Оросын Монголоос Орох-Хятадын Монгол

Нэгэнт Барууны хөрөнгө оруулагчид нэр хүндээ алдаж, тэд ч Монголын төрд итгэхээ боливол асар их баялагтай энэ уудам нутагт хязгааргүй ноёлох боломж Орос ба Хятадад үлдэнэ. Энэ орныг бүрэн эзэгнэхийн бэлтгэл болгож 1925 оноос хэрдээ байр сууриа олж аваад байсан Барууны хөрөнгө оруулагчдыг амжилттай хөөн зайлуулсан туршлага оросуудад бэлээхнээ бий. Монголын коммнист түүхчид энэ явцыг “Гадаадыг капиталыг хөөн зайлуулсан ялалт” хэмээн амаа олохгүй магтдаг байсан нь хөөрхийлөлтэй.

Нэг. ЗЭС ЦАРЦААТАЙ АМЬД БУДДА

Аугаа их Чингэс хаанаа мөрөөдөхөөс өөр төрийн мэнэжмэнтээр барагтайхан монголчуудын тусгаар тогтнолоо сэргээсэн, хадгалсан түүх маш сонирхолтой. Өөрсдийн маань ярьдаг шиг Чингэс хаанаас уламжилсан төрийн далд нууц бодлого энэ тэрээс үүнийг хайгаад огт хэрэггүй. Нэгэн цагт дэлхийн талыг эзэгнэж байсан Их хаан Чингэсийн бодлого аль XVI-XVII зуунаас тасалдан алдарсан юм. Хоёр зуу гаруй жилийн турш Жунь Анхайн ордонд боловсорсон Манж Да Чин гүрний төрийн бодлого Монголын хээр талд хэрэгжиж байлаа. Орон нутгийн ноёд түшмэдийн шийдэж байсан асуудал гэвэл малын жижиг хулгай ба өртөө улааны алба гэсхийгээд л болно.

Шашны удирдагч Амьд Будда нарын асуудлыг ч Бээжингээс хамаарч, тэдний зарлиг, лүндэнгээс эхлээд сүнс хаана дахин төрж болохыг хүртэл зааварлан удирдаж байлаа. Монголын шашны удирдагчийн хойт дүрийг зөвхөн Төвдийн Амдо мужаас тодруулах Манжийн хааны зарлигтай байсан.

Түүнчлэн XIX зууны сүүл үеэс эхлэн Манж Чин гүрний эзэд Өрнөдийн эзэрхийлэл, тэдний соёлын нөлөөнөөс үхтлээ айх болсны ул мөр ч Монголын амьд бурхадын зарлиг лүндэнгээс харагдаж байдаг. Тэд Өрнөдийн соёл иргэншил, техник, технологи нэвтрээд эхэлбэл араас нь цэрэг цуух, төр нь ороод ирнэ гэж үзэн болгоомжилж байсан бололтой. Ар Монголын хутагт гэгээдийн лүндэнд “Улаан өнгийн хувцас бүү өмс, Цөвүүн цаг ирэхэд төмөр могой дэлхийг ороож, тэнгэрт зэс царцаа ниснэ...” гэхчлэн гарч буй шифрийг тайлбаас “Хаант Орост засгийг халсан улаантнуудыг бүү дага, галт тэрэг, нисэх онгоц буюу төмөр зам, агаарын тээвэр хэмээх Өрнийн технологиос, өөрөөр хэлбэл Өрнөдийн соёл иргэншлийн нөлөөнөөс болгоомжил” хэмээн уншигдана.

Харин өнөөдөр шашны уламжлалт улаан орхимжоо асаасан Дээрхийн гэгээн Далай ламтан төмөр могойн дотор дуртайяа заларч, өчүүхэн ч ажиг сэжиггүйгээр зэс царцаанд морилон тив, тивийн хүн ардад Буддагийн ариун сургаалыг айлдаж, хамаг амьтны тусыг үйлдэн бөлгөө.

Гэхдээ дээрх лүндэнг улаантнуудын учруулах хүчирхийлэл ба аюулыг урьдчилан харсан, галт тэрэг онхолдох, онгоц сүйрэх, барьцаалагдах процессийг эртээс тольдсон виваангирид гэж тайлах хүмүүс ч бас бишгүй. Тийм байг яахав.

Хамгийн гол нь Гадаад монгол буюу өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт явуулах төрийн ба шашны бодлого нь монголчуудынх биш харин 100 хувь Манж Чин гүрнийх байсан гэдэг нь л баримт юм.

БНМАУ-ын төрийн яам, тусгай газар бүрт онц эрхтэй-Зөвлөлтийн зөвлөх ажиллан хянаж, түүнээс арай доогуур шатанд болохоор “Зөвлөлтийн мэргэжилтэн” хэмээх халхавч нэрийн дор Москвагийн бодлогын хэрэгжилтийг хянаж байв. 

Харин ХХ зууны Монголд явуулах төрийн бүхий л үйл ажиллагаа Зөвлөлт улсын Кремлийн хэрэмний цаана нарийн төлөвлөгдөөд, хатуу хяналттай хэрэгжиж байлаа. БНМАУ-ын төрийн яам, тусгай газар бүрт онц эрхтэй-Зөвлөлтийн зөвлөх ажиллан хянаж, түүнээс арай доогуур шатанд болохоор “Зөвлөлтийн мэргэжилтэн” хэмээх халхавч нэрийн дор Москвагийн бодлогын хэрэгжилтийг хянаж байв. Үлдсэн хэсэгт нь үзсэн дуулснаа хамгийн түрүүн Зөвлөлтийн зөвлөх болон мэргэжилтэнд биеэр болон даргаараа дамжуулан дуулгах үүрэгтэй мэдээлэгч, ажиглагчдын сүрэг төрийн хараагаар хяналт тавина. Тэр үед “Зөвлөлтийн зөвлөхтэй санал зөрөх”, “Зөвлөлтийн мэргэжилтнийг гомдоох” зэрэг нь төрийн эсрэг үйл ажиллагаанд тооцогдон хатуу шийтгэл хүлээдэг байсныг мартаагүй хүн Монгол улсад олон байгаа.

Дэлхийн социалист систем ХХ зууны сүүлийн аравны эхээр нуран унахад Монголын жолоо Оросын гараас алдагдав. Өнөөдөр Монголын ардчилагчид хувьсгалынхаа бараг 30 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ой үнэн хэрэгтээ монгол нутагт Монголын өөрийнх нь төр дахин бий болж, монголчууд өөрөө өөрийгөө удирдах болсны ой юм.

Төрт ёсны мянганы түүхтэй улсын хориодхон настай төр??? “Чингэс хаан эргэж ирнэ”, “Чингэсийн удам бид бодохдоо” гэхчлэн дультраатах монголчуудын энэхүү балчир төр Орос ба Хятадын империйн бодлогыг сөрөн зогсож чадах уу? Далайн цаанаас гар сунгах Барууны хөрөнгө оруулагчдад бат наалдаад, хоёр их гүрнийхээ цалмыг сулруулж дөнгөх үү?

