“Галт тэрэг гэнэт л зогсон хаа сайгүй юм нуран унах чимээнээр сэрсэн би сандарсандаа хашгирахад хүмүүс ч зэрэгцэн хашгиралдаж харанхуйд хүүхдүүд уйлан яах ч учраа олохгүй байсан” хэмээн нэгэн өвгөн галт тэрэгний ослын дараа тусламж үзүүлсэн эмчид ярьжээ.
Энэ бол Дорноговь аймагт наймдугаар сарын 12-ны 01:35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км буюу Цомог-Айраг өртөө хооронд төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсаны улмаас 286 дугаартай галт тэрэг унаж осолдсон юм. Галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч, ослын улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байдаг. Уг галт тэргэнд нийт 328 хүн зорчиж явсан бөгөөд тэдэнд эмнэлгийн шуурхай тусламж үзүүлэн Сүмбэр сумын эмнэлэг рүү хүргэсэн аж.

Өчигдөр манай сурвалжлах баг Сүмбэр сумын Нэгдсэн эмнэлэг дээр очиход галт тэрэгний ослын улмаас хүнд бэртсэн 48 настай эмэгтэй яаралтай хагалгаанд орон мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байлаа. Ослын дараа Сүмбэр сумын нэгдсэн эмнэлэгт 120 хүнийг үзлэгт хамруулан зохих шатлалын эмнэлэг рүү болон гэр рүү нь гаргасан байна. Хоёр хүнд өвчтөн байсны нэгийг ийнхүү нийслэлээс ГССҮТ-өөс эмч нарын баг дуудан яаралтай хагалгаанд оруулжээ. 54 настай эмэгтэй тархины гэмтэлтэй байсан учраас түүнийг ГССҮТ рүү шилжүүлэн эмчлүүлсэн талаар Сүмбэр сумын Ерөнхий эмч хэллээ.
-Ээж маань хамгийн хүнд бэртлийг авсан болохоор хэцүү байна-

Бид ослын дараа яаралтай хагалгаанд орсон 48 настай эмэгтэйн ар гэрийнхэнтэй ярилцсан юм. Бидэнтэй ярилцсан түүний охин галт тэргэнд аав, дүү, хүүгийнхээ хамт явжээ.
-Галт тэрэг замаас гарч осолдоход та бүхэнд юу мэдрэгдсэн бэ?
-Унтаад сэрсэн чинь хамаг юм дээрээс нураад орж ирсэн. Хэрхэн хормын дотор энэ бүхэн болж яах учраа мэдэхгүй л байсан. Хүн чинь цагаа тулахаар хүүхэдтэйгээ явж байсан болохоор хамгийн түрүүнд хүүхдээ л боддог юм билээ /уйлав/ Хүүхдээ доороо аван өөрөө дээр нь гарч хамгаалж хэвтсэн. Ядаж л хоёр жаахан хүүхдээ хараад үнэхээр хямардаг юм билээ. Би хэдийгээр залуу хүн ч гэсэн хамгийн түрүүнд хүүхдүүдээ л хамгаалья гэж бодсон. Ямартаа ч хүүхдүүд маань бэртээгүй. Ээж маань хамгийн хүнд бэртлийг авсан болохоор хэцүү байна. Ээж гэдэг хүн чинь ямар эрхэм хүн билээ. Бараг ээжийнхээ оронд би байсан ч болоосой гэж бодож сууна /уйлав/
Тухайн үед би хүүхэдтэй галт тэрэгний доод талд унтаж байсан. Манай ээж хажуугийн орон дээр, аав хажуугийн местний доод орон дээр, 10 настай дүү маань миний дээд талын орон дээр унтаж байсан. Бид унтлагын галт тэрэгний бие засах өрөөний хажууд хамгийн захад нь зорчиж явсан учраас галт тэрэг замаас гарч унахад тэр талаасаа түрэгдэж орж ирэн ээжийн ор хоорондоо хавчигдан дарагдсан байсан. Ээжийн суудал доод талд байсан учраас хамаг юм л ээж дээрээс нуран ганцаараа орондоо хавчуулагдан дарагдсан.

