Өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөөд УИХ-ын чуулганаар хэлэлцэж чөлөөлөхийг хүлээж буй Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Болно доо, болно" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн мөртүүдийг олон нийтийн сүлжээндээ нийтэлжээ. Тэрээр "Найз нөхөд, нутгийнхан маань утас цохиж мессеж явуулж л байна. Зүгээр дээ. Би зүгээр. Заримын хийгээгүйг хийж, хөдлөөгүйг хөдөлгөсөн хийж бүтээсэн зүйлийг минь ойлгож дэмжиж байхад болно доо. Хийж амжаагүй ажил, хийж бүтээх хүсэл, юу хийхээ мэдэж байхад болно доо" хэмээн бичжээ.
Зам тээврийн хөгжлийн сайдын эл мөртүүд цаашаа доорхи байдлаар үргэлжилж байна.
...Төрийн төлөө, хүний төлөө гэх чин сэтгэл минь арилаагүй харин ч асаж байхад болно доо. Зарчим гэдэг туг дор хатуу зогсож ирсэн төрч арга барил минь байгаа цагт болно доо. Амалсан бол биелүүлэх гэж явах аавын нутгийн "нэрэлхүү" зан минь хэвээрээ цагт болно доо. Гуйж царайчлалгүй гүдэс шулуун үнэн зөв явбал хорвоо өөрөө зөөлөн болохоор болно доо. Эр хүний мөн чанар, ухамсар, оюун бодлын мэлмий минь тунгалаг байхад болно доо. Бодлын дээд нь Монголоо гэх бодол байхад л ер нь тэгээд болно доо.