Хоёр.УЛСАА СОЛЬДОГ СОНГУУЛЬ

Монголчуудын ярих дуртай сэдэв бол тусгаар тогтнол.“Аугаа Чингэс хааныхаа “толгой”-гоор бодоод, цэцэн ухаан гаргаж Манжийг мэхлэн тусгаар тогтносон ба Оросыг аргалан тусгаар тогтнолоо баталгаажуулаад, цаг үеэ олон тэднээсээ салаад ардчилж яваа” гэж ярих, бичих дуртай, бид.

Үнэхээр дэлхийн хоёр их гүрний дунд хавчуулагдан тусгаар тогтнолоо сэргээгээд, улмаар ардчилаад яваа нь бол баримт юм. Харин энэ бүхнийг уран сайхнаар найруулсан “Чингэс толгой” бол домог мөрөөдөл талдаа түлхүү байх аа.

Эхлээд эрх чөлөөний тухай нүүдэлчин монгол хүний ойлголтоос эхэлье. Тэд засаглалын сайн тогтоцоос илүү сайн ноён, захирагч л бүхнийг шийднэ гэж үздэг. Магадгүй энэ нь Чингэс хааны өсч өндийсэн түүхтэй ч холбоотой байх. Ингээд тэд шударга бус, хэрцгий эзэн ноёнтойгоо тэмцэх, түүнтэй заалдах, асуудлаа хуулийн хүрээнд шийдүүлэхийн оронд өөр илүү сайн эзэн ноёныг олж дагаар орохыг чухалчилдаг.

Нүүдэлчин амьдрал нь ч ийм боломжоор дүүрэн. Ноёнтойгоо муудалцсан шөнөдөө ачаалаад нүүчихнэ. Өглөө болоход өөр “сайн” ноёны нутаг руу орчихсон байна. Орон нутгийн сонгууль хийж байгаа хэрэг шүү дээ.

Баруун монголчуудын хэсэг нь малтайгаа нүүгээд Баатар Цагаан хааны нутаг Ижил мөрөнд, Ил тарвагатайн Сумъяа бээс албатаа дагуулан нүүсээр Богд хаант Монголын Сэлэнгэд ирж тус тус суурьшив. Ерөнхийлөгчийн сонгууль болоод байгааг анзаарав уу?

Манжийн захиргаанд орохынхоо өмнөхөн халх, ойрдууд нийлж хууль батлахдаа хэлэлцсэн гол асуудал нь “эзнээ солих явдлыг чадвал арилгах, эс чадвал бууруулах, аргаа барахад улам дэврээхгүй байх” явдал байлаа.

Ийм боломж байхгүй учраас суурин амьдралтай тариаланчид хууль ёс, засаглалын илүү шударга хэлбэр, муу ноёныг огцруулаад сайнаа гарган томилох арга сэлтийг бодож олохоос өөр аргагүйд хүрчээ. Тэр нь боловсрон боловсорсоор ардчилалд хүрсэн билээ.

1911 онд Монголчууд Манж Чин гүрний эрхшээлээс гарахдаа аанай л нүүдэлчнийхээ сэтгэлгээгээр хандсан. Тэд Манж-Хятад гэдэг муу эзнээс салж, Баатар Цагаан хаан хэмээх илүү сайн эзэнд хандаж байлаа. Монголын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт итгэл өвөрлүүлсэн шавь нараа “төмөр могой”-д суулган Транссибирийн төмөр замаар Баатар Цагаан хаанд одуулж байлаа.

Хувь хүн бол адуугаа туугаад нүүхсэн. Адуу малаа туугаад нүүсэн торгууд монголчууд “халимаг” нэртэйгээр Ижил мөрөнд сууж байгаа л даа, уул нь. Даанч энэ уудам нутгаа хаяад нүүлтэй нь биш. Учир иймд Баатар Цагаан хаан та нааш ирж эзэгнэж өгнө үү? Яг ийм утгаар л монголчууд Хаант Орост хандаж байсан.

Монголчуудын хувь заяа Гурван улсын гэрээгээр Хятадын харъяаны боловч Оросын нөлөөний улс байдалтайгаар шийдэгдсэн билээ. (Үнэндээ, 1907 оны Орос-Японы нууц гэрээгээр)

Гурав. АЯА САЙН ЭЗЭН!!...ЧИ ХААНА ВЭ?

Удалгүй 1917 онд Орос улсад төрийн эргэлт гарч хаанаа егүүтгээд, шашин номгүй улс засгийн жолоонд гарсан чимээ гарлаа. Ингээд монголчууд ядаж л бурхан шүтээнтэй эзэндээ эргэн очихоор шийдэж захиа урилга илгээн байж Сю Шүжаныг ирүүлэв. (урилга Тайваний архивт буйг судлаач Р.Болд номдоо оруулсан) Генерал Сю Шүжан нь Хүрээнд ирээд дураараа дургих нь хэрээс хэтэрлээ. Арга барагдсан Богд гэгээнтэн урьдын лүндэнгээ “умартан” байж улаан тугтай, төмөр могой, зэс царцаатай Зөвлөлтөөс тусламж гуйсан бичиг дээр мутрын тэмдгээ дарлаа. Шашны тэргүүнийхээ мутрын тэмдэгтэй захиаг өвөрлөсөн ардын намынхан шашин бурхангүй зөвлөлтүүд дээр “Бидний шинэ эзэн болооч” гэсээр очлоо. Улаантныг ирэхээс өмнөхөн монголчууд Барон Унгерн хэмээх шинэ хаантай болж үзжээ.

Монголчууд ХХ зууны эхээр өөрсдийнхөө “шинэ сайн эзэн” болох хүсэлтийг Японы эзэн хаан, Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчид хандан гаргаж байсан баримт бий.

Дөрөв. ЭЗНЭЭ ДАХИАД АЛДАВ

Улаан Оросын нөлөөнөөс монголчууд 1990 онд гарлаа. Хэдийгээр ардчилагчид өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийж, хэмжээгүй эрхт МАХН-ын Улс төрийн товчоо огцорч байсан нь түүх боловч тэр үеддэлхий даяар социализм өөрөө дампууран унаж, Зөвлөлт Холбоот Улс өөрөө тарсан цаг билээ.

Ийнхүү 1990-ээд оноос Монгол хээр талд мянганы тэртээх Хүннү гүрнээс улбаатай, найман зууны өмнөх Чингэс хаанаас үүдэлтэй Монгол төрийн бодлого сэргэн хэрэгжих цаг ирэв. Цоо шинээр дахин мэндэлж буй Монгол төрийн бодлого нялх балчир гэдгийг тооцон үзвээс тал нутагт хүчирхэг төрийн бодлогогүй болсон зурвас үе эхэлсэн юм.

