Номт-Цагаан хад хоорондын төмөр замын гүүр үерт автжээ

Өчигдөр орой 17:00 цагийн үед төмөр замын Номт-Шаргын овоо өртөө зөрлөгийн хооронд нэг цаг орчим үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Номт-Цагаан хад хоорондын замын 1011 км-т байдаг төмөр замын гүүр үерт автаж тулгуур дам нуруу нь 40 см доош сууж, нурж болзошгүй аюултай байдал үүссэнийг замчид шуурхай илрүүлж төмөр замын хөдөлгөөнийг 19:13 цагт түр хаажээ. Үерийн ус төмөр замын гүүрийг давж урсан замын чигжээс чулууг урсган зайлуулж, суурь бүтцэд багагүй хэмжээний хохирол учруулсан байна. 

Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Замын Үүд-Улаанбаатарын чиглэлд аялж байсан 1345 зорчигчтой 275 дугаар галт тэргийг 20:26 цагт Цагаан хад зөрлөгт төмөр замын хөдөлгөөнийг нээтэл түр зогсоож саатуулжээ. 

Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн аюултай нөхцөл байдлыг арилгах, төмөр замын хөдөлгөөнийг саадгүй хэвийн үргэлжлүүлэх арга хэмжээг УБТЗ-ын удирдлага яаралтай авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. 

Гүүрийг сэргээн засварлах ажилд 150 гаруй төмөр замчид оролцож шөнөжин ажиллажээ. Одоогоор төмөр замын хөдөлгөөнийг яаралтай хэвийн үргэлжлүүлэх үүднээс эхний ээлжид гүүрийн дам нуруунд түр зуурын бэхэлгээ хийгээд байна. Гүүрийг хүчлүүлж бэхэлгээ хийж сайтар туршсаны дараа өнөөдөр өглөөний 04:40 цагт төмөр замын хөдөлгөөнийг нээжээ. Уг гүүрийн дам нурууг яаралтай шинээр сольж, тулгуур баганыг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх юм. Энэ ажлыг хийж гүүрийг бүрэн засварлаж дуустал суудлын болон ачааны галт тэрэг уг гүүрээр 5 км/цагийн хурдтай явж өнгөрөх захирамж өгөгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)