Дэвсэх тойрон бүжгийг сэргээн хөгжүүлж байна

Ноён уулнаа болсон тойрон бүжиг

Нүүдэлчин монголчуудын эртний гайхамшигт өв соёлын нэг нь дэвсэх тойрон бүжиг юм. Энэхүү бүжиг нь эв нэгдлийн бэлгэдэл бөгөөд язгуурын монголчуудын дунд эртнээс уламжлагдан ирсэн ажээ. “Монголын нууц товчоо”-нд “Монголын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хоталыг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав” гэсэн байдгаас үүнийг харж болно.

Сүүлийн жилүүдэд тойрон бүжиг буюу тойром бүжгийг сэргээх санал санаачилга олноор гарах болжээ. Тухайлбал, “Алтай” хамтлагийнхны санаачилгаар Ноён ууланд тойрон бүжиг хийж байжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ч тойрон бүжиг болж байв. Орон нутагт тойрон бүжгийг өвлөн уламжилж, хөгжүүлж байгаа жишээ олон.

Тухайлбал, есдүгээр сарын 03-нд болсон Дундговь аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын  төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаагийн нэрэмжит болгох ёслолын үеэр тус сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд хүндэт зочдынхоо хамт дэвсэх тойрон бүжиг хийжээ.

Түүнчлэн буриад зон уламжлалт тойрон бүжиг ёохороо уламжлан хөгжүүлж энэ цаг үед ирсэн бөгөөд Хэнтий аймгийн Батширээт суманд жил бүр “Ёохор” фестиваль зохион байгуулдаг болсон билээ. Ийнхүү эртний уламжлалт өв соёл дэвсэх тойрон бүжгийг энэ цагт сэргээн хөгжүүлж, өвлөн уламжлуулж байна.

Дундговь аймгийн Өлзийт сумын сурагчдын тойрон бүжиг

Буриад зоны тойрон бүжиг ёохор

Ойрад түмний тойрон бүжиг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон тойрон бүжиг


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)