1990 оны хувьсгал үнэн хэрэгтээ Зөвлөлтийн хэрээс хэтэрсэн нөлөө, дарамтын эсрэг хувьсгал байсан. Монголчууд Зөвлөлтийг өөрийн вассальд хандах хэм хэмжээгээ хэтэрхий зөрчин, дагуул улсынхаа дотоод хэргийг бүрэн хянаж байгаад дургуйцсэн юм. Энэ хувьсгал нь 1911 оны хувьсгалтай их төстэй. 1911 оны хувьсгалын өмнө монголчууд Хятадыг сөрөн зогсох тэнхээ бүхий Хаант Оростой холбоо тогтоож байсан бол 1990 оны хувьсгалын өмнөхөн БНМАУ нь Зөвлөлтийг сөрөн зогсох чадавхтай гүрэн болох АНУ-тай дипломат харилцаа тогтоож чадлаа.

1911 оны хувьсгалын гадаад тохироо нь Манж Чин гүрэн өөрөө задран унасан явдал байв. Логик нь: Монголчууд Манж Чин гүрний хараат байсан ба Эзэн гүрэн өөрөө унасан нь Монгол орныг эзэнгүй болгов. Иймээс хоёр зууны тэртээ 1691 онд Долоннуурт байгуулсан Энхамгалан хаан ба Занабазарын гэрээ өөрөө хүчингүй болж байна. Хувьсгалын гадаад тулгуур нь Хаант Орос

Харин 1990 онд монголчууд эзнээ солих цаг дахин иржээ. Харин үндэслэл нь 1991 онд Ельцин, Кравчук, Шушкевичнарын гарын үсэг зурснаар Зөвлөлт Холбоот Улс тарсан явдал байв. Логик нь: Социалист систем ба Зөвлөлт улс тарснаар 1936 онд байгуулагдсан “Зөвлөлт-Монголын харилцан туслалцах гэрээ протокол” өөрөө хүчингүй болж байна. Хувьсгалын гадаад тулгуур нь нь АНУ тэргүүтэй дэлхийн ардчилсан систем.

Хэдийгээр 1936 оны гэрээ протоколд Монгол улс нь Зөвлөлт Холбоот Улсын вассаль болох тухай үг үсэг байхгүй ч гэсэн Ар Монголын газар нутгийг өөрийн ”зоон” гэж үзэн түүн дээрх засаглалын хэлбэрийг өөрийн цэрэг зэвсгийн хүчээр хамгаалахаа зөвлөлтүүд албан ёсоор, олон улсын хэмжээнд тунхагласан юм. Тиймээс энэ гэрээ протокол 1691 оны Долоннуурын гэрээтэй утга нэг акт болно.

Монголд өрнөсөн ардчилал нь эрх чөлөөний хувьсгалынх нь дагалдах бэлэг байлаа. 1990 оны хувьсгалын баатруудын уриа нь эхэндээ “Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлах”, “Монголын ард түмнээс нууцаар ашиглаж байгаа Мардайн урааны орд газраас оросуудыг хөөн явуулах” улмаар “Зөвлөлтийн гар хөл болсон МАХН-ын Улс төрийн товчоог бүрэлдэхүүнээр нь солих” тухай байсан.

Өөрийнх нь удирдаж буй систем нуран унаж байгааг өдөр тутмын үйл явдлаас харж мэдэрсэн, түүнчлэн магадгүй өөрөө ч Зөвлөлтийн хязгааргүй эзэрхийлэлд дотроо таагүй ханддаг байсан байж мэдэх Ж.Батмөнх Улс төрийн товчоогоо дагуулан огцрох ер бусын зоримог шийд гаргажээ.

1990 онд нам, төрийн тэргүүн Жамбын Батмөнх удирдлагадаа байсан нөхдөөс “Дахин улс төрд орж ирэхгүй” гэсэн ам өчгийг давхар авсан байсан нь сонирхол татдаг. 

Ж.Батмөнх хамтран зүтгэгчдээсээ авсан дээрх амлалтаараа Монголд дахин нэг намын систем тогтоохыг хүсээгүй гэж шууд дүгнэх хэцүү. Гэхдээ засаглалд эрс шинэтгэл хийхийг тэрээр хүсч байсан нь ойлгогддог.

Энэ бүхэн дээр дэлхий даяараа социалист систем өөрөө нуран унасан, далайн цаадах шинэ хөрш Америкийн нөлөө тодорхой болсон зэргийг нэмэхээр Монголын хувьсгал нь ардчилсан хувьсгал болохоос өөр зам мөргүй болж таарч байна...

Тав. ЭЗЭЛДЭГГҮЙ ЭЗЭН

Монголчууд зуун зууны туршид сурсан тэр л зангаараа шинэ эзэн ирж жаргаахыг хүлээн хэвтлээ. Гэхдээ америкчууд гэдэг нь Хаант Орос, Гамин, Барон, Улаан арми бүгдэнгээс нь өөр аж. Тэд Монгол орныг өөрийн хүч ба зардлаар ардчилаад, цэгцлээд жаргаагаад өгсөнгүй. “За хар даа, би та нарын төлөө улсаа ардчилчихлаа, хариуд нь улсыг маань та нар үүрээд явах ажаам уу”. Биднээс дутуугүй гайхсан нүдээр тэд харна.

Ардчилал тусгаар тогтнол нь маш зүйтэй боловч хамаг хариуцлагыг өөрийн толгойд үүрэх учиртай гэнэ. Зөвлөлтүүд үйлдвэр уурхай, сургууль соёл барьж өгч байсан. Америкууд огт туслахгүй биш боловч үндэсний баялаг ба эрх чөлөөгөө өөрснөө дархлах учиртай, харин арга барил энэ тэрээ зааж туслана гэнэ. Монголчууд гайхан эргэлзэв. Америк ингэхэд шинэ эзэн мөн үү? Ер нь ингэхэд эзэнгүй болоод жаргана гэдэг маань хэр бодитой вэ? Урьд нь бид Манжийн хааны хишиг ба Зөвлөлтийн тусламжаар болоод ирсэн биш бил үү??? Олон арван... асуулт гарлаа.

Ардчилал гэдэг бол хэн нэгний өгсөн бэлэн хариулттай амар суухын нэр биш харин тулгарсан асуудлууддаа хариулт олж өгч сурахын нэр болохыг сая мэдлээ.

Зургаа. ХЯТАДЫН “МУУ” НЭР

Оросын талаас юун Монголыг бодохтой манатай, өөрөө тарж бутран хямарсан арваад жил өнгөрлөө. Харин хятадууд 1950-иад оноос хойш тал нутагт өрнөсөн Хятадын эсрэг кампанит ажлын үр дүнг зөөллөх байдлаар хүлээцтэй хандаж ирэв. 

