“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоо түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбарыг энэ сарын 4-нд “Тэнгис” кино театрт  “Motion illustration” буюу хөдөлгөөнт цуврал олон нийтэд танилцуулсан.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уригдан оролцож, төрт ёсны түүх төдийгүй Монголын бичиг соёлын, уран зохиолын дурсгал бичиг, тулгуур судлагдахууныг дэлгэцийн бүтээл болгон туурвихад оролцсон хүн бүрт талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.

Тус бүтээл нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтод тулгуурлан түүхэн бодит үнэнийг зураглан толилуулж байгаагаараа ач холбогдолтой.

Төслийг санаачлагч Р.Батцэнгэл нээлтийн үеэр “Энэ бүтээл нь ном мэт гүнзгий, кино мэт сонирхолтой байх болтугай. Мэддэг бүхнээ харамгүй хэлж өгдөг түүхч, зөвлөгч багш нартаа баярлалаа ” гэв. Монголын нууц товчоо болон түүх, соёлоо сурталчлах, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх энэхүү ажлыг "Рио Тинто" групп ивээн тэтгэжээ.

Түүхч, археологич Д.Эрдэнэбаатар энэхүү бүтээлтийн талаар “Монголын нууц товчоо”-ны үйл явдлыг дүрсээр үзүүлнэ гэдэг хүнд илүү ойлгомжтой болгож буй хэлбэр. Ингэснээр залуу үеийнхэн төдийгүй бүхий л насны хүмүүст хүртээмжтэй болж байна. Зураач Р.Батцэнгэл энэ номны зургийг зурахдаа Монголын археологич, түүхчдийн судалгааны бүтээлийг эх сурвалжаа болгон ашигласан учраас зөвхөн зураг биш мөн түүний судалгааны бүтээл гэж ойлгож болно” гэв.

Нээлтэд Рио Тинто” группийн Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Симон Нивен, Сочлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким нар уригдан орсон юм.

Тэнгис кино театрт болох нээлтийн өдрүүдэд цувралын эхний 10 ангийг үнэ төлбөргүй үзүүлэхээр зохион байгуулагчид төлөвлөжээ.

Тиймээс есдүгээр сарын 6-н буюу өнөөдөр “Тэнгис” кино театрын 3 танхимд  10:00, 11:00, 12:00, 13:00, 14:00, 15:00 цагуудад тус тус олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Мөн “SkyMedia”-ийн хэрэглэгчид есдүгээр сарын 4- 23-н хүртэл үнэгүй үзэх боломжтой гэсэн шүү.