“Эрлэгийн элч нар”

-Хирошима, Нагасаки хотууд дээр атомын бөмбөг хаясан нисгэчдийн түүх-

1945 оны наймдугаар сарын 6-нд хүн төрөлхтний түүхэнд цөмийн зэвсгийг анх удаагаа байлдааны зориулалтаар ашигласан юм. “Энола Гей” гэж багийн ахлагчийн эхийн нэрээр нэрлэгдсэн, АНУ-ын Агаарын нисэх хүчний "B-29" бөмбөгдөгч онгоц, Марианын ольтригийн Тиниан арал дахь  нисэх буудлаас хөөрч, Японы Хиросима хот дээр атомын бөмбөг хаяжээ. Ганцхан тэр бөмбөгний дэлбэрэлт, шархнаасаа болон хожим нас барагчдыг оруулаад нийтдээ 237 мянган хүний аминд хүрчээ.

“Энола Гэй” онгоцны баг. Дунд нь багийн дарга Пол Тиббетс. Фото: Commons.wikimedia.org

Америкийн бөмбөгдөгч “Энола Гэй” хөлгийн  хамгийн сүүлчийн амьд байсан гишүүн Теодор Ван Кирк  2014 оны долдугаар сарын 28-нд нас баржээ.

Сүүлчийн гүйцэтгэгч

Бөмбөгдөгч онгоцны штурман, 93 настай байсан Теодор Ван Кирк,  Хирошима хотыг бөмбөгдөхөд оролцсондоо хэзээ ч харамсаж байсангүй. “Тэр үед атомын бөмбөгдөлт зайлшгүй хэрэгтэй байсан юм. Тэр нь л олон мянган америк цэргийнхний амийг аварсан билээ” гэж Ван Кирк ярьж иржээ.

Хирошима, Нагасаки  хотуудыг 1945 оны наймдугаар сарын 6, 9-нд АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трумений хувийн тушаалаар атомын бөмбөгөөр бөмбөгджээ.

Байлдааны тушаал биелүүлэх үүргийг  Номхон далайн Тиниан аралд байрлаж байсан нисэхийн  стратегийн бөмбөгдөгч В-29 онгоцны 509 дүгээр холимог хороонд даалгасан байв.

Хурандаа Пол Тиббетсийн даргалсан, түүний эхийн нэрээр “Энола Гэй” гэж нэрлэгдсэн В-29 бөмбөгдөгч онгоц 1945 оны наймдугаар сарын 6-нд Японы Хирошима хот дээр 13-18 килотоннын хүчин чадалтай “Жаал хүү” гэж нэрлэсэн ураны бөмбөгийг хаяжээ. Бөмбөгний дэлбэрэлтэд 90-166 мянган хүн шууд амиа алдсан байна.

Үүнээс гурав хоногийн дараа буюу 1945 оны наймдугаар сарын 9-нд “Бокскар” гэсэн нэртэй В-29 онгоц хошууч Чарльз Суинийн командлалын дор 21 килотонн хүртэлх хүчин чадалтай плутонийн бөмбөгийг Японы накасаки хот дээр хаяжээ.  Тэр бөмбөг 60-80 мянган хүнийг  шууд хөнөөсөн юм.

Цөмийн мөөг Хирошима ба Нагасаки хотууд дээр. Фото: Commons.wikimedia.org / Charles Levy, Personel aboard Necessary Evil

Тэдний тоо 24

Бөмбөгдөлтийн үеэр “Энола Гэй” онгоцны багт 12 хүн, “Бокскар” онгоцны багт 13 хүн тус тус байлаа.  Хоёр бөмбөгдөлтөд оролцсон цорын ганц хүн нь радарын эсрэг тэмцэх мэргэжилтэй дэслэгч Жекоб Безер юм. Ингээд хоёр бөмбөгдөлтөд нийтдээ 24 америк нисэгчид  оролцсон байна.

“Энола Гэй” багийнхан: хурандаа Пол В. Тиббетс, ахмад Роберт Льюис, хошууч Томас Фереби, ахмад Теодор Ван Кирк, дэслэгч Жекоб Безер, Тэнгисийн цэргийн хүчний ахмад  Уильям Стерлинг Парсонс, бага дэслэгч Моррис Р. Жеппсон, бага дарга Жо Стиборик, бага дарга Роберт Карон, бага дарга Роберт Шумард, нэгдүгээр ангиллын нууц бичлэгчин Ричард Нельсон, бага дарга Вэйн Дазенберрай.

“Бокскар” багийнхан: хошууч Чарльз Суини, дэслэгч Чарльз Дональд Альбери, дэслэгч Фред Оливи, бага дарга Кермит Бихан, капрал Айб Спитцер, бага дарга Рэй Галлахер, бага дарга Эдвард Бакли, бага дарга Альберт Дехарт, ахлах түрүүч Жон Кухарек , ахмад Жеймс Ван Пельт , Фредерик Эшворт, дэслэгч Филипп Барнес, дэслэгч Жекоб Безер.