ХХ зууны дунд үеэс монголчууд өөрийн шинэ халамжлагч Зөвлөлт гүрэн нь Хятадтай муудалцсантай холбогдуулан өмнөд хөршөө үзэн ядах өвчин туссан юм. Монголын шинэ аюул нь Хятад болон хувирч “Хятадын аюулаас хамгаалах” нэрийн дор зөвлөлтүүд юу хүссэнээ хийх ёс суртахууны эрхтэй болж чадсан. Үр дүнд нь монгол хүн бүрт халдаасан Хятадыг үзэн ядах хийрхэл. Хятадууд чухам энэ хийрхлийг давж байж, монголчуудтай хэвийн харилцаанд орж болохыг сайн ухаарч байсан учраас хүлээцтэй даруухан байдлаар хандаж ирсэн шиг байдаг юм.

Өмнөд хөрш бодлогоо нэвтрүүлэхдээ шагнах, урамшуулах, дэмжих менежмэнтээр хүний сэтгэлд хүрдэг. Харин умарт хөрш маань айлгах, шийтгэх менежмэнтээр нийгмийн сэтгэл зүйг барьдаг онцлогтой.

Чухам ийм учраас Хятадын “албан ёсны дайсан” болох Дээрхийн гэгээн далай ламтан бээр “Монгол-Хятадын харилцаанд өчүүхэн ч сэв суулгахгүйгээр” Улаанбаатарт байн байн морилдог бөлгөө. Сүсэгт гүн автсан, Монгол төрийн удирдагч нар Далай багшийн буусан өргөөний өмнө урт дараалал үүсгэн мөргөж, гараас нь адис хүртэж байхыг Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яамныхан огт үл харна. Үзэн ядах хийрхэлтэй хүмүүс хятад ажилчдыг зодож, дээрэмдэж, амь насанд ч хүрсэн тохиолдлуудад ч Бээжин хүлээцтэй хандан Монголын хууль сахиулагчид хэрхэн ажиллахыг л ажиглана. Учир нь тэд өвчтэй хүнтэй нүүр тулж байгаагаа сайн мэдэж байна. Үүрдийн өвчин байх биш, нэгэн үе өнгөрөхөд цоо шинэ үзэл санаатай, прагматик хүмүүс энд амьдрана.

Хятадыг шинээр хардаг болсон, нүдний манан арилсан мянга мянган монгол хүн ч гэсэн нэг гэрт амьдарч байгаа галзуугийнхаа гарт өртчихгүйн тулд “Хятадад дургүй дүр үзүүлэх” нь элбэг.

Өмнөд хөрш бодлогоо нэвтрүүлэхдээ шагнах, урамшуулах, дэмжих менежмэнтээр хүний сэтгэлд хүрдэг. Харин умарт хөрш маань айлгах, шийтгэх менежмэнтээр нийгмийн сэтгэл зүйг барьдаг онцлогтой.

Долоо.ОРОСЫН “САЙН” НЭР

Харин монголчууд Орост огт өөрөөр хандана. Хэдийгээр зөвлөлтүүдийн тулгасан хүчирхийлэл, дарамтад шүүмжлэлтэй хандаж байгаа боловч оросуудыг хүнийх нь хувьд огт үзэн яддаггүй. Харин ч Зөвлөлт маягийн хүчирхийлэл, Сталины дэглэмд хамт зовсон нөхрийн дүрээр харах нь элбэг.

ХХ зуунд Монголд социализм байгуулан туршихдаа хээр талын нүүдэлчдийг иргэншүүлэн, улмаар тусгаар тогтнуулж өгсөн ачийг талархах сэтгэл одоо ч хэвээрээ. Дээр нь Зөвлөлтөд боловсрол эзэмшсэн, үгүйдээ л Зөвлөлтийн муугүй мэргэжилтэн (тэдний дунд авъяаслаг, шулуун шударга, сайн багш бишгүй байсан) багшийн хүчээр ажил мэргэжлийн дөртэй болсон мянга мянган “шавь” нар нь Монголын хөгжлийн хөдөлгөгч хүч болж байгаа.

Аажмаар байр сууриа тавьж өгч байгаа боловч Монголын төрийн албан хаагчдын зонхилох хэсэг нь “Зөвлөлтийн шавь” хэвээр. ХХ зуунд нэг сая орчим хүнтэй байсан БНМАУ нь ЗХУ-д 50 000 орчим мэргэжилтэн бэлтгэсний 10 гаруй мянга нь дээд боловсролтон байсан юм аа.

Нөгөө талаас Зөвлөлт засгийн үед явуулсан хүчирхийллээс үүдсэн байж болох айдас монголчуудад бас бий. Хэт даврагч бүлгүүд “Хятадын эсрэг”, “хятадын эрлийзүүд”-тэй дайсагнаж буйгаа ил тод зарлаж байдаг. Гэтэл Оросын эсрэг ийм бүлэг, үзэл санаа огт байхгүй төдийгүй орос, монголын эрлийз улс төрчид Чингэсийн “цэвэр удам”-д тооцогдон парламентад сонгогддог. Хэрвээ Улаанбаатарын гудамжинд орос хүн зодуулсан байвал түүнийг өөр нэг орос нь л зодсон байж таарна.

Найм. “ОРОС”-ыг ХӨНӨӨЖ БУЙ ОРОСУУД

Орос-Монголын харилцааны ийм эерэг хүчин зүйлүүдийг хөнөөж байгаа улс нь оросууд өөрсдөө гэж судлаачид хэлдэг. Тэд “Монголын эзэгнэж буй Зөвлөлтийн мэргэжилтэн-зөвлөх” гэдэг ааш сэтгэхүйгээсээ огт салж чадахгүй байгаа юм. Дипломат шугам, бизнесийн ямар ч шугамаар ирсэн орос хүн өөрийн эрхгүй “монголчуудыг одоо болтол эзэгнэж” байгаа мэтээр авирладаг гэдэг.

2009 онд МАХН-аас нэр дэвшсэн хүнийг дэмжихээр Оросын ерөнхий сайд В.Путин өөрийн биеэр ирж байсан төдийгүй, ямар ч ичих зовох юмгүйгээр ухуулга хийж байлаа. Сүүлийн арван жилд харьцангүй нүд нь нээгдэж ирсэн монголчуудад энэхүү “Зөвлөлтийн мэргэжилтэн” маягийн эрээ цээргүй авир зэвүүцэл төрүүлжээ. Ингээд рейтингээрээ хол түрүүлж явсан МАХН-ын нэр дэвшигчийн нэр хүнд хэдхэн хоногт навс унаж, ялагдал хүлээсэн байна.

