“Хубилай хаан, Марко Поло” нөхөрсөг тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа

Итали улс дахь Монгол улсын элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулдаг Монгол Италийн гольфчдийн нөхөрсөг тэмцээн хоёр дахь жилдээ Улаанбаатарт хотноо болж өнгөрлөө. Хоёр орны хоорондын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг өргөжүүлэх зорилготой нөхөрсөг тэмцээнийг энэ удаад “Хубилай Хаан, Марко Поло” нэрийн дор зохион байгууллаа. Тэмцээнд Монгол Италийн бизнес эрхлэгчдийн оролцоо нэмэгдэж байгаа нь хоёр орны бизнес, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж талууд үзэж байна. 

Сони: “Хубилай Хаан, Марко Поло” гольфийн тэмцээн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Riverside golf клубийн талбайд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнийг Монгол Улсаас БНИУ-д суух Элчин сайдын яам зохион байгуулж байгаа бөгөөд Итали Монголын гольфчид оролцлоо. Энэ мэт хүн хоорондын харилцааг өргөжүүлсэн нөхөрсөг тэмцээнээр дамжуулан монгол улсын олон улс хоорондын хүмүүнлэгийн болон бизнес эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжтой гэж тэмцээнийг зохион байгуулагч тал онцолж байгаа юм.
Монгол улсаас Итали улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Жамбалдорж “XIII зуунд Монголын эзэнт гүрний их хаан Хубилайг хаанаар өргөмжлөгдөд байхад Италын буюу Европын хамгийн анхны аялагч Марка Поло Монголд ирж 20 гаруй жил зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс энэхүү Монгол Италын түүхэн харилцаа, холбоог сэргээж дурсах зорилгоор тэмцээнээ ийнхүү нэрлэсэн. Энэ тэмцээнээс гадна бизнесийн хүмүүс ирсэн. Энэ утгаараа хоёр орны бизнес, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах байх” гэв.

Антонио Стокк "Дипломат, Олон Улсын Гольфийн Нийгэмлэг"-ийн тэргүүн "Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж, хамтран ажиллах боломж олдсонд баяртай байна. Энэ жилийн тухайд хоёр дахь удаагаа болж байна. Эхнийх нь өмнө жил Италийн Ром хотод болж байсан. Харин энэ удаагийнхаар бид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж цаашид энэхүү үйл ажиллагааг 3, 4, 5 дахь удаагаа зохион байгуулахын тулд ажиллаж байна" хэмээлээ.

Монгол, Италийн гольфчдийн нөхөрсөг тэмцээнийг өнгөрсөн онд Италийн нийслэл Ром хотын “Марко Симоне” гольфийн талбайд “Марко Поло Цом 2017” нэртэйгээр Монгол Улсын Элчин сайдын яам санаачлан анх удаа амжилттай зохион байгуулсан. Харин энэ оны тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулсан нь энэ юм. “Марко Поло Цом 2017” тэмцээнд Монголын гольфийн улсын “анхны” аварга Б.Нэмэхбаатар, 2017 оны улсын “хэндикапын” аварга Б.Мөнхжаргал нарын 7 тамирчин, Ромын гольфын “ДИГА” Diplomatic and International Golf Association (DIGA) болон “Марко Симоне” гольфийн клубийн гишүүд болох 60 орчим гольфчид оролцож байв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)