Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байрнаа өнөөдөр Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдаанаас гарсан тодорхой шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарласан. Хэвлэлийн бага хуралд ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцлоо.
-320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос гарсан шийдвэртэй гурван асуудлаар товч мэдээлэл өгье гэж хэвлэлийн хурал зарласан. Нэгдүгээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудал, хоёрдугаарт 2017 оны Улсын Төсвийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 29 дүгээр тогтоолын зарим өөрчлөлттэй холбоотой асуудал, гуравдугаарт 2013 онд нийгмийн зөвшлийг бэхжүүлэх талаар гаргасан Засгийн газрын 370 дугаар тогтоолын биелэлттэй холбоотой асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдсан. Эндээс гарсан тодорхой шийдвэрүүдийн талаар та бүхэнд товч мэдээлье. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг авч хэлэлцсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар бол хөдөлмөрийн хөлсийг хоёр жил тутам нэгээс доошгүй удаа шинэчлэн тогтооно гэсэн хуультай. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа. Үүнийг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж байгаа. Тиймээс энэ хуулийн дагуу Гурван талт үндэсний хороон дээр хөдөлмөрийн доод хэмжээг шинэчлэн тогтоох ахсуудлыг авч хэлэлцэн тодорхой шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжил харгалзахгүй өгч байгаа цалинг хэлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харсан. Нэг цагийн 1904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо.
Торгуулийн хэмжээг тодорхой нэгжээр заадаг болсон. Өнгөрсөн жил тодорхой хуулиудад өөрчлөлт оруулснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхээргүй болсон. Улсын хэмжээнд 1,1 ажиллагсад байна. Эдгээр ажиллагсдын 8 хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд, хөдөө АА-н салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ажил олгогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдүүлэх нь сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Гэхдээ гурван талт хэлэлцээрийн үр дүнд энэ хэмжээг тогтоосон.
Мөн Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар өнөөдөр 15:00 цагт ярилцахаар төлөвлөж байна. Нэгдсэн үр дүн гарж чадвал энэ асуудлыг Засгийн газарт өргөн барина"
-Ажилчиндаа 320 мянган төгрөг өгж чадахгүй гэж бодож байвал бизнесээ зогсоо-
Монголын ажил олгогчдын эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар: "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь аравдугаар анги төгсөөд ажил дээр гарсан, цэрэгт яваад тодорхой мэргэжил эзэмшээгүй залуучуудад олгох хамгийн доод цалин гэж ойлгох хэрэгтэй. Энэ мөнгө нэмэгдсэнээр өнөөдөр залуучуудын ажил хийх хүсэл эрмэлзэл илүү нэмэгдэнэ гэж бодсон. Одоо бүх ААН-үүд ирэх оны төсвөө хийхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 320 мянга болгон тусгаарай гэсэндээ бид өнөөдөр энэ талаар хэвлэл мэдээллээр зарлаад байгаа юм. Хэрэв та бизнес эрхэлдэг бол доод тал нь ажилчиндаа 320 мянган төгрөг өгж чадахгүй гэж бодож байвал бизнесээ зогсоо. Тиймээс залуу хүмүүсээ дэмжих хэрэгтэй" гэв.
-2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган болгохоор бид шийдвэр гаргасан-
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган болгохоор бид шийдвэр гаргасан. Өмнө нь хоёр жил тутамд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож байсан. Тиймээс өчигдөр бид санал нэгдэж хоёр жил дараалан нэмэхээр шийдвэр гаргаж байна. 2020 он гэхэд одоогийн үнэлэмжээр цагийн хөлс 1 долларт хүрч байгаа юм. Энэ бол бүх салбарын ажилчдын цалингийн үнэлгээг нэмэгдүүлэх гол зүйл болдог. Торгууль шийтгэлийн тухайд зөрчлийн тухай хуулиар нэгжээр тооцдог болсон учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй" гэв.