Дарь-Эхийн зам засварын ажил эхэлнэ

Өнгөрсөн сард орсон усархаг борооны улмаас зарим замууд дээр эвдрэл гарсан. Нийслэлийн хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгаа гаргаад, засварын ажлыг эхлүүлээд байгаа аж. Зам засварлахад шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг нийслэлээс шийдвэрлэсэн байна.

Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирчээ. Мөн гадна тойруугийн зам Дарь-Эхийн уулзвараас ганц худаг, Цагаан даваа чиглэлийн авто замын үерийн даланг хааж айл өрхүүд бууснаас зам эвдэрчээ. Үүнийг түргэн засварлах, нийслэлийн Газрын албатай хамтран зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэхийг хотын дарга үүрэг болгов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цаашдаа замын жижиг эвдрэл, гэр хорооллын дундах зам, суваг шуудууг засахад дүүргүүд дэргэдээ жижиг шуурхай засварын бригад ажиллуулах хэрэгтэй. Үүнийг дүүргийн Засаг дарга нартай ярилцаад шийдэх шаардлагатай байна.

Зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийг нүүлгэх ажил удаашралтай байна. Хэрвээ зөвшөөрөлгүй, үерийн эрсдэлт бүсэд буусан айл өрх байвал албадан нүүлгэнэ. Төр иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй. Дахин усархаг бороо орж, үер болохгүй гэсэн баталгаа байхгүй. Айл өрхүүдийг зүгээр албадан хөөж, нүүлгэх бус дүүргийн Засаг дарга нартай нь тохиролцоод эргээд буулгах газрыг тохиролцох хэрэгтэй.

Мөн нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан авто зам дээр хаана нь илүү эрсдэлт нөхцөл байдал үүсээд байгааг гаргаж, усны гаргалгаа, далан хийх ёстой байгаа газруудын судалгааг гаргаад 2019 оны төсөвт суулгах хэрэгтэй” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)