Энэ хичээлийн жилд 146252 цэцэрлэгт хамрагдах боломжтой

Хичээлийн шинэ жил 20 гаран хоногийн дараа эхэлнэ. Сургууль цэцэрлэгийн засварын явцыг салбарын яамнаас шалгалаа. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр өнгөрсөн ажлын өдрүүдэд Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явцыг шалгасан юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 168 дугаар цэцэрлэг дээр засварын ажил ид өрнөж байлаа.  Энэ цэцэрлэгийн тухайд нэн яаралтай шийдвэрлэх асуудал гэвэл шалны халаалтыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгө бөгөөд түүнийг шийдээгүй зохих байгууллагад нь хандаад хүлээж байгаагаа салбарын дэд сайддаа учирласан юм.  Ихэнх ажлаа нугалсан тэд хичээлийн шинэ эхлэхэд засварын ажил бүрэн дуусна хэмээн ярьсан юм.

Баянзүрх дүүргийн 168-р цэцэрлэгийн эрхлэгч Х.Нарантуяа “Манай цэцэрлэг нь зургаан бүлэгт 278 хүүхэд, 31 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг анги 40-50 хүүхэдтэй. Гэр цэцэрлэгтэй болохоор анги дүүргэлт гайгүй. Цахим бүртгэлийн тухайд бид мэдээллээ гаргаад тавьсан. Хуучин хүүхдүүдээ баталгаажуулж байгаа. Зарим хүүхдийн тухайд харьяалал дээр ээж нь өөр хорооных гээд асуудал гарсан. Манай цэцэрлэг энэ жил гурван настай хүүхэд шинээр бүртгэж авахгүй байгаа. Сургалтын хөтөлбөрийн тухайд бид өнгөрсөн зургадугаар сард Нийслэлийн боловсролын газрын шугамаар Япон явж туршлага судлаад ирсэн. Тэр туршлагаасаа энэ жил хичээлийнхээ хөтөлбөрт бага зэрэг өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа. Тухайлбал, Японы цэцэрлэгт анги бүрд төгөлдөр хууртай багш нар нь өөрсдөө төгөлдөр хуур тоглон хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулдаг сайн жишээ байсан. Түүнийг би их олзуурхан энэ жил цэцэрлэгийнхээ анги бүрийг даралтат хөгжимтэй болгон багш бүрээ сургая гэсэн зорилт тавин ажиллая гэж бодож байгаа.

Манай цэцэрлэгийн барилга 2011 оных учраас ерөнхийдөө гайгүй. Цэцэрлэгийнхээ засвар ажлын хүрээнд шалны халаалт эвдэрсэн учраас засварлах ажлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлаар дүүрэгт хандсан. Тэд наймдугаар сарын 15-наас хойш энэ асуудлаар бидэнд хандаарай гэсэн. 24 дүгээр хороо халаалтаа аравдугаар сарын 1-нээс авдаг болохоор тэр хугацаанд шалны халаалтын ажлаа амжуулаад болно гэж тооцоолж байгаа” гэв.

Баянзүрх дүүргийн сургууль цэцэрлэгүүдийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлын талаар хяналт шалгалт хийсэн Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа  “Өнөөдөр /наймдугаар сарын 8-нд/ орж ажиллах 14 байгууллагаас 12.00 цагийн үед долоон байгууллагаар орлоо. Нэг цэцэрлэг дээр цаг гаран ажиллаж байна. Орж ажилласан байгууллагууд дээр ерөнхийдөө засварын ажлууд оройтож эхэлсэн зүйл байна. Засварын чанар харилцан адилгүй байна. Мөн цахим элсэлттэй холбоотой хүүхдийн тоо, хамран сурах тойргийн хэдэн хүүхэд байгаагаас тухайн цэцэрлэгт хэдэн хүүхэд хамрагдан хэд нь хамрагдаж чадахгүй үлдэж байна гэдэг судалгааг авч байна. Тэдгээр хамрагдаж чадахгүй хүүхдүүдийн асуудлыг яаж шийдэх үү гэдэг дээр ярилцаад явж байна. нэмэлт элсэлт, өөр ямар аргууд байна, хувилбарт сургалтын аргууд гэх мэт. Засварын тендерүүд нийслэл болон яаман дээр зарлагдсан. Урсгал засварын төсөв харилцан адилгүй буюу зарим цэцэрлэгт сая гаран төгрөг байхад зарим цэцэрлэгт 200 мянган төгрөг байх жишээтэй” хэмээн хагас өдрийн ажлаа салбарын сайддаа танилцууллаа.  

Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд буюу цэцэрлэгт хамрагдах 146252 хүүхэд байна. Харин тэднээс 114191 хүүхдийг л цэцэрлэгт хамруулах боломжтой. Мөн нэгдүгээр ангид 34368 хүүхэд элсэн орно.

Хичээлийн шинэ жилээс өмнө засварын ажлаа дуусгахаас эхлээд өвөлжилтөд бэлтгэх ажил чухал байгааг салбарын яамнаас хэлж байна. Энэ сарын 15-наас улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явцын нэгдсэн мэдээлэл гарах юм байна.

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. тун хайнга бичих юм даа. Мэдээний зурвасын гарчигт хэн хамрагдах нь тодорхойгүй ажээ.

    0 0 Хариу бичих