2014 он хүртэл  Теодор Ван Кирк, Хирошима хотыг бөмбөгдсөн нисгэгчдийн цорын  ганц амь үлдсэн хүн ба хоёр бөмбөгдөлтийн гэрч нь байжээ. “Бокскар”-ын багийн хамгийн сүүлчийн хүн 2009 онд нас барсан юм.

“Бокскар”-ын баг.  Фото: Commons.wikimedia.org / Original uploader was Cfpresley at en.wikipedia

“Энола Гэй” онгоцны дарга Хирошимагийн эмгэнэлийг шоу болгосон хүн

Хирошима, Нагасакийг бөмбөгдсөн хүмүүсийн ихэнх нь олны өмнө төдийлөн үзэгдээгүй ч хийсэн үйлдэлдээ хэзээ ч харамсаж байсангүй.

Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний 60 жилийн ойг  2005 онд тэмдэглэхэд тэр үед амьд сэрүүн үлдсэн “Энола Гэй” онгоцны багийн гурван гишүүн Тиббетс, Ван Кирк, Жеппсон  нар болсон хэрэг явдалд харамсахгүй гээд “атомын зэвсэг хэрэглэх нь шаардлагатай байсан” гэжээ.

Пол Тиббетс  нислэгийн өмнө, 1945 оны наймдугаар сарын 6-ны үүрээр. Фото: Commons.wikimedia.org / US Air Force employee (unnamed)

Бөмбөгдөлтийн  хамгийн алдартай  оролцогч нь “Энола Гэй” онгоцны дарга Пол Уорфилд бага-Тиббетс юм. Бага-Тиббетс нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн АНУ-ын нисэх хүчний  шилдэг нисэгчээр тооцогдож байсан ба холбоотны цэргийн ерөнхий командлагч Дуайт Эйзенхауэрийн хувийн нисэгч нь байжээ. Тэрээр атомын  зэвсгийн эд ангийг зөөж байсан 509 дүгээр нисхийн хорооны даргаар 1944 онд томилогджээ. Түүнд Японыг цөмийн бөмбөгөөр бөмбөгдөх даалгаварыг өгсөн байв. Бөмбөгдөгч онгоцыг Тиббетсийн эхийн нэрээр “Энола Гэй” гэж нэрлэсэн байлаа.

Тиббетс, нисэх хүчинд 1966 он хүртэл алба хаахдаа бригадын генерал цол авсан байлаа. Хожим олон  нисэх компаниудад ажиллажээ. Амьдралынхаа турш тэрээр Хирошимаг бөмбөгдсөн нь зөв хэрэг болсон гэж итгэж ирсэн байлаа.  Тиббетсээс болон 1976 онд АНУ, Япон хоёр  муудалцаад авав. Техаст болсон нисэхийн шоу дээр тэрээр Хирошимаг бөмбөгдсөн зураглал хийжээ. Дараа нь АНУ-ын Засгийн газар Японоос уучлалт гуйсан юм.

Тиббетс 2007 онд 92 настайдаа  нас барсан ба гэрээслэлдээ, дурсгалын хөшөөгүйгээр оршуулахыг хүссэн байв. Тэрээр өөрийн булшин дээр цөмийн  зэвсгийн эсрэг тэмцэгчид эсэргүүцлийн ажиллагаа явуулна гэж болгоомжилсон учраас гэрээслэлээ тэгж бичжээ.

Нисгэгч нар хар даран зүүдэлж байсангүй

“Бокскар” онгоцны  дарга Чарльз Суини  армийн албаа 1976 онд хошууч генерал цолтойгоор  дуусгажээ. Дараа нь тэр дурсамж бичиж, оюутнуудад лекц уншиж байлаа. Тиббетс шиг л атомын бөмбөгдөлт зайлшгүй байсан, олон америк хүний амийг түүгээр аварсан гэж Суинни үзэж иржээ. Чарльз Суини 2004 онд 84 насандаа Бостоны клиникт нас баржээ.

“Хирошимагийн ялыг” шууд гүйцэтгэсэн хүн нь тэр үед 26 настай байсан бөмбөгдөгч Томас Фереби юм. Гүйцэтгэсэн үүрэгтээ тэр хэзээ ч эргэлзэж байгаагүй ч “Тэр бөмбөгнөөс  маш олон хүн үрэгдсэн нь харамсалтай. Дайныг хурдан дуусгахаар тийм зүйл хийсэн гэдгийг бодох нь надад тааламжтай биш. Одоо бидэнд  өмнөхөө эргэн харж, нэг, хоёр бөмбөг юу хийж чадахыг дурсах нь зүйтэй. Дараа нь  ийм зүйл хэзээ ч давтагдах ёсгүй гэдэг санаа бодлыг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм хэмээн би бодож байна” гэж хэлжээ. Фереби 1970 онд чөлөөнд гараад  амар мэнд 30 жил амьдарсан байлаа.  Хирошимаг бөмбөгдсөний 55 жилийн ойн жилд  тэрээр 81 насандаа Флорида мужийн Уиндемер хотноо нас баржээ.

