Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах хоёрдугаар хуралдаан боллоо

БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан Монгол Улсын боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд БСШУС-ын сайдын ахлах зөвлөх, Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн ахлагч С.Мөнхбат, Азийн хөгжлийн банкны “ТА-9376 Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн багийн ахлагч, профессор Р.Бандий, БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга доктор Т.Ууганбаяр нар болон БСШУСЯ-ны холбогдох газар, хэлтэс, албадын дарга нар, Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулах үйл явц дахь хөгжлийн түнш байгууллагууд болох JICA, UNICEF, UNESCO, Дэлхийн банк, Японы хүүхдийг ивээх сан зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

2018 оны хоёрдугаар сард Азийн хөгжлийн банк, БСШУСЯ болон Сангийн яам “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг БСШУСЯ Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны багтай хамтран хэрэгжүүлж байна.

Монгол Улс анх 1996 онд боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулан дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлсэн бөгөөд түүнээс хойш 2000-2005, 2006-2015 оны хооронд хоёр, гурав дахь мастер төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлсэн юм. Энэ удаагийн дөрөв дэх мастер төлөвлөгөөг гурван үе шаттайгаар боловсруулан ирэх 2019 оны зургадугаар сард төслийг бэлэн болгож, эдийн засаг, санхүүгийн тооцоотой нь хамт хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)