Энэ зун хур бороо элбэг, үер усны аюул олонтаа тохиолдсон учраас гэдэсний халдвар тархаж, үүнд бага насны хүүхэд өртөх нь нэмэгдлээ хэмээн иргэд цахим сүлжээнд бичих болсон.
Бид энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.
-Бороо хур, үерийн дараа гэдэсний халдварт өвчин тархах эрсдэл өндөр байдаг. Танай төвд хандаж байгаа иргэд гэдэсний халдварт өвчнөөр өвдөх тохиолдол хэр байна?
-Зургадугаар сарын сүүлээс эхлэн есдүгээр сарын төгсгөл болтол гэдэсний халдварын улиралчлал гэж үздэг. Аливаа халдварт өвчин өөрийн гэсэн хөдлөл зүйтэй, улирлалчлал, насны онцлогтой байдаг. Одоо гэдэсний халдварын улиралчлал нэгдүгээрт явж байгаа.Үүнд эрсдэлт хүчин зүйл нэлээн бий. Өөрөөр хэлбэл дулааны улиралд хүнсний зүйлс амархан мууддаг.Нөгөөтэйгүүр эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалж боловсруулсан жимс, жимсгэнийг гар дээрээс худалдаалах, мөн үерийн дараах хөрсний бохирдол зэрэг нь гэдэсний халдвараар өвчлөх эрсдэл дагуулна. Одоогоор цусан суулгын өвчлөл нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бусад гэдэсний халдварууд харьцангуй намжмал байдалтай байгаа. Хүүхдийн байгууллага цугларч байгаа энэ үетэй холбогдуулаад олныг хамарсан хамт олны дундах гэдэг ч юм уу дэгдэлт байдлаар бүртгэгдэж байгаа хоолны хордлого, халдварт өвчлөл бүртгэгдээгүй.
-Иргэд цахим сүлжээгээр хүүхэд гүйлгээд байна гэж бичихээр бусад нь ижил шинж тэмдэг илэрсэн үед ямар арга хэмжээ авснаа бичин, хэрэглэж байсан эмээ шууд санал болгодог. Магадгүй дур мэдэн хүчтэй эм хэрэглэснээс хүндэрсэн тохиолдол танайд бүртгэгдсэн болов уу?
-Манайд одоогоор гэдэсний халдвараас болон хүндэрсэн, архагшсан гэх тохиолдол бүртгэгдээгүй байна. Эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөхөд дур мэдэн нэгнээсээ дам яриагаар сонсоод сайн гэсэн эм тариа бүхнийг авч хэрэглэх нь өрөөсгөл.Учир нь суулгалт гэдэг ганцхан зовиур маш олон өвчний шинж тэмдэг байж болно. Олон шалтгаантай ч байж болно. Үнэхээр гэдэсний ханиад уу, халдварын бус суулгалт уу, халдварт өвчнийх үү гэдгийг зөвхөн мэргэжлийн эмч л ялган оношилно. Тиймээс эхлээд мэргэжлийн эмчид заавал хандаарай. Заавал Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв гэлтгүй танд ойрхон өрхийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төв байж болно. Эсвэл шөнө оройн цагаар хүүхэд тань өвдсөн тохиолдолд 24 цагаар ажиллаж байгаа түргэн тусламжийн төвд хандаж болно. Мөн утсаар илэрч буй шинж тэмдгээ тодорхой хэлэн эхний байдлаар зөвлөгөө авч болно. Ингэж оношлуулсныхаа дараа эмчийн заавраар эм уух ёстой. Эрт сэрэмжлүүлж хариу арга хэмжээ аваагүйгээсээ болоод тухайн хүүхдийн зовиур хүндэрч, архагшиж болдог учраас үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, энгийн зөвлөмжүүдийг амьдрал ахуйдаа зөв хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Хүүхдэдээ багаас нь гар угаах зэрэг эрүүл ахуйн наад захын зүйлсийг хэвшүүл. Ингэснээр гэдэсний халдварт өвчин тусах эрсдэлийг бууруулна. Хэрвээ үнэхээр шалтгаангүй суулгаад байгаа бол лабораторийн тандалтаар илрүүлэх бүрэн боломжтой.
-Тандалт судалгааг ямар хүрээнд хэрхэн явуулж байна?
-Жилийн 365 хоногт бид тандалт явуулдаг. Ялангуяа гэдэсний ханиад гэж яригдаад байгаа учраас бид томуу, томуу төст өвчний тандалтыг өдөр бүр хийж байгаа. Он гарсаар 36 дахь долоо хоногийн үзүүлэлтээр томуугийн байдал намжмал буюу томуу, томуу төст өвчний халдвар илрээгүй байна. Хүүхдэд тань гэдэсний суулгалттай халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн бол мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй гэдгийг ахин хэлье.
-Эцэг, эхүүдэд үр хүүхдээ гэдэсний халдвараас сэргийлэх хамгийн энгийн ямар аргыг зөвлөмж болгодог вэ?
-Гэдэсний халдвар болон амьсгалын замын халдвараас хамгаалах хамгийн энгийн бас хямд арга бол гар угаах юм. Хүүхдүүддээ багаас нь гар угаах аргыг зөв, дарааллын дагуу заах хэрэгтэй. Гар угаах аргыг тогтмол хэрэглэснээрээ олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боложмтой гэдгийг дэлхий нийтийн жишээ харуулдаг. Дараагийн гол зүйл бол хүнсний аюулгүй байдлаа хангах. Баталгаат газраас, баталгаат хүнсний бүтээгдэхүүн авах хэрэгтэй. ДЭМБ-аас хүнсний аюулгүй байдлын таван түлхүүр зөвлөмжийг зөвлөдөг. Үүнд, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт хийх ёстой, зөв горимд хадгалах ёстой, гэртээ авчирсан болон цайны газар, рестораны хүнсний болсон болон түүхий бүтээгдэхүүн тусдаа байх ёстой. Дээр нь хүнсний бүтээгдэхүүнийг заавал болгож, буцалгаж хэрэглэхийг зөвлөдөг.
Технологийн дагуу зөв хийгдсэн хүнсний бүтээгдэхүүн байлаа ч бид гараа зөв угаах ёстой гэдэг нь хамгийн чухал асуудал.
-Энэ жилийн томуугийн сайн дурын вакцинжуулалт хэзээ эхлэх вэ?
- Аравдугаар сард томуугийн буюу амьсгалын замын халдварын улиралчлал эхэлдэг. Энэ үеэс томуугийн вакцин хийх нь тохиромжтой гэж үздэг. Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийх нь сайн дурынх учраас зохих хэмжээний төлбөртэй хийгддэг. Манай улсын хувьд томуугийн эсрэг 80 гаруй мянган хүн тун вакцин авах захиалгаа өгсөн. Эрсдэлтэй бүлэг буюу бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй өндөр настнууд, жирэмсэн эхчүүд, амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст буюу эрсдэлт бүлэгтээ томуугийн вакциныг тогтмол үнэгүй хийж ирсэн.