Зөв зүгээр хамтарч болох олон гэрээ хэлэлцээр оросуудын “зөвлөлт” зангаас болоод мухардсан тухай нэг бус яриа Монголын ажил хэрэгч хүмүүсийн хүрээллээс гарч байдаг. Ашигт малтмалын нөөцөөрөө гайхуулж байгаа Монгол оронд өөрийн хөрөнгө нөлөөг сайхан тэлэх олон олон боломжийг чухамдаа “зөвлөлт зан” нь алаад хаясныг өнөөгийн оросууд мэдэж байгаа нь юу бол? 

Барууны нэгэн сургуулийн сурагч охин зохион бичлэгтээ “Өнөөгийн Герман орон ба Оросын Холбооны Улсын амьжиргааны түвшинг харьцуулан үзээд тэд Дэлхийн II дайнд ялснаар юу ч хожоогүй гэсэн дүгнэлт хийлээ” хэмээн бичиж байсныг тэд олж хараагүй л байх. Хараад ч яах юм билээ, “Охин минь, манайх цөмийн зэвсэгтэйг чи мэдэх үү?” лгэнэ биз.

Ийнхүү монголчууд шинэ эзнээ хайх, өөрснөө хөлөө олох гэж мунгинасаар хориод жилийг өнгөрөөв.

Бид эзнээ олоогүй ч гэсэн “шинэ эзэн бол Хятад огт биш, бас Орос биш бол сайн” гэсэн дүгнэлтэд ямар ч байсан хүрснээ “гуравдагч хөршийн бодлого” хэмээн тунхаглаж байна.

Хэрвээ дараах үйл явц өрнөөгүй бол монголчууд бодоод бодоод л бусад нь хараад л явах байсан байх. Учир нь шинэ мянганы эхээр Монголын нутгаас үнэт ашигтмалтмалын шинэ шинэ нөөцүүд олдож, уул уурхайн цоо шинэ ирээдүй тал нутгаас тодров.Хуучин Зөвлөлтийн “орлогч”-ийн сул орон тоо олон газрын сонирхлыг татаж байна.

Ес. ОРОС, ХЯТАДЫН ДУНДЫН АШИГ

ХХ зууны Монголын тусгаар тогтнолын түлхүүр нь Орос-Хятадын ашиг сонирхлын зөрчил байсан юм. Нэгэнт нөлөөгөө тогтоосон Монголыг алдах хүсэл Зөвлөлтөд байсангүй. ХятадуудболохоорМанжийн үеэс л өөрийн бүсэд байсан Ар Монголыг хэрхэвч Орост зүгээр өгөхгүй. Ингээд дундын гарц олсон нь “Монгол улс нь Оросынх ч биш, Хятадынх ч биш тусгаар тогтносон БНМАУ”. Гэхдээ Оросын нөлөөний бүсийнх байх юм. 1915 оны Гурван улсын гэрээгээр Гадаад Монгол нь Хятадын мэдлийн боловч Оросын нөлөөний онцгой бүс болж байсны нөгөө нэг хувилбар, гэхдээ монголчуудад ярих юмгүй их ашигтай.

Монгол улс дахь Хятад ба Оросын эрх сонирхол үргэлж зөрчилдөх тавилангүй аж. Нэг нь авторитар, нөгөө нь коммунист дэглэмтэй энэ хоёр орныг жийрэглэн Америкийн нөлөөний, ардчилсан, хөгжингүй баялаг орон оршин тогтнох нь хэн хэнийх нь сонирхох юм биш.

Монголын баялаг багахан газар нутгийг нэг нь илүү ихээр ашиглаж завшиж байсан нь түүх боловч өнөөдөр энэ хоёрын алинд ч үгүй болох аюул нүүрлэх болов.

Монголчуудын ил тод зарлаж буй “Барууны хөрөнгө оруулагчдыг дэмжих”, “Гуравдагч хөрш” зэрэг ухагдахуун нь луу, баавгай хоёрын дунд байсан түмпэнтэй хоол руу хаа холын Сэм авга далайн цаанаас халбага дүрж буй үйл явц. Харин Орос, Хятад хоёр үүнийг тэвчин хүлээж чадах уу?

Оросууд нь монголчуудын хувьд “сайн нэр”-ийн оромтой боловч нэгдүгээрт өөрснөө хямраад мөнгөгүй болсон, хоёрдугаарт Зөвлөлт маягийн дээрэнгүй араншингаараа Монголын шинэ үеийнхнийг жигшээж эхэлсэн.

Хятадууд мөнгөтэй боловч оросуудынх нь суулгаж өгсөн үзэн ядалтын хийрхэл нь монголчуудын тархи толгойд хадаатай хэвээр байж байдаг. Яг ийм нөхцөлд“Орос хайр”, “Хятад мөнгө” хоёр хамтарч яагаад болохгүй гэж???

Захын ажиглагчийн санаанд орж ирж байгаа зүйлийг Орос, Хятад хэмээх аварга гүрнүүдийн бодлого боловсруулагчид санаагүй байна гэж яагаад ч үгүй л дээ.

Уул уурхайгаар мэргэшсэн “эсэргүүцэгчид” тэмцэлдээ Хятадын эсрэг уламжлалт хийрхлийг маш их ашигладаг. Тэд Барууны хөрөнгө оруулагчдыг “Хувьцаагаа Хятадад зарах гэж байна”, “Хятад ажилчид оруулж ирлээ” хэмээн хүчтэй буруутгадаг боловч Хятадын өөрийнх нь хөрөнгө оруулалтын эсрэг ганц үг ганхийдэггүй нь ихээхэн сонирхол татдаг.

Юуны өмнө Монгол дахь уул уурхайн эсрэг тэмцлийн гол чиг хандлагыг сонирхоё. Сүүлийн таван жилийн байдлаар Монголын тэмцэгчид Канад-Америкийн хөрөнгө оруулагчид эзэмшдэг Оюу толгойн орд газрын эсрэг 15-20 удаа, Канадын Сентерра гоулдын эзэмшдэг “Бороо гоулд”-ын эсрэг 8-10 удаа эсэргүүцлийн томоохон акциуд зохиожээ. (эдгээр болон бусад баримтууд эл өгүүлэл нийтлэгдсэн 2010 онтой холбогдохыг болгооно уу. Зох) Өдгөө Монголын засгийн газар Канадын хөрөнгө оруулалттай Ханресорсизийн хувьцааг шууд улсыг өмч болгохоор эрээ цээргүй шаардаж байгааг ч энд дурьдя.

Уул уурхайгаар мэргэшсэн “эсэргүүцэгчид” тэмцэлдээ Хятадын эсрэг уламжлалт хийрхлийг маш их ашигладаг. Тэд Барууны хөрөнгө оруулагчдыг “Хувьцаагаа Хятадад зарах гэж байна”, “Хятад ажилчид оруулж ирлээ” хэмээн хүчтэй буруутгадаг боловч Хятадын өөрийнх нь хөрөнгө оруулалтын эсрэг ганц үг ганхийдэггүй нь ихээхэн сонирхол татдаг.

Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчдын 70 орчим (?) хувийг эзэлдэг БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын эзэлдэг боловч тэдний тухай ямар нэг яриа хөөрөө гарах нь тун ховор. Оросуудын тухай бүр ярилтгүй. Монголын засгийн газартай заргалдаж, 500 сая ам доллар нэхэмжилж буй Оросын “Алтан дорнод Монгол” компанийн тухай яриа хөөрөө ердөө л “мэдээлэл” байдалтай сонсогддог. Түүний байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээгээгүй үлдээсэн орд газрын экологийн сүйрлийн тухайд ямар монгол хүн санаа зовж харагддаггүй.

Энэ бүхнээс үүдээд нэгдүгээрт Монголоос Барууны хөрөнгө оруулагчдыг хөөх, тэднийг жигшүүлэх ардын фронтыг хэн нэгэн зорилготой санхүүжүүлээд байна уу даа гэсэн сэжиг төрж байна. Хоёрдугаарт Монголын төр засгийг Барууны хөрөнгө оруулагчдаас “найдваргүй” гэсэн үнэлгээ авахуулж, улмаар Монголыг орхихоос өөр аргагүйд хүргэх алхмууд системтэй хийгдэж байгаа болов уу гэсэн сэжиг бас төрүүлж байна.

Нэгэнт Барууны хөрөнгө оруулагчид нэр хүндээ алдаж, тэд ч Монголын төрд итгэхээ боливол асар их баялагтай энэ уудам нутагт хязгааргүй ноёлох боломж Орос ба Хятадад үлдэнэ. Энэ орныг бүрэн эзэгнэхийн бэлтгэл болгож 1925 оноос хэрдээ байр сууриа олж аваад байсан Барууны хөрөнгө оруулагчдыг амжилттай хөөн зайлуулсан туршлага оросуудад бэлээхнээ бий. Монголын коммнист түүхчид энэ явцыг “Гадаадыг капиталыг хөөн зайлуулсан ялалт” хэмээн амаа олохгүй магтдаг байсан нь хөөрхийлөлтэй.

Арав. ОРОСЫН “САЙН” НЭР БА ХЯТАДЫН “САЙН” МӨНГӨНИЙ ХОРШИЛ

Харин барууныхан гараад оронд нь хятадууд бөөнөөрөө ороод ирэхийг монголчууд яахин тэвчих билээ. Өнгөрсөн зуунуудын түүхэн сургамж дорхноо санаанд бууж тэр даруйдаа л “шинэ эзэн”, “илүү сайн ноён” хайгаад эхэлнэ.

Яг энд л “Оросын сайн нэр” ба “Хятадын сайн мөнгө” хорших боломж гарч байна. Монголд оросуудын нэрээр Хятадын хөрөнгө орж ирнэ гэсэн санаа. Монголд шинээр нээгдсэн зэсийн болон нүүрсний орд газартай уялдан төмөр зам тавих асуудал гарч ирлээ.

Өргөн ба нарийн царигтай төмөр замын алийг тавих вэ ? гэдэг бол Монголын төмөр замыг оросууд мэдэх үү? хятадууд мэдэх үү? гэсэн асуулт. Монголчууд Оростой хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн уламжлалыг түшиглэх сонирхолтой байгаа боловч оросууд хөрөнгө мөнгөн дээр таг сууж байна. Оросууд өөрсдийн дарамт нөлөөг ашиглан америкчууд энэ салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлснийг зогсоож дийлсэн удаатай.

Ийм тохиолдолд Хятадын хөрөнгө оруулалттай орос маягийн төмөр зам байж яагаад болохгүй билээ? Оросууд Хятадын талд “Бид Монголд хөрөнгө оруулах эрхийг олж авч чадна, харин хөрөнгийг та нар гарга” гэсэн байдлаар хандаж эхэлсэн сураг нэг биш дуулдаж байгаа.

Монголын урааны голлох нөөцийг дангаараа эзэмших муйхар шаардлагыг тавьж байгаа оросууд саяхнаас хятадуудтай сэм хамтарч байж мэдэх сэжгүүд ч гарч байна. Албан ёсны эх үүсвэрээс алдагдаж байгаа албан бус мэдээллүүдийг нэгтгэн харвал оросууд шаардлагаа зөөлрүүлж “Монголд ураанаа баяжуулах”-аас эхлээд бусад олон шаардлагыг зөвшөөрөх хандлагатай болж эхэлж байгаа юм байна. Үүний цаана “орос нүүртэй хятад” тоглолт явагдаж, хөрөнгийнх эх үүсвэр дээр БНХАУ зогсож байх тун магадтай.

Арван нэг. ОРОС ВЭЭРС

Монгол улсын хуучин ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан (2010 зох.) өдөр тутмын томоохон сонинг шүүхэд өгсөн мэдээлэл сонирхол татаж байна. Шүүх хурал хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр таарсан нь тохиолдол байж болох ч шүүхэд нэхэмжлэл гаргаж буй сэдэв нь өөрөө тохиолдол гэхээргүй.

Тэрээр нэр төрөө гутаалгаж, гүтгэгдсэн гэж үзэн 200 сая орчим монгол төгрөг нэхэмжилсэн гэх. Асуудлын гол нь Орос-Монголын хоорондын өрийг төлж дуусгасан гэх үйл явдалтай холбоотой бололтой. Тэрээр Монголын төрийг абсолют эзэгнэн, нам нь дангаараа ноёрхож байх үед Орос-Монголын өрийн асуудлыг бүрэн шийдэж, Айвенхоу майнзаас 250 сая ам.доллар зээлэн дарсан гэж суртчилгаа хийж ихээхэн нэр төр олж байсан. Энэ мөнгөнөөс 50 сая ам.долларын уг өрийн төлсөн хүмүүс хуваан авчээ гэсэн яриа олны дунд тарж байв.

Гэтэл жилийн өмнө (2010 оноос,зох) Монголд айлчилсан ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев “Монгол-Оросын өрийн асуудал шийдэгдээгүй бөгөөд 200 орчим сая доллар төлснөөр шийдэж болох талтай” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ. Энэ нь өр төлж ардын баатар болж байсан Н.Энхбаярын нэр хүндийг унагаад зогсоосонгүй, харин ч өнөө төлсөн гээд байгаа “250 сая ам.доллараа яасныг тайлбарлах” ацан шалаанд унагаасан юм. Гэхдээ Д.Медведев, танай хуучин ерөнхийлөгч бидэнд 250 сая доллар өгсөн ч гээгүй, өгөөгүй ч гээгүй. Ингээд экс ерөнхийлөгч нэг хэсэг дуугаа хураасан юм.