-Одоо ээж нь ухаан орсон уу, биеийн байдал нь ямар байна. Том хагалгааг давж гарсан байна?
-Өчигдөр /наймдугаар сарын 13-ны/ 01.00 цаг өнгөрч байхад хотоос ГССҮТ-ийн эмч нарын баг ирж, бүх шинжилгээ хийн зураг дахин аван ээжид яаралтай хүнд хагалгаа хийсэн. Одоо ухаан орсон. Биеийн байдал гайгүй байгаа. Ээжийн биеийн байдлыг харж байж дараагийн эмчилгээг шийднэ гэсэн.
-Хүүхэд, дүү, аав нь гайгүй юу?
-Хүүхэд, дүү хоёр маань гайгүй. Аав, бид хоёр зөөлөн эдийн бэртэлтэй байгаа. Бүгд л ослын дараа доргилт авсан. Манай ээж хамгийн хүнд бэртэл авч яаралтай хагалгаанд орсон. Бид нар ээжийгээ сахин одоогоор нарийн шинжилгээнд хамрагдаж амжаагүй байна. Энд нарийн шинжилгээ авах багаж, төхөөрөмж байхгүй гэсэн. Ээжтэй л хотод очоод нарийн шинжилгээнд хамрагдана. Ийм ослын дараа сэтгэл санаа хүртэл яаж тайван байх вэ дээ.

-Ослын дараа 10 настай дүүгийнх нь гар ийм болжээ-
-Сайншанд руу гэр рүүгээ буцаж явсан гэсэн шүү дээ?
-Тийм ээ, аав ээж хоёр маань хотод эмчилгээ хийлгээд хамтдаа буцаж явсан.
-Осол гарснаас хойш хэчнээн хугацааны дараа эмнэлэг, аврах ангийнхан ирсэн бэ?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Хамаг юм аа л алдсан. Цаг, утас ч байхгүй. Гадаа их хүйтэн байсан. Хүүхдээ тэврэн дүүгээ нүцгэн хөтлөөд гадаа үерийн усан дунд зогсон эмч, түргэнийхнийг хурдан ирээсэй гэж бодож байсан болохоор надад маш удаан л санагдсан. Хэдий хугацааны дараа ослын газарт түргэн тусламж ирснийг мэдэхгүй байна. Тухайн газарт бороо орон шавар, устай байсан болохоор түргэн тусламж удаж байж ирсэн байх. Ээжийгээ ямар байгааг тухайн үед сайн мэдээгүй. Манай аав дүү, хүүгээ аваад галт тэрэгнээс гар гээд ээжийн дэргэд үлдсэн. Надад цаг хугацаа удаан яваад байгаа юм шиг л санагдсан. Эмч нар ирээд тусламж үйлчилгээг маш түргэн, шуурхай авч чадсан. Эмнэлэг дээр ирэхэд эмч нар хамаг зүйлээ л бэлдчихсэн хүлээж байсан учраас ээж маань цаг алдалгүй шуурхай эмчилгээг авсан.



