Эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш нарт БНСУ-д зорчих олон удаагийн виз олгоно

-Сарын дотор БНСУ-ын олон удаагийн визний шинэчилсэн журмыг мөрдөж эхэлнэ-

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамнаас  олон удаагийн визний журамд орсон өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэх тухай  өөрийн байрнаа мэдээлэл хийлээ. БНСУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга буюу консул Кил Канг Мүн энэ асуудлаар мэдээлэл хийлээ.

Олон удаагийн визний тухайд одоогийн байдлаар 1000 орчим солонгос иргэн Монгол Улс руу байнгын зорчих визийг аваад байна. Харин 37 мянган монгол иргэн БНСУ руу зорчих олон удаагийн виз авчээ.

Монгол иргэдийн БНСУ руу зорчих олон удаагийн визний одоо мөрдөж байгаа журам 7 нөхцөлтэй бөгөөд үүний 6 дугаар нөхцөлд бага зэрэг өөрчлөлт орон нэмэлтээр шинээр 6 нөхцөл орон шинэчилсэн журам нь нийт 13 нөхцөлтэй болж байна.   

Олон удаагийн виз олгох одоогийн мөрдөж байгаа журам нь

1. БНСУ руу зорчиж байсан иргэн

2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуй нэгжийн үндсэн ажилтан байх бөгөөд хэлтсийн даргаас дээш албан тушаалтан

3. БНСУ руу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан, хэлтсийн даргаас дээш албан тушаалтан 

4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг эрчим хүч олборлох зорилгоор, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж урилгаар 

5. БНСУ-ын иргэншилтэй, тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулаад нэг жилээс дээш хугацаа өнгөрүүлсэн тохиолдолд тухайн гэр бүлийн хүүхдэд

6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигч бөгөөд тухайн карт нь "Gold",  "Vip" байх 

7. Байнгын зорчигч гэсэн ерөнхий нөхцлийг хангасан иргэдэд олгодог.

Тэгвэл шинэчлэгдсэн журмаар 1-5 хүртэлх нөхцөл хэвээр байх бөгөөд 

6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигч нь харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн

7. Байнгын зорчигч нь БНСУ руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш удаа зорчсон иргэн (Сүүлийн хоёр жилд заавал нэг удаа зорчсон байх)

8. Холбогдох нөхцлийг хангаж байгаа эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин

9. Холбогдох нөхцлийг хангаж байгаа сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн

10. Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжид хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд нэг жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа иргэн

11.БНСУ-д баклавараас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн

12. Холбогдох нөхцлийг хангаж байгаа олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин

13. 500 сая төгрөгөөс үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж байгаа иргэн.

БНСУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга буюу консул Кил Канг Мүний хэлснээр энэхүү шинэчилсэн журмыг ойрын нэг сарын дотор хэрэгжүүлж эхлэх аж. Манай иргэдийн виз мэдүүлэхдээ ашиглаж буй хуурамч бичиг баримтын асуудал хүндрэл учруулж шинэ журмын хэрэгжилтийг удаашруулж байгаа талаар мөн дуулгалаа. Шинэчилсэн журам хэрэгжиж эхлэхэд дахин дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.

Сонирхуулахад, Монгол Улсад 7 мянга гаруй эмч, 6 мянга орчим их, дээд сургуулийн багш, 2 мянга гаруй өмгөөлөгч ажилладаг тухай судалгааг БНСУ-ын ЭСЯ-наас гаргажээ. Иймд эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч найруулагч, редактор зэрэг мэргэжлээр тухайн холбогдох байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцлийг хангаж буй хүмүүст олон удаагийн виз олгохоор болж байгаа.

Түүнчлэн олон удаагийн виз нь 1 жил, 3 жил, 5 жил байсныг шинэчилсэн журмаар 3 жил, 5 жил хэмээн тухайн байгууллагад ажилласан жилийг харгалзан олгох юм байна.

2014 онд 64096

2015 онд 81201

2016 онд 82780

2017онд 108139 Монгол Улсын иргэнд БНСУ-д зорчих виз гарсан тоо баримт байна.

Үүнээс зөвхөн 2016 онд гэхэд нийт 130 мянган иргэн виз авахаар мэдүүлгээ өгснөөс 118139 иргэнд виз гарсан бөгөөд 2018 он гарсаар долдугаар сарын байдлаар 88 мянган иргэн виз мэдүүлээд байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 130 хувиар өссөн тоон үзүүлэлт гэнэ.

Энэ үеэр БНСУ-ын ЭСЯ-ны Консул Кил Канмүг сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Олон удаагийн виз авах сэтгүүлч, багш, эмч зэрэг хүмүүс нь тус бүрдээ өөр шаардлагатай байх уу? Ямар хүнд 5, ямар хүнд 3 жилийн виз олгох вэ? 

-Бид өнгөрсөн хугацаанд олон удаагийн виз олгож байсан туршлагаасаа үндэслэн энэ удаад сайжруулж байна. Тухайн хүн олон жил ажилласан байх юм бол 5 жилийн виз олгоно. Тэгэхээр энэ нь ажилласан жилэээс шалтгаална.  

-Сүүлийн 5 жил БНСУ-д зорчих хүсэлтэй хэр их монгол иргэд байна вэ? Хэчнээн иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн шалтгаанаар виз авч чадаагүй вэ?

-2016 онд 60,000 иргэн, 2017 онд 130,000 иргэн Солонгост зорчих визний хүсэлт гаргасан. 2018 оны долоодугаар сарын байдлаар 80,000 иргэн визний хүсэлт гаргасан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн үзүүлэлт.

Хуурамч бичиг баримт бүрдүүлж виз мэдүүлж байгаа иргэдийн хувьд нэг долоо хоногт 1000 ийм тохиолдол гарж байсан үе ч бий. Эдгээрээс харахад ихэвчлэн дансандаа таван сая төгрөг байршуулсан, санхүүгийн баталгаатай иргэдийнх хуурамч байдаг. Тиймээс таван сая төгрөгийн барьцаатайгаар Солонгос явуулах гэж зуучилж буй брокеруудад итгэхгүй байхыг анхааруулж байна. Учир нь банкны баталгаа нь хуурамч эсэхийг маргааш нь тухайн банк руу холбогдоод л мэдэж байгаа учраас ийм үйлдэл битгий хийгээч ээ гэж иргэдэд сэрэмжлүүлж байна.

-Виз мэдүүлээд мэдэгдэх хугацаа удааширч байна. Энэ талаар?

-Виз мэдүүлэх хугацаа албан ёсоор 21 хоногт олгож байгаа. Хоёр сар болж байгаа асуудал байхгүй. Зарим тохиолдолд бага зэрэг хоцорч байгаа. Он гарахаас өмнө бид энэ асуудлыг түргэн шуурхай болгохоор ярилцаж байгаа. Виз мэдүүлж байгаа иргэдийн ачааллаас болоод хугацаа сунгах тохиолдол бол байгаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Нэртэйгээр нь нэрсийн жагсаалтыг нь гаргачихвал амар ш дээ аль аль талдаа. Эсвэл визээ нислэгээ хаачихгүй юу. Төр улсаа аятайхан авч яваач төрийнхөөн?

    0 0 Хариу бичих