Харин тэрээр гэнэтхэн зориг зүрх орж өдөр тутмын сониныг өөрийг нь “их өр төлөх мөнгөнөөс завшсан мэтээр гүжирдсэн” хэмээн шүүхэд өгч 200 саяыг нэхэмжилж буйн учир юу вэ?

Хэрвээ оросууд нь өмнөх мэдэгдлээ гүнгийрүүлж “Манайд 200 сая доллар төлсөн гэх баталгаа” алга байгаа гэсэн тухай мэдэгдвэл хөөрхий экс ерөнхийлөгчийн ирээдүй тун бүрхэг болох байсан юм.

Дээр нь Н.Энхбаяр зориг зүрх орохынхоо өмнөхөн баруун хөрөнгө оруулагчдыг эсрэг хөдөлгөөний ил тод зүтгэлтэн болсон явдал их сонин. Тэрээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын ард түмэнд хортой хэмээн ил тод мэдэгдэл хийсэн. Түүнийх нь араас давалгаалсан сүрт жагсаал, цуглаан, өлсгөлөнг тэрээр санхүүжүүлсэн гэх яриа олны дунд түгсэн.

Экс ерөнхийлөгчийн хувь заяаных нь багалзуурыг атгаж суугаа оросууд шаварт унасан Н.Энхбаярт өөрийн хүч нөлөөгөө ашиглан Монголоос Барууны хөрөнгө оруулагчдыг хөөх ажилд амжилттай зүтгэвэл “өр хэрхэн төлсөн” асуудлыг нууж үлдэж болно гэж амласан байж болох уу?

Ямар ч байсан асар итгэл төрүүлсэн амлалт, найдвартай хамгаалалт л түүнийг их өрийн асуудлаар сонин хэвлэлтэй ил тод дайтахад хүргэсэн байх магадтай.

Арван хоёр. НАНГИАД ВЭЭРС

Нэг шүтээнтэй байх нь нэг ерөнхийлөгчтэй байхаас илүүтэйгээр хүн ардыг ойртуулдаг. Ийм учраас л Орос орны хилийн гадна байгаа Үнэн алдартны шашинтай гүрж, украин, арменчууд хилийнх нь дотор байгаа ислам мөргөлт чечениүдээс илүү бат бөх холбоогоор Москватай гагнагддаг.

Монголчуудын өвөг дээдэс бүх шашин шүтлэгийг тэгш эрх хэмээн тунхагладаг байсан ч гэсэнхүний тоогоор хэт олон хөрштэйгээ нэг шашинтай байж болохгүйг мэдэж байсан байдаг. Ингээд тэд голлох шашнаараа Түвдийн ламаизмыг сонгосон байна.

Эрүүл хүний нүдээр харвал монголчуудын сэтгэлд байгаа “үзэн ядалтын” мөсийг хайлуулж болох илч гэгээ зөвхөн дундын хамтын итгэл үнэмшлээс л бий болох нь мэдрэгдэнэ.

Монголчууд ба хятадууд адилхан Дорнын тоолол хэрэглэдэг боловч зөрөөтэй, шинэ жил нь таарахаасаа илүү зөрөх нь их. Заримдаа бүтэн сараар зөрүүлэн шинэ оноо угтана. Чухам энэ зөрөөг хятадтай нийцүүлэн цэгцлэх “ардын оролдлого” нэлээд хүчтэй өрнөсөн юм. Нэг талаас нь харахад Монголын уламжлалт “хоцрогдсон” тооллыг Дорно дахины олон орныхтой нийцүүлэх шинэтгэл мэт. Нөгөө талаас харахад хүн ард нь “Хятад манай хоёр чинь адилхан тоололтой улс” гэсэн ойлголттой болж улмаар ойртон ээнэгших. Гэвч энэ оролдлогууд төдий амжилт олсонгүй.

Шашин шүтлэг, үндэсний зан заншилд тавьсан хориг садаа арилахын цагт монголчууд нэг хэсэг барьц алдсан билээ. Юу шүтдэг байснаа мартсан байсан хэрэг. Христосын шашинд зориулсан атейзмаар бөмбөгдүүлж өссөн сэхээтнүүд нь “буддизм энэ хорвоог бурхан бүтээсэн гэж үздэггүй, харин учир шалтгаан, үр дагаврын үрээр бүтэж бүрэлдэн тогтсон”хэмээн үздэг байсныг мэдээд яасан их гайхсан гэж санана.

Сая хорио сааднаас мултарсан монголчууд өвөг дээдсийн зан заншлыг ч тэд санаж ядна. Нангиадын заншлаар хаврын сард ханш (хан-ши) нээж, тариа ногоо суулгаж эхлэх өдөр бурхан болоочийн шарилд очиж мөргөдөг болов. Уул нь Монгол ламайзмын ёсоор бүрлээч 49 хоногтоо багтан дараагийнхаа төрлийг олдог, харин нангиадын итгэлээр бурхан болооч нар газар дор оршин үр хойчоо тэтгэсээр байдаг юм гэсэн л дээ. Гэхдээ л нас барагсдадаа хандах хандлагаар нэг болоод авбал үндэстнийхээ хувьд алхам ойртоно гэсэн үг.

Яаж ч оролдоод монголчууд Хятадын ил тод шүтлэг болох бомбын шашин буюу даоизм ба Күнзийн номлолд орохгүй, үргэж бишүүрхээд тойрч таарна. Харин монголчуудын олонх нь шашнаасаа илүү бөө мөргөл, мэргэ төлгөнд татагддаг болохыг хятадууд анзаарахгүй өнгөрөх аргагүй.

Ингээд нэгэн өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын гол гудамж- Энхтайваны өргөн чөлөөнд “Фэнг Шу”-гийн төв үүдээ нээсэн юм. Хятадын шашин суртлаас цэрвэж ирсэн монголчууд мэргэ төлгийг нь огт гадуурхсангүй хүлээн авах нь тэр. Монголын дахь хятад шашин Фэнг Шугийн“суртал номлогч”-оор Ганбаатар хэмээх сүрхий овжин эр тодорлоо. Ингээд монголчуудын ирээдүйн хувь заяаг төлөглөх их боломж Фэнг Шугийн гарт төвлөрч, Буддагийн байр суурийг хүчтэй булаалдах болов. Монголчуудын хэзээ язаанаас төдий л таашаадаггүй мэлхий мэтийн шавьж хорхойн дүрс айл айлын хойморт нь заларч эхлэв. Монголчуудын шүтээн бодитой солигдож байгаа хэрэг биш гэх үү?

