа компани бол БНХАУ-ын ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн компани. Ийм компани найман сарын турш энэ төсөл дээр ажиллаж байж, эцсийн хувилбараа өнөөдөр танилцуулж байна” гэсэн юм. Энэхүү шүүлтүүр нь 200 ам.долларын үнэтэй бөгөөд Засгийн газраас татаас өгч айл өрхүүдэд суурилуулах бололтой. Уг шүүлтүүр яндангаас гарах хорт элементүүдийг 82 хувь хүртэл бууруулах нь туршилтын явцад тогтоогджээ.

ЕРӨНХИЙ САЙД АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХЭД АНХААРЧ БАЙГАА БОЛОЛТОЙ

Ирэх оны төсвийн нэг гол цөм нь дээр дурдсанчлан сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт байх ажээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа сургууль, цэцэрлэгийг олноор барьж ачааллыг бууруулна гэж амласан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-нд гурван ээлжээр хичээллэдэг Согинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль дээр очиж ажиллахдаа “2019 онд багтаагаад гурван ээлжийн сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлнэ. 2019 оноос өмнө нийт 93 сургууль, 127 цэцэрлэгийг шинээр барих болон өргөтгөх юм. Үүний хөрөнгийг улсын төсөвт суулгаж явна. Мөн гадаадын зээл тусламжийг үүнд зарцуулна. Энэ бүтээн байгуулалтыг хийчихвэл Улаанбаатар хотын хэмжээнд бүх хүүхэд цэцэрлэг сургуулиар хангагдана” гэсэн юм. Түүний энэхүү амлалт хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн нэхэгдэж эхэллээ. Тиймээс Засгийн газар ирэх онд сургууль, цэцэрлэгийн барилгад их хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн бололтой.

“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨРТ 9.1 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Мөн Засгийн газар өнгөрсөн сард баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд зориулж 9.1 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгажээ. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийн нийт санхүүжилт нь 50 тэрбум төгрөг байх бөгөөд эхний ээлжинд ийнхүү 9.1 тэрбумыг зарцуулахаар болсон байна. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх юм. Хөтөлбөрийг хэрэгжилтэд хувийн эмнэлгүүдийг оролцуулж, Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгохоор төлөвлөөд байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)