77 хүүхэдтэй сургууль шинэ байраа хүлээсээр...

Нийслэлд өнөөдөр зуун дамнасан хуучны актлагдсан барилгад хүүхэд багачууд эрдэмд шамдан суралцдаг гэхээр итгэхэд бэрх.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын баруунтаа өгсүүр замаар нэлээд мацаж байж хүрсэн нэгэн хашаан дотор нэг давхар хуучны дан барилга угтсан нь “Баянзүрх” цогцолборын бага сургууль. Байшингийн наад талын хаалгаар орвол зэрэгцээ хоёр өрөөг сургуулийн анги танхим болгон тохижуулсан байх  бөгөөд өрөөндөө өвөлдөө халаалтаа шийддэг пийшинтэй, гадаа бие засах газартай гээд яг л цаг хугацаагаар аялуулан тэртээх 1921 онд анх сургууль ийм л танхимд үйл ажиллагааг эхлүүлж байсан байх гэж бодмоор.

-Улиастайгаас хоёр, гурав дамжиж ажилдаа ирдэг-

Баянзүрх цогцолборын сургуулийн Салбар бага сургуулийн нэгдүгээр ангийн багш М.Майцэцэгтэй ярилцлаа.

-Энэ хичээлийн жилд танай ангид хэдэн хүүхэд суралцах вэ?

-2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 20 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Хичээлийн явцад хүүхдийн тоо нэмэгдэх нь бий.  Өнгөрсөн хичээлийн жилд нэгдүгээр ангид 32 хүүхэд суралцсан.

-Хүүхдүүд “Баянзүрх” цогцолбор сургуульд суралцаж болдог уу?

-“Баянзүрх” цогцолбор сургууль өөр хорооных болохоор 11 дүгээр хорооны хүүхдүүд харьяаллын бусд тооцогддог. Төв сургууль маань Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны хүүхдүүдийг авдаг, ачаалал өндөртэй. Салбар бага сургууль болохоор манай 11 дүгээр хорооны бүх хүүхдийг авч сургах зорилготой.

-Барилга байшин нэлээд мууджээ?

-Сургуулийн барилга хэдэн жил болж байгааг сайн хэлж мэдэхгүй байна. Баянзүрхийн товчоонд 11 дүгээр хорооны хүүхдүүдийг хамруулахаар шинэ сургууль баригдаж байгаа. Түүнийгээ л эцэг эхчүүд, багш, хүүхдүүд бид хүлээж байна даа.  Саяхан мэргэжлийн хяналтынхан ирж барилгыг маань үзээд явсан. Хамран сургах тойргийн хүүхдүүдээ хүлээн авахын тулд хавар засвар хийгээд намар нь хүүхдүүдээ  хүлээж аваад ажил, үүргээ гүйцэтгээд байж байна даа.

-Сургуулийн халаалтыг хэрхэн шийддэг вэ. Өвөл хүйтэн байх уу?

-Өвөл хүйтэн биш шүү. Манай салбар бага сургууль хоёр ангитай. Нэг нь пийшингээр нөгөөх нь дулааны халаалтаар хоёр давхар явдаг. Өвөл гадаа бие засах асуудал л хэцүү.Халуун ангид хөлөрсөн хүүхдүүдийг багш нь л дулаан хувцаслан дагуулж гаргаж бие засуулахгүй бол болдоггүй.

-Багш нар ажил хаяж байгаа. Танай бага сургуулийн багш нарын тухайд энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Одоогоор ажил хаях мэдэгдлээ өгсөн байгаа. Энэ долоо хоногт хичээл хэвийн орох байх. Хичээлээ заагаад явна. Болж өгвөл хичээл ороосой гэж бодож байна.

-Багшийн цалин мөнгө амьдралд тань хэр хүртээмжтэй байна?

-Хүртээмжгүй шүү дээ. Бичиг хэргийн мөнгөнөөс эхлээд зарлага их. Нэгдүгээр анги дааж авсан багш хүүхдүүдийнхээ төлөө нэмэлт хэрэглэгдэхүүн, тарааж өгөх материалын мөнгө надаас л гарна. Эцэг эхчүүдээс бичгийн цаасны мөнгө бид авдаггүй ээ.

-Та гар дээрээ хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Суутгалаа төлөөд гар дээрээ 480 мянган төгрөг хоёр хувааж авдаг.

-Ажилдаа хэр холоос ирж байна?

-Манай гэр Улиастайд байдаг. Хоёр, гурав дамжиж ажилдаа ирдэг.