Анх Халх нутагт шарын шашин түгэхдээ мэргэ төлгө байдлаараа түрүүлж орж ирсэн гэж судлаачид хэлдэг. Өөрөөр хэлбэл зурхайн дацангууд эхлэн үүдээ нээж, яавал амар хялбар баяжих, хэрхвэл үйлс бүтэх зэргийг урьдчилан хэлж өгөх үйлчилгээгээ нэвтрүүлсэн хэрэг. Ингээд зурхайч нөхөд нь баттай хөлөө олсны дараагаар буддын шашны гүн ухаан, анагаах ухаан, учир шалтгааны ухааны мэргэд сая морилсон аж. Монголчууд аливаа шашны ёс суртаал, үзэл баримтлалаас илүү мэргэ төлгө, арга чарга талыг илүү сонирхдог болохыг хөрш орныхон нь мэдээд олон зуун жил өнгөрсөн байх нь.

Ингээд бодохлоор Фэнг Шүгийн араас бумбын суртал, күнзийн номлол ээлжээ хүлээн оочерлох мэт...

Монгол Күнз зөвхөн шашнаар ажлаа хязгаарласангүй. Тэрээр хамгийн их нөлөөтэй, төрийн мэдлийн хөрөнгөн дээр суурьтай “төрийн бус” байгууллага болох Монголын үйлдвэрчний эвлэлийг толгойлох боломжийг хачин амархан олж авч чадсан юм (2010.зох). Хэн, хэрхэн тусалсан нь бас л таавар...

Монгол төр сульдан доройтсоор аврал эрэхийн цагт дундаа нэг фэнг-шүтэй Хятадын ард түмэн ивээлдээ авахаар эртээс төлөвлөсөн байж таарах уу? Эсвэл хий хардлага уу?

Монголчууд мянганы туршид өмнөд хөршдөө уусахаас эмээж ирсэн. Үүний нэг жишээ “эрлийз”-д хандах болгоомжилсон хандлагаас харагдана. Өөрснөө мал маллан үржил сэлэкци хийж ирсний хувьд цус холдох тусам амьтан эрүүл чийрэг, сайн болдгийг мэдэхийн цаагуур мэднэ.

Харин хятадтай холилдвол цус сайжрах тал байж болох ч үр дүнд нь хятадчилагдаад дуусна. Социализм Монгол дахь хятадын эрлийзүүдэд онцгой чанд хандаж тусгай албад нь тэдний хүн тус бүрт “файль” нээн хөтөлж баяжуулж байж. Тэд яаж ийгээд төрийн ялангуяа хүчний байгууллагууд орж чадлаа гэхэд цол зэргийг нь дунд рангийн офицероос дээш гаргадаггүй байсан гэдэг. Ёстой зөв байж гээгүй шүү, ийм л байсныг ярьж байна.

Харин нийгэм нээлттэй болохын хэрээр энэ дарамт арилж эрлийз хурлийзгүй дэвших боломж гарж ирсэн байна. Үүнтэй зэрэгцээд төр ба нийгмийн зүтгэлтэн, алдартай хүмүүсийн дундаас “хятадын эрлийз” олж нэрлэх ажилтай хөдөлгөөн үүслээ. Хуучин Нийгмийг аюулаас хамгаалах яамны үүрэг “ард түмэнд” шилжлээ гэсэн үг л дээ. Зарим ажиглагчдын хэлж буйгаар “эрлийз олох”, “эрлийзээр тодорхойлох” ажилд мөнөөх дотоод яаманд данстай байсан “албан ёсны эрлийз”-үүд онц идэвхтэй нэгдэж байсан гэдэг.

Эрлийз биш гэдгээ батлах эрмэлзэл үү? Эсвэл өөртэйгөө адилхан “цолтон”-уудыг аль болох олшруулж эрлийзийн асуудлыг саармагжуулах ажил уу?

Энэ “цол” яван явсаар улс төрчид сөрөг хүчиндээ, бизнэсийнхэн сөргөлдөгчдөө зүүдэг хоч болсон. Өнгөтэй өөдтэй яваа болгоноо ингэж хочлох болсон. Сүүл сүүлдээ хэн нь эрлийз мөн, хэн нь эрлийз биш болохыг ялгах арга алга болов. Яван явсаар “эрлийзээрээ” дуудуулсан нэг нь хохирогч болон харагдаж ард түмэнд өрөвдүүлж эхлэв. Харин ч эрлийзээрээ огт дуудуулаагүй хүн рүү нийгэм сэжигтэй хардаг болоод байгаа. Үүний тод жишээ нь өнгөрсөн жил болдог Ерөнхийлөгчийн сонгуулиас харагдсан.

Энэхүү эрлийзийг саармагжуулах ажил жамаараа ундраад унтрав уу? Эсвэл эрлийзийг үзэн ядах түймрийг угтуулан гал тавьж цурамдсаар унтрааж байгаа үйл явц уу? Үйл явц өөрөө өрнөв үү? Хэн нэгний оролцоо холын бодол байв уу? Яасан ч байсан өнөөгийн монголчууд “хятадын эрлийз” гэдэг үгнээс огт цочихоо больсоор...

Төгсгөл. ВЭЭРСИЙН ВЭЭРС

Өнгөрсөн түүхийн туршид хятад ба орос гэдэг хоёр хүчирхэг гүрний ашиг сонирхол монголд заримдаа мөргөлдөж, заримдаа зохицож, тал нутгийн нүүдэлчид вассаль байх уу, автономи болох уу? тусгаар тогтносон боловч дагуул улс байх уу гэдэг нь шийдэгдэж байсан байна. Энэ нь хоёрхон улстай хиллэн завсарт нь оршдог газарзүйн хүчин зүйлтэй холбогдож байв.

Харин өнөөдөр далайд гарцтай, гарцгүй, шууд хиллэдэг хиллэдэггүйгээс үл хамааран дэлхий тэгширч, глобальчлагдаж байна. Ийм шинэ нөхцөл байдал нь Орос, Хятадын дундын эрх ашиг ба Барууны хөрөнгө оруулагчдын хооронд сонирхлын зөрчлийг бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл шинэ мянганы тусгаар тогтнолын бодитой ба бодигүй байдлыг “шууд хөршүүд” ба “гуравдагч хөрш” нарын ашиг сонирхолын зөрчил,зохицол шийдэх болоод байна. Нэг талаас үнэхээр биеэ даасан тусгаар хөгжлийн зам, нөгөө талаас Орос-Хятадын дагуул улсын ёс төдий биеэ даасан замнал биднийгтус тус хүлээж байгаа юм.

Нүүдэлчид анализ хийхээсээ урьтаж хий юм харах дуртай хэмээн гадныхан хэлдэг. Ердөө л өчигдрийн нүүдэлчин-өнөөгийн нийтлэгчийн бие хий юм харахаас зайлав гэж үү? Гэхдээ хий ч байг, бодитой байг, ямар ч байсан “үзэгдэл”-үүд бол байна аа.

Эдгээр үзэгдлүүд ба өрнөж буй үйл явц нийлээд шинэ сайн, өөрсдийг нь эхийн хайраар хайрлах “эзнээ” хайж буй монголчуудын шинэ дүр төрх, хувь заяаг тодорхойлж байна.

2010.05.12