Хийсэн  зүйлдээ хэзээ ч харамсалгүйгээр, Чарльз Олбери (2009 онд 88 настайдаа нас барсан), Фред Оливи (2004 онд 82 настайдаа), Фредерик Эшворт (онд 2005 онд 93 настайдаа) нар аз жаргалтай, урт амьдралыг туулсан байлаа.

B-29 Осака хот дээр, 1945 оны зургадугаар сарын 1. Фото: Commons.wikimedia.org / United States Army Air Force

“Изерлийн сэтгэцийн гажиг”

Өмнө нь олон жилийн турш бөмбөгдөлтөд оролцсон нисгэгч нарын ихэнх нь  стгэлтийн дарамттай, нүглээ наминчилдаг гэсэн яриа байлаа. Үнэн хэрэгтээ тэд бүгд л хийсэн үйлдэлдээ эргэлзэж байсангүй. Удалгүй  галзуурсан нисгэгч Клод Роберт Изерли бөмбөгдсөн онгоцнуудын нэг багт нь багтаж, туслах үүргийн ажилтай байлаа. Тэрээр олон жилийг мэдрэлийн эмнэлэгт өнгөрөөсөн ба үй олноор хөнөөх зэвсгийг хэрэглэж байсан хүмүүсийн  сэтгэл зүй өөрчлөгдсөн өвчнийг  түүний нэрээр “Изерлийн комплекс” гэж нэрлэсэн байна.

Хамт алба хаагчдийнх нь сэтгэл зүй түүнийхээс бат бэх байлаа. Чарльз Суини ба түүний багийнхан Нагасаки хотыг бөмбөгдсөн үр дагавартай нь сарын дараа газар дээр нь очин танилцаж байжээ. Япон бууж өгсний дараа Нагасаки хотод эрдэмтэн физикчид, нэрвэгдэгсэдэд эм тариаг зөөн аваачсан байв. Ихээхэн эвдрэл сүйрлийн ул мөрийг тэнд харсан нь тэнд сэтгэгдэл төрүүлсэн ч нисгэгчдийн сэтгэл зүйд нөлөөлсөнгүй. Дараа нь нэг нисгэгч ярихдаа, “амьд үлдсэн  хотынхон өөрсдийн өмнө 1945 оны наймдугаар сарын 9-нд атомын бөмбөг хаясан нисгэгч байгааг мэдээгүй нь сайн хэрэг” гэсэн байлаа...

Бөмбөг дэлбэрэх үеэр  цээжин бие нь нүцгэн байсан япон хөвгүүн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Suvdan ergiig bumdugdsni tuluu hiisen ajil

    0 0 Хариу бичих
  2. Нэгхэн ширхэг хүний амь гэдэг бол юунаас ч үнэтэй. Тиймээс, 2 бөмбөгдөлтийн үр дүнд шууд болон шууд бусаар үрэгдсэн олон зуун мянган хүний амь нас хайран нь мэдээж. Гэхдээ, дайны онолчид, стратегичид, түүхчид гэх мэт хүмүүс юу гэж үздэг гэхээр, хэдийгээр дайн дуусч байсан, Япон ялагдах нь ойлгомжтой байсан ч хэнээрхэл солиорлоо дийлж чадахгүй байсан Японы цэргийн эрхтэн дархтанууд эзэн Хааныгаа ч авч хэлэлцэхээ байсан ба АНУ, ЗХУ тэргүүтэй ялагч талтай дахиан 10 гаран жил үргэлжилсэн дайныг хэрэгжүүлсээр байх нь тодорхой байсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, дахин магадгүй хэдэн сая хүний амь насыг авч одох, дэлхийн хөгжлийн дахин хэдэн арван жилээр арагш чангаах ийм л үр дүнд хүргэх гээд байв. Иймээс, хэдэн зуун мянган хүний амийг золиослон аймшигт шинэ бөмбөгөө танилцуулж байж хэдэн сая хүний амийг аврах ийм л ажиллагаа байсан юм. Тийм учраас, дээрх 24 нисгэгч, шийдвэр гаргагчид зэрэг улсууд 2 бөмбөг хаясандаа хэзээ ч харамсаж байгаагүй гэдэг. Тэр хүчтэй аймшигт бөмбөгөө хүнгүй газар унагаж сүр хүчийг үзүүлж болоогүй юм уу гэсэн асуулт гардаг. Хэрэв тэгсэн бол үр дүнд хүрэх магадлал эргэлзээтэй байсан учраас л дээрх хоёр жижиг хотуудыг авч үзсэн хэрэг.

    1 0 Хариу бичих