-Ах маань хань минь дарагдчихлаа гээд тусламж хүсэхэд гадаа байсан хүмүүсээс хоёр л залуу ирж тусалсан байсан-
48 настай эмэгтэйн дүү С.Долгорсүрэн “Эгч ах хоёр маань хүүхдүүдтэйгээ бямба гаригт гэр рүүгээ буцлаа гээд хотоос галт тэргээр гарсан. Гэтэл өглөө 05.00 цаг болж байхад утас дуугаран “Бид галт тэрэгт дарагдлаа” гээд тасарсан. Хүний утаснаас залгасан юм билээ. Тэр утас нь ч холбогдохгүй байсан. Ах дахин хүний гар утаснаас залган Чойр руу гарч байна гээд тасарсан. Өөрсдийнх нь гар утаснууд дуудаад авахгүй байсан болохоор ямар ч байсан Чойр руу эмнэлэг дээр ирэх юм байна гээд хотоос гараад 10 өнгөрөөж Чойрын эмнэлэг дээр ирцгээсэн. Анхны тусламж шуурхай маш сайн авсан болохоор тэр бүхний хүчинд эгч маань бослоо гэж бодож байгаа” гэв. Түүнээс зарим зүйлсийг тодрууллаа.
-Та хагалгааны өмнө эмч нартай нь уулзсан уу?
-Эмчтэй нь уулзахад “Эгч тань амьсгалын замын цочмог дутагдалтай, хавирга нь хугарсан, аарцаг нь цуурсан учраас хүнд хагалгаа хийнэ шүү” гэж хэлэн биднээр гарын үсэг зуруулаад хагалгаанд оруулсан. Хотоос эмч нар ирэн хоёр цаг гаран хүнд хагалгаа хийсэн. Эмч нар хагалгаанаас гарч ирээд “Хагалгаа амжилттай боллоо, эгч тань мундаг хагалгаа давлаа” гэж бидэнд хэлсэн.
Ослын газарт очиж эгчид маань анхны тусламж үзүүлсэн Сайншандын эмч өчигдөр /наймдугаар сарын 12-нд/ 18.00 цагийн үед эгч дээр маань ирээд явсан. Тэрээр “Та намайг таньж байна уу, би анхны тусламж үзүүлсэн эмч тань байна. Таны биеийн байдлыг яаж байгаа бол гээд санаа зовоод ирлээ” гээд ирж уулзахад маш их баярласан. Эгч маань осол болсны дараа эмнэлэг дээр ирэхдээ ухаантай байсан учраас таньж байна гээд. Тэр эмчийнхээ нэрийг ч асуух сөхөөгүй явуулсан. Дараа нь тэр эмчийнхээ нэрийг нь асуухгүй дээ гэж бодож байлаа. Тийм хүнд байсан эгчийг маань хоёр цаг гаран хагалгаа хийн аварсан нь алтан гартай эмч нарын минь гавьяа. Эмч нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Хамт явсан хүүхдүүдийнх нь биеийн байдал ямар байна?
-Өчигдөр /наймдугаар сарын 12-нд/ охин нь гайгүй байсан одоо гар нь хөдлөхгүй байна. Ер нь бэртэл гэдэг чинь дараа нь л илэрдэг. Эгчийгээ босгоод эд нарыгаа нарийн шинжилгээнд хамруулна даа. Одоогоор зөөлөн эдийн гэмтэлтэй, ясны хугарал байхгүй байна гэсэн болохоор хот руу орж нарийн шинжилгээнд хамруулна.

Зургийг нь харахад аймаар л осол болсон юм билээ. Эд нар маань тухайн үед унтаж байсан болохоор өмссөн хувцастайгаа л энд ирсэн. Тэр үерийн усан дунд 10 настай дүү маань бандаашнаас өөр өмссөн хувцасгүй. Манай дүү эмнэлэг дээр урьдчилаад эд нартаа хувцас бэлдээд хүлээж байсан. Ах маань гэхэд нойтон оймстой эмнэлгийн налчийсан таавчигтай орж ирсэн. “Ахынхаа оймсыг хурдан тайлаарай” гээд. Уг нь хотод ах, эгч хоёр маань 10 хоног ардын эмчилгээ хийлгэн зүү тавиулж байгаад буцсан юм. Юун гам барих. Тэр усан шалбааг дундаас аймаар л орж ирцгээсэн. Эмнэлгийн тусламж очих хүртэл усан бороон дунд шалбааг туучин хөл нүцгэн байцгаасан.
-Ах тань ослын дараа бусдаас тусламж дуудан удсан гэв үү?
-Ах маань галт тэрэг осолдсоны дараа хань маань дарагдчихлаа гээд тусламж хүссэн байсан. Хүмүүс чинь эхлээд өөрсдөө л гараад явчихсан гэсэн. Эхний удаад мэдээж өөрсдийнхөө амь, насыг аврах нь ойлгомжтой. Ахыг маань тусламж хүсэхэд галт тэрэгний гадаа байсан олон хүнээс хоёр залуу л ирж тусалсан байсан. Тэр залууст маш их баярлалаа гэж хэлмээр байна. Монгол хүний бусдыгаа хайрлах сэтгэл, ёс жудаг гэж хайчаа вэ гэж бодсон. Тэр олон галт тэрэгнээс ганц хүн л дарагдан хүнд байхад хоёрхон хүн л гараа сунган тусалсан гэж бодохоор Монгол хүний хүн хүнээ хайрлах нинжин сэтгэл байхгүй болжээ гэж бодож байна.