Монголын баг 16 дугаар байрт бичигдлээ

Азийн зуны спортын XVIII их наадам Индонезийн нийслэл Жакартад наймдугаар сарын 19-нөөс есдүгээр сарын 02-ны өдөр болж өндөрлөлөө.

Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон спортын төрлөөр хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, анх удаа 2 хотод, хамгийн өндөр өртгөөр зохиогдсон гэх тодотголтой энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож түүхэндээ хамгийн олон буюу 25 медаль хүртэж 45-н орноос 16-р байрт бичигдлээ. 

Манай улсын хувьд 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл нийт 25 медаль хүртэж, дөрвөн жилийн өмнө тогтоосон дээд амжилтаа дөрвөөр ахиуллаа. Түүнчлэн Азийн наадамд оролцох болсон 1974 оноос хойш хамгийн их мөнгөн медаль хүртсэн жил болов. Манай тамирчид 1990 онд 7 мөнгө авсан юм.

Токио 2020 олимпийн наадмыг зохион байгуулагч Япон улс сүүлийн 20 жилд анх удаагаа БНСУ-ын урд бичигдсэн аж. Хятадууд 132 алтан медаль хүртэж, уламжлал ёсоор тэргүүлсэн ч 1998 оноос хойш алтан медалийнх нь тоо анх удаа буурсан үзүүлэлт гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)