Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 76898 хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 24-ний 09:00 цагаас санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очно.

Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамрагдсан эсэхийг мэдэхийн тулд заавал цэцэрлэг дээр нь очих шаардлагагүй юм. Цахим системийн шалгах цэс рүү тухайн өдрийн 10.00 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой юм.

Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хувьд долоодугаар сарын 25-наас зөвхөн ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд харьяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст бүртгүүлэх боломжтой. Түүнчлэн наймдугаар сарын 13-23-ны хооронд хамран сурах тойргийн цэцэрлэг дээр багш, ажилтнууд цахимаар бүртгүүлэхэд тусалж байгаа тул эцэг, эхчүүд өөрийн биеэр очиж бүртгүүлж болно.

Энэ асуудлын хүрээнд Нийслэлийн боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас зарим зүйлсийг тодрууллаа.

-Цэцэрлэгийн цахим бүртгэлийн явц ямар байна?

-Цэцэрлэгийн цахим бүртгэлийг бид долоодугаар сарын 25-наас эхлүүлсэн. Хуучин цахим бүртгэлээр зөвхөн 2 настай хүүхдийг бүртгэдэг байсан бол энэ жилийн хувьд бүх хүүхдүүдээ  цахимаар бүртгэж байгаа. Ингэснээр цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийн нэгдсэн нэг сантай болж байна. Цахим бүртгэл эхний хоёр өдөр ачаалал ихтэй байсан. Цахим бүртгэл өнөөдрийн байдлаар 70 орчим хувьтай байна.

-Энэ жил шинээр хэдэн цэцэрлэг баригдаж байна?

-Нийслэлд энэ жил 18 цэцэрлэг шинээр барагдахаас 8 цэцэрлэг нь ашиглалтад ороод байна.

-Өнгөрсөн жил хэчнээн хүүхэд цэцэрлэгт хамрагдсан бэ. Энэ жил энэ тоо нэмэгдэх үү?

-Өнгөрсөн хичээлийн жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 78 хувь нь буюу 113 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. Энэ жил ч гэсэн ийм тооны хүүхэд авна гэсэн бодолтой байгаа. Нийслэлийн засаг даргын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулна гэсэн бодлого барьж ажиллаж байгаа.