-Бид шинэ сургуулиа ашиглалтад орохыг хүлээгээд хоёр жил гаран болж байна-

Сургуулийн орчинд “School Police”  эргүүл тогтмол хийж хийгдснээр хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь багассан хэмээн эцэг эхийн төлөөлөл ярьсан юм.Энэ өдрийн ээлж таарсан эцэг эхчүүд “Сургууль төв замаас хол өгсүүр болохоор өглөө оройд хүүхдүүд хичээлдээ явахад явдал ихтэй. Мөн золбин нохой ихтэй болохоор эцэг эхийн хараа хяналт чухал. Хот руу хамгийн ойрдоо Амгалангийн “Баянзүрх” цогцолбор сургууль руу хүүхдээ зөөнө гэдэг энэ хавийнханд хүндрэлтэй. Бага ангийн хүүхдээ аргагүйн эрхэнд энэ сургуульдаа л өгдөг. Багш нарын хувьд сайн. Бид шинэ сургуулиа ашиглалтад орохыг хүлээгээд хоёр жил гаран болж байна. Тэр сургууль  уг нь төв замд ойрхон, том гээд олон давуу талтай ч ашиглалтад орно гэж дуншсаар л байгаа” гэв.

Эцэг, эхийн хэлж буйгаар салбар бага сургуулийн барилга анх “Ногоон зоорь” гэж байхын ажилчдын байр байсан гэсэн.

-Манай гэр аймаар хол-

Өглөөний ээлжид хичээллээд тарсан хоёрдугаар ангийн хүүхдүүдтэй ярилцлаа. Тэдэн дундаас нэг хүү “Манай гэр аймаар хол. Машинаар ирдэг болохоор хэр холыг мэдэхгүй ээ. Их л явдаг” хэмээн ярив. Өөр нэг хүү өглөө болгон эмээтэйгээ алхаж ирдэг, бороо орсны дараа зам алхахад хэцүү болдог гэхэд нөгөөх нь өвөл зам халтиргаатай бүүр хэцүү болдог хэмээн ам уралдан байлаа. Гэхдээ хүүхдүүдийн хэн нь ч сургуулиа муухай гэсэнгүй. Анги танхим нь гоё найз нөхөд, багш нь мундаг хэмээн магтсан шүү.

-Бага сургуульд суралцах хүүхдийн тоо жил ирэх тусам цөөрдөг-

Төв замаас нэг километр орчим бартаа ихтэй, өгсүүр газар байрлах энэ сургууль хэдий хүртэл үйл ажиллагаа явуулах талаар “Баянзүрх” цогцолбор сургуулийн захирал Ч.Чинчулуунаас тодрууллаа.

-Салбар бага сургууль хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Анх 90 дүгээр бага сургууль нэртэйгээр 2000 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манай “Баянзүрх” цогцолбор сургуулийн харьяанд 2007 оноос орж ирсэн. Тухайн үедээ 1-3 дугаар ангийн таван бүлэгтэй ажиллаж байсан.Ноднин 4 бүлэг хичээллэсэн.Энэ жил 3 бүлэгтэй 77 хүүхэдтэйгээр хичээлээ эхэлж байна.Өнгөрсөн жил тэнд ажиллах багш  олдохгүй, бараг л улиралд хоёр багш солигдсон. Хүнийг хүчээр тэнд ажилла гэж барилтай биш, хэцүү шүү дээ. Өнгөрсөн жил эцэг эхчүүдтэй зөвлөлдөөд гуравдугаар анги нь есөн хүүхэдтэй болохоор төв сургууль руугаа нааш нь сурагчдаа татаж суралцуулсан.

-Ийм байшинд салбар бага сургууль үйл ажиллагаа явуулаад байгаа шалтгаан нь юу вэ?

-Тухайн орчинд амьдардаг иргэд хүүхдээ нааш нь зөөх хүндрэлтэй учраас өнөөдрийг хүртэл салбар бага сургууль үйл ажиллагаа явуулсаар байна. 2007 оноос хойш зургаагаас дээш ангийнхан нь бага сургуулиа төгсөөд энд ирж төгсдөг болсон. Өнгөрсөн жил 30 хүүхэдтэй байсан бол одоо 20 гаруй хүүхэдтэй болсон. Тэнд суралцах хүүхдийн тоо жил ирэх тусам цөөрдөг. Бүгдийг нь нааш нь татан суралцуулах гэхээр эцэг эхчүүд зөвшөөрдөггүй болохоор яалт ч үгүй тэнд сургалтын үйл ажиллагаа явуулах шаардлагатай болдог. Манай цогцолбор сургууль гурван ээлжээр хичээллэдэг, ачаалал ихтэй.

