186 нэрийн сурах бичгээс 24 нэр төрлийг нь шинээр хэвлүүлж байна

-Энэ сарын 20-ноос эхлэн сурах бичгийг ерөнхий боловсролын сургуулиудад түгээж эхэлнэ-

Сар хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базааж эхлээд байна. Хичээлийн бэлтгэлийн хамгийн чухал зүйл бол ном сурах бичиг байдаг. Хүртээмж муу, хэтэрхий өндөр үнэтэй зэрэг шүүмжлэл ч жил бүр гардаг. Тэгвэл энэ жил ерөнхий боловсролын 186 нэрийн сурах бичгээс 24 нэрийг нь шинээр хэвлүүлж байгаа юм байна.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир  “Монгол Улс 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжээд энэ шилжилтийнхээ хүрээнд сургалтын хөтөлбөрөө дагаад сурах бичгүүд төлөвлөгөөний дагуу шинэчлэгдээд явж байгаа. Энэ жил 24 нэр төрлийн сурах бичиг, 14 нэр төрлийн багшийн ном шинээр зохиогдож сургалтад нэвтрэхээр байгаа. Мөн үүнээс гадна бага, дунд, ахлах ангийн хэмжээнд 65 нэр төрлийн сурах бичгийг бид нөхөн хангалтаар хэвлэж сурагчдын гар дээр тавина. Энэ сарын 20-ноос эхлэн орон нутагт гүйцэтгэгч компаниудын түгээлтийг нийлүүлэх төлөвлөгөөтэй явж байна. Бага ангийн буюу 1-5 дугаар ангийн сурах бичиг 100 хувь үнэ төлбөргүй. Хавар нийт сургуулиуд захиалгаа өгсөн. Захиалгынхаа дагуу сурах бичгүүд 100 хувь хангагдана. Дунд ангийн сурагчдын 40 хувьд сурах бичгийг үнэ төлбөргүй хангаж байгаа. Үлдсэн 60 хувь нь зах зээл дээрээс сурах бичгээ авах зохицуулалт байгаа.

Бид үндэсний цөөнх Тува, Казак хэлний сурах бичигт нэлээд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ялангуяа Баян-Өлгий аймгийн бага ангийн сурагчдад үндсэн сурах бичгийг казак хэл рүү хөрвүүлэн ашиглуулах чиглэл рүү бид нэлээд анхаарч байгаа. Энэ чиглэлээр 8-9 сурах бичгийг хөрвүүлсэн байдаг. Энэ жилийн 24 нэр төрлийн сурах бичиг дотор казак хэлний сурах бичиг багтаж байгаа. Мөн Тува хэлний 250 орчим сурах бичгийг ЮНЕСКО-гийн тэмдэгтэйгээр хэвлэж түгээх бэлтгэл ажил хангагдаж байгаа.

2012 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сурах бичгийг бид үе шаттайгаар нийлүүлж байгаа. Энэ жил ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хоёр сурах бичиг хэвлэгдэж байгаа” гэв.

Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сурах бичгийг 2012 оноос эхлэн үе шаттайгаар хэвлүүлж байгаа. Энэ жил хэвлэгдэх 24 нэр төрлийн сурах бичгийн хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан байгаа. Мөн баррель үсгийн стандарт батлагдвал харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сурах бичиг стандартын дагуу хэвлэгдэх боломжтой байна. Түүнчлэн үндэсний цөөнхөд зориулсан, тэдний боловсрол, сургалтын үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд сурах бичгүүдийг хэвлэж байна.

Одоогоор сурах бичгүүдийг хэвлэх ажил хийгдэж байна. Харин энэ сарын 20-ноос эхлэн сурах бичгийг ерөнхий боловсролын сургуулиудад түгээж эхэлнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)