Шатахууны үнэ инфляцид хэрхэн нөлөөлдөг вэ?

Олон Улсын Төв банкууд мөнгөний бодлого ихэвчлэн үнийн тогтвортой байдалд чиглэдэг. Ингэхдээ эдийн засгийн халалт, эдийн засгийн хүчин чадлаас давсан эрэлтийн өсөлтөөс үүссэн инфляцид хариу үйлдэл үзүүлэхэд мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг түлхүү ашигладаг байна. Инфляци нь өөрөө эрэлтийн шинжтэй ба нийлүүлэлтийн шинжтэй гэж хуваагддаг. Нийлүүлэлтийн шинж чанартай инфляци нь мөнгөний бодлогын арга хэрэгслүүдэд мэдрэг байдал сул байдаг тул Төв банкууд эрэлтийн шинжтэй, суурь инфляцид үндэслэж бодлогын шийдвэр гаргадаг. Нийлүүлэлтийн шинжтэй инфляцийг нэг бол нийлүүлэлтийг бууруулах замаар эсвэл үнийг барих хэрэгслүүд ашиглах замаар буулгаж болдог ч эдгээр нь дунд урт хугацаандаа эдийн засагт сөрөг үр дагавар авчирдаг нь нотлогдоод байгаа.

Тэгвэл нийлүүлэлтийн шинжтэй инфляцид юу нөлөөлдөг вэ. Бидний мэдэх хамгийн түгээмэл жишээ бол шатахууны үнэ юм. Хэрвээ шатахууны үнэ өсвөл энэ нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж улмаар инфляцийг нэмэгдүүлдэг байна. Монгол Улсын хэмжээ нь дэх хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляци 6-р сард өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн мэдээлэл гарлаа. Харин суурь инфляци мөн үед 6.8 хувьтай гарсан гэдэг нь нийлүүлэлтийн шинжтэй буюу үнийн өндөр хэлбэлзэлтэй бараа бүтээгдэхүүнүүд 0.4 хувиар өссөн гэсэн үг. Энд шатахууны үнийн өсөлт багтаж байгаа.

Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр газрын тосны үний өсөлтийн улмаас шатахууны үнэ өсөх хандлага ажиглагдаад байна. Тухайлбал, ОПЕК-ийн бүлгийн 1 баррель газрын тосны үнэ сүүлийн 1 жилийн дотор 24 орчим ам.доллараар өсч 73.6 ам.долларт хүрээд байгаа бол Брэнт газрын тосны үнэ 21 ам.доллараар өсч 73.2 ам.долларт хүрээд байна. Монгол Улсын хувьд нийт импортынх нь гуравны нэг орчим хувийг автобензин эзэлдэг бөгөөд үүний дийлэнх нь ОХУ-аас импортлогддог.

Тэгвэл дэлхийн улс орнуудад 1 литр автобензинийг хэдэн доллараар авч болохыг дараах зурагнаас харах боломжтой.

Дэлхийд 1 литр бензиний дундаж ханш 1.18 ам.доллар байгаа бөгөөд эдийн засаг нь хүндэрч, мөнгөн тэмдэгтийн хямралд ороод байгаа Венесуэл Улс нь газрын тосны маш их баялагтайн хувьд дэлхийд хямгийн хямд бензинтэй улсаар шалгараад байна. Харин Монгол Улс нь АНУ-тай бараг ижил үнээр буюу 0.86 орчим ам.доллараар 1 литр бензин авдаг байна. Мөн дэлхийд хамгийн үнэтэй шатахуун Хонг Конгод байдаг бөгөөд литр шатахуун 2.14 орчим доллар юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. цалинтай нь харьцуулбал манайд : долл.той тэнцэх байлгүй..

    0 0 Хариу бичих