Гэрэлт хөшөөнд үлдсэн бичгийн дурсгалуудыг толилуулна

“Тал нутгийн соёл, шашны харилцаа ба үсэг бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн 22 жилийн үр дүнгээс” үзэсгэлэн маргааш Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.

Монгол нутагт монгол, түрэг, уйгур, хятан, нанхиад, перс, араб, согд, баракми зэрэг олон хэлээр хаданд бичсэн, тусгай гэрэлт хөшөөнд сийлсэн эртний бичгийн арвин дурсгал өдгөө болтол хадгалагдан иржээ.

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 1994 оноос хойш эдгээр янз бүрийн хэлээр бичиж үлдээсэн хадны бичээс, гэрэлт хөшөө зэрэг бичгийн дурсгалуудыг судалж байна. Зөвхөн Хархорин, Эрдэнэзуу орчмоос монгол, перс, араб, нанхиад зэрэг олон хэлээр бичсэн 20 гаруй хөшөө, хөшөөний хэсэг, барилгын нурууны бичгийг илрүүлжээ. Мөн түүнчлэн 2010 оны 8-р сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутгаас хятан бичигт гэрэлт хөшөөг шинээр нээн олжээ. Өдгөө уг гэрэлт хөшөө Монголын Үндэсний музейд хадгалагдаж байна.

Энэхүү үзэсгэлэнд 20 гаруй жилийн судалгааны дүнд шинээр нээн илрүүлж, тайлан уншиж судалсан 20-иод гэрэлт хөшөөний эх бичээсийн хуулбарыг анх удаа нэгэн дор үзэгч олонд толилуулах юм. Төслийн хүрээнд малтсан 2 балгасны археологийн зарим олдворыг нь мөн үзэсгэлэнд дэлгэх аж. 

Үзэсгэлэн Монголын Үндэсний музейн танхимд 2018 оны 9 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй байх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)