25 жил эрүүл мэндийн даатгал төлсөн малчин Д анх удаагаа хот газар бараадан эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Гэхдээ түүнд санасны зоргоор эмчид үзүүлэх цаг, очер дараалал олдсонгүй. Яарч сандарч байгаад орон нутгаасаа авчирдаг 13А маягтаа орхиод ирсэн түүнд 20 гаруй жил эрүүл мэндийн даатгал төлсний хэрэг гарсангүй. Төлбөрөө төлөөд тусламж үйчилгээ авч болно гэсэн хариулттай нийслэлд хэд хоножээ. Өнөө цахим лавлах, үйлчилээ нь ч тус болсонгүй. Тэгвэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн С шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлээд очсон ч дүүргийнхээ болоод гурав дахь шатлалын эмнэлэгт бас л үзүүлж чадалгүй, хувийн эмнэлэгт ханджээ. Түүний хувьд ажлаасаа чөлөө аван гурван өдөр улсын эмнэлгээр явсан ч тусламж үйлчилгээ авч чадаагүйн дээр харьцааны соёлгүйг нь гайхаж байв.
Хэдийгээр энэ хоёрхон хүний жишээ мэт боловч өнөө цагийн эрүүл мэндийн байгууллагын бодит дүр төрх. Монголд эрүүл мэндийн даатгалаараа хүн бүр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна. Арга ядахдаа эмнэлэгт ажилладаг танил тал хайж, танилгүй нэг нь тусламж үйлчилгээ авч чадахгүй буцах энх цагийн төрх. Танил талдаа дулдуйдсан энэ байдал эргээд авлигын нэг хэлбэр ч болж байгааг үгүйсгэхгүй.
Хувийн эмнэлэг зарим үйлчилгээг даатгалаар үзүүлнэ гэдэг ч мөнгөгүй л бол тийш зүглэлтгүй. Арга буюу улсын эмнэлэгт цахимаар цаг авахаар хүмүүс урт дараалалд зогсоно. Удаан дугаарласны эцэст хамгийн багадаа хоёр өдрийн дараа эмчид үзүүлэх цаг олдоно. Ямар нэг бичиг баримтаа дутуу авчирсан бол маргааш, нөгөөдөр ир гэж буцаана. Ийм дүр зурагтай аль ч шатлалын эмнэлэгт танилгүй хүмүүс нүүр тулна. Гэтэл эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүр жилд хоёр хүртэл сая төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Манай улсад 2017 оны байдлаар эрүүл мэндийн 4005 байгууллага байгаагийн 1618 нь, 1226 хувийн эмнэлгийн 185 нь эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авдаг.
Эрүүл мэндийн даатгалын мөнгө хааш урсаад бид үр шимийг нь хүртэж чадахгүй байна вэ. Жилд 360 гаруй тэрбум төгрөг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрдөг. Энэ мөнгийг чухам юунд зарцуулдаг юм бол? Энэ талаар ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Отгонжаргал “Манай улсад эрүүл мэндийн даатгалын сангаас 1618 байгууллага санхүүжилт авдаг. Үүний 185 нь хувийн эмнэлэг. Жилдээ хоёр сая хүртэл төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгуулагч авах эрхтэй. Хэрэв тухайн жилдээ үүнийгээ эдлээгүй бол гэр бүлийнхээ гишүүдэд шилжүүлэх боломжтой” гэв.
Бодит байдалтай уялдаагүй дүрэм журамд захирагдаж, XXI зууны шинэ Монголын үрс хорвоогийн өдөр хоногийг өнгөрүүлэх эмгэнэлт дүр төрхийг бид өдөр бүр харж байх.
Очер дараалал багатайгаар нь хувийн эмнэлэгт даатгалаар үзүүлье гэхэд аль нэг шинжилгээ, үзлэгийг төлбөрөө төлж үзүүл гэх. Хэвтэн эмчлүүлэх, сувилалд явахаар бол эрүүл мэндийн даатгалаас тодорхой хувийг нь төлөх дүрэм журам үйлчилнэ. Хүн ардын эрүүл мэндийг хариуцах ёстой эмнэлгийн байгууллагууд арилжааны шинжтэй, мөнгө олох хэрэгсэл болсон нь хүний амь үнэгүйдсэн жишээг бататгах. Эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авдаг эмнэлэг, эмийн сангууд 35 хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл, жилд хуваарилдаг 300 орчим тэрбум төгрөгийн 100 орчим тэрбумыг нь хувийн эмнэлгүүд даатгал нэрээр авдаг.

Нийслэл хот хүрээгээ тэлж, өдрөөс өдөрт хүн ам өсөн нэмэгдэж байна. Социализмын үед баригдсан эмнэлэг, тоног төхөөрөмж, хүчин чадлаас манайхан нэг талаараа капитализмын үйлчилгээ нэхэж эхэлсэн. Улсэн нэгдүгээр төв эмнэлэг гэхэд 500 ортой, түүнд 1000 гаруй ажилтан ажиллах ёстой ч 700 гаруй хүн ажилладаг. Жилд 200-250 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай ч 350 гаруй мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ талаар УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Цэцгээ “Эмч, эмнэлгийн ажилтнуудын ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаа. Тийм учраас бид заавал 13А маягт шаарддаг. Энэ маягтаар үзсэн хүнийхээ тоогоор бид даатгалаас санхүүждэг” гэв.
Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг нийслэлд хамгийн их хүн амтай. Энэ дүүргүүдэд ардчиллаас хойш шинээр эмнэлэг нэмж бариагүй. Энэ хугацаанд хүн амын тоо гурав дахин нэмэгдсэн. Жил бүр салбарын яамнаас мөнгө төсөвлөдөг ч хаанаа ч хүрдэггүй. 2018 оны төсөвт улсын хэмжээнд 60.7 тэрбум төгрөгийн өртэгтэй эмнэлэг барихаар төсөвлөсөн ч зарим барилгын ажил 2019 он руу шилжсэн байх жишээтэй.
Баянзүрх эрүүл мэндийн төвийн захирал Ж.Энхзул “Бид өдөрт 80 хүүхдэд үзлэг хийж байна. Гэтэл хүүхдэд үзлэг хийх гурван өрөөтэй байсан бол гурван эмч ажиллуулаад 200 хүүхдэд үзлэг хийх боломжтой байсан. Өрөө тасалгааны хүрэлцээгүй байдлаас болж бага санхүүжилт авдаг /үзсэн хүнийхээ тоогоор даатгалаас санхүүждэг/, дүүргийнхээ хүмүүст ч хүрч ажиллаж чадахгүй байх жишээтэй” гэлээ.

Баянзүрх дүүрэг 100 гаруй мянган хүнтэй байхад одоо ашиглаж байгаа амбулаторийг барьжээ. Түүнээс хойш нэг ч эмнэлэг, өргөтгөл бариагүй бол дүүргийн хүн ам энэ хугацаанд гурав дахин нэмэгдэж 330 мянга болсон байна. Тус амбулотариар жилд давхардсан тоогоор 400 мянган хүн үйлчлүүлдэг аж. Хүнээ дээдэлсэн улсад хэдэн арваараа баригдсан байх эмнэлэг манайд ганц ч алга байгаа нь бид дэлхий ертөнцийн хөгжлийн аль хэсэгт явааг үе үехэн сануулах. Тэгсэн хэр нь “Эрүүл Монгол хүн” гэсэн сүртэй нэртэй даржин хөтөлбөр байсхийгээд хэрэгжүүлэхийг яана. Хамгийн том баялаг эрүүл мэндээ бид алдчихаад улс орны болоод хүний хөгжил ярина гэдэг нэг талаараа мянгуужингийн үлгэр мэт санагдана. Нэг ёсондоо амь амиа бодоорой гэдэгтэй утга ижил сонсогдож байна.
Хэдийгээр улсын эмнэлгүүд ачаалал ихтэй ч хүнд суртал идэгдсэн, танил талгүй, мөнгөгүй бол дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болдог тухай амтай болгон ярьдаг болжээ. Эрүүл мэндийн даатгалыг эв санааны зарчимд тулгуурласан, эмнэлгүүдийг цахимд шилжүүлж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зарим шинжилгээг хийж иргэдийн явдал чирэгдлийг багасгасан гэх сайхан уриа лоозонг салбарын яамнаас байсхийгээд мэдэгдэх юм. Энэ алхмууд бодитой ч амьдралд наалдахгүй нөгөө л чирэгдэл, хүнд суртал ноёрхсоор байна.
Эрүүл мэндийн салбарт энэ жил 1.1 их наяд төгрөг төсөвлөсөн. Эмнэлгүүдийн ачааллыг хазаарлаж чадахгүйгээс хойш иргэдийг өвдөхөөс нь урьдчилсан сэргийлэх ажлыг хийж байгаа гэх ядмаг хариултыг салбарын яамнаас хэлж байх юм. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд улсын хэмжээнд хуруу дарам цөөхөн эмнэлэг барьжээ. Хариуцлага гэгчийг бид хаана хаанаа нэхээгүйгээс энэ нийгмийн гажиг улам бүр ужгирсаар. Хохирлыг нь ард түмэн төлсөөр байгаа жишээг энэ салбараас харж болохоор байна.
Улс орнууд эрүүл мэнд, боловсролын салбартаа хамгийн их хөрөнгө хуваарилж, зарцуулдаг. Энэ хэрээр иргэд нь сайхан амьдрах эхлэл байдгийг ардчилсан Монгол Улсад уландаа гишгэснээс өөрцгүй систем үйлчлэх. Өвөл, хаварт эмнэлгийн шал, хонгилоор дүүрэн хүүхдүүд багтах шингэх өрөө тасалгаагүй давчуу зайнд эмнэлгийн тусламж авах гээд уйлалдах дүр зураг. Жилийн жилд ийм төрхийг улстөрчид хараагүй, үзээгүй юм шиг хараа дээгүүр алхах энх цагийн төрх. Хэн, хэзээ гольдрилд нь оруулах нь улам бүр бүрхэг болж, алсарсаар. Гэхдээ гэрэл гэгээтэй цагийг хүн бүхэн хүлээнэ...