Өнгөрсөн жил гуравдугаар ангийг нааш нь төв сургууль руу татсанаас болж эцэг эхчүүд анги тараалаа, багшаар хангахгүй байна гэх мэт гомдол үүсгэсэн. Гол нь бид 126 дугаар сургуулийг энэ жил ашиглалтад орох байх гэж их горьдсон. Өнгөрсөн жилийн хичээлийн нээлт дээр 126 дугаар сургуулийг ирэх жил ашиглалтад орно гэж ярьсан. Энэ яриа ажил хэрэг болохгүй сүүлийн гурван жил хүлээгдэж байна. Уг нь энэ сургууль ашиглалтад орвол 11 дүгээр хорооны хүүхдүүдийг сургах 640 хүүхдийн багтаамжтай том сургууль болох юм.

-Шинэ сургуулийн барилгын ажил хэдэн жил болж байгаа юм бэ?

-Миний мэдэхийн  шинэ сургуулийн барилгын ажил 2010 онд эхэлсэн бараг л 7-8 жил болж байгаа. Өнгөрсөн жил 126 дугаар сургуулийн захирал томилогдсон.

-Энэ сургууль ашиглалтад орсноор танай сургуулийн ачаалал хэдэн хувиар багасах уу?

-Бага сургууль болон манай дээр суралцаж байгаа 11 дүгээр хорооны 300 гаруй сурагч бий. Тэднийг ангиуддаа тараан байршуулж байгаа учраас тэр хэмжээгээрээ ачаалал багасна. Хэрвээ тэдгээр хүүхдүүд 126 дугаар харьяа сургууль руугаа шилжин суралцвал манайх гурван ээлжээ болин хоёр ээлжээр хичээллэх бүрэн боломжтой.

-Шинэ сургуулийг ашиглалтад хэзээ орох талаар холбогдох байгууллагуудаас асуухад ямар хариу өгч байна?

-Нийслэлийн Боловсролын газраас 126 дугаар сургуулийг одоо ашиглалтад оруулна гэсэн хариу л өгдөг. Сая би боловсролын хэлтсийн даргаас 126 дугаар сургуулийн талаар мэдээлэл авья гэхэд захирал нь холбогдоно гэсэн. Одоогоор мэдээлэл авч чадаагүй л байна. Хамгийн гол асуудал нь сургуулийн барилгын гүйцэтгэгч компанид байгаа гэсэн л мэдээлэл авлаа. Өөр мэдээлэл алга.

-Бага сургуулийн сурагчдад үдийн хоолыг нь эндээс зөөдөг гээд ачаалал их үү?

-Сурагчдын  үдийн хоолыг тухайн цагт нь халуунаар нь эндээс зөөж үйлчилж байгаа. Мөн бага сургуулийн сурагчдад биеийн тамир болон дуу хөгжмийн хичээлийг эндээс багш нараар хангаж оруулдаг.  Тэд маань хичээлийн хуваарийн дагуу товлосон өдрөө хичээлээ заахаар автобусны мөнгөө аваад л явдаг. Бага сургууль автобусны буудлаас нэлээд зайтай шүү.

-Биеийн тамирын хичээл өвөл хаана явагдах уу?

-Тэнд байгаа гурван байшингийн нэг нь бага сургуулийн байр бол нөгөөх нь өвөл биеийн тамирын хичээлийн заал болдог. Үлдсэн нэг байрыг сургуулийн халаалтыг хангах түлээ, нүүрсээ базаах агуулах болгон ашигладаг.  

-1990 онд байгуулагдсан 90 дүгээр бага сургууль өдгөө зориулалтын бус актлагдсан байранд үйл ажиллагаа явуулж байна-

Бага сургуулиас холгүйхэн төв замын хажууд шинээр барьж байгаа сургууль харагдах аж. Тэндхийн оршин суугчдын хэлж буйгаар барилгын ажил зогсоод удаж байгаа гэнэ. 2009 оноос хойш хүлээлт үүсгээд байгаа салбар бага сургуулийг татан буулгаж, шинээр ашиглалтад орох 126 дугаар сургуулийн талаар Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодрууллаа.

-Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны хүүхдүүдийг сургах шинэ сургуулийн ажил ямар шатандаа байгаа бол. Хэзээ ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авах вэ?

-Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль 2011 оноос эхлэн баригдаж байна. 2018 онд багтаагаад ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй.126 дугаар сургууль ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны хүүхдүүдийг нийтэд нь хамруулах боломжтой.

-Хөрөнгө мөнгөгүйн улмаас барилгын ажил зогссон гэж  байсан?

-“Немон” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд одоо барилгын ажил 80 хувьтай явж байна. БССЯ-наас захиалагчийн хяналтыг тавьж байгаа. Барилга хөгжлийн төвөөс барилга дээр нь бас хяналт тавьж байгаа. Хөрөнгийн асуудал нь шийдэгдсэн. Энэ ондоо багтаагаад улсын комисст хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа

Хотын захад зуун дамнасан зориулалтын бус барилгад хичээллэж байгаа бяцхан үрс шинэхэн сургуулиа ашиглалтад орохыг хүлээсээр л...

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)