“Найрсаг Баянгол” номадик фестиваль Хүй долоон худагт боллоо

Хүй долоон худагт өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь нийслэлийн Баянгол дүүргийнхэн хоёр дахь удаагаа  “Найрсаг Баянгол” номадик фестивалиа хийн ирсэн гадаад, дотоодын гийчдэд урлаг, соёлоо гайхуулан дуу хуур, хөг аялгуун дунд ардын урлаг, үндэсний өв уламжлалаа дэлгэн эрийн гурван наадмаа хийн наадамлалаа.

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Засаг даргын хамтарсан захирамжаар нийслэлийн "Аз жаргалтай Улаанбаатар", Баянгол дүүргийн "Найрсаг Баянгол" хөтөлбөрийн  хүрээнд Монголын уламжлалт соёл, зан заншил, спорт, ардын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гадаад  дотоодын жуулчдыг татах, шинэ хандлагыг бий болгох зорилготой "Баянгол номадик фестиваль" ийнхүү өнөөдөр Хүй долоон худагт зохион байгуулагдлаа.

"Найрсаг Баянгол" номадик фестивалийг нээн Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд үг хэлэн баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар болон уригдан ирсэн зочид  наадамчин олондоо баярын мэнд хүргэн мэндчилсэн юм.

Энэхүү фестивалийн хүрээнд Баянгол дүүрэг ХБНГУ-ын Шонефелд дүүрэгтэй хамтын ажиллагаа эхлүүлсний 20 жилийн ой тохиож байгаа учир баянголчууд өнөөдөр давхар баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Тиймээс энэхүү арга хэмжээнд Шонефелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе болон бусад албаны 50 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцов. Түүнчлэн Солонгос улсын Сөүл хотын Сонгдонг дүүргийн ИТХ-ын дарга Ким жон Гон, Засаг дарга Chong Won O болон бусад албаны хүмүүс, ОХУ-ын Улаан-Үд хотын Төмөр замын раойны Тамгын газрын дарга бусад албаны хүмүүсийн хамтаар хүрэлцэн ирсэн байв.

Наадмын нээлтийн арга хэмжээний дараа тус дүүргийн хорооны иргэдийн төлөөлөгчид “Дээлтэй Монгол”  парадыг зохион байгуулж, өөр өөрийн хорооны онцлогийг илэрхийлэн наадамчин олонтойгоо мэндчиллээ.

Мөн наадмын хүрээнд хүчит 126 бөхийн барилдаан болж, хурдан хүлгийнхээ шандсыг сорин уралдаж, эрхийн мэргэд нь цэц мэргэнээ үзлээ.  

Хүүхэд хөгшдийн магнай тэнийсэн энэ л наадам хүлэг морьдын төвөргөөн, дуу хууртай хоршин хүйн дэнжид  гадаад, дотоодын наадамчин олныг баясган байлаа.

Сонирхуулахад, Баянгол дүүрэг нь ХБНГУ-ын Шонефелд дүүрэгтэй анх 1998 оноос харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж улмаар 2001 оны есдүгээр сард ХБНГУ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Хоёр дүүргийн төлөөлөгчид энэ хүрээнд тогтмол харилцан айлчилж, туршлага солилцож хэд хэдэн томоохон ажлыг эхлүүлсэн байна.

Тухайлбал, Шонефелд дүүрэгт жил бүр зохион байгуулагддаг "Монгол-Германы найрамдлын баяр", "Белгерийн цом" хөлбөмбөгийн тэмцээн, 2006 оноос "Монгол наадам" баярын арга хэмжээг зохион байгуулж тус улсад ажиллаж амьдарч буй монголчууд болон гадаад, дотоодын жуулчдад Монгол Улсыг сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлдэг байна. "Белгерийн цом" хөлбөмбөгийн тэмцээн нь 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Баянгол дүүргээс УБТЗ Депогийн хөлбөмбөгийн багууд амжилттай оролцсоор ирсэн байна.

Түүнчлэн 2004 онд Шонефелд дүүрэг 35100 кв талбай бүхий Баянгол дүүргийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бол тун саяхан мөн Баянгол дүүргийн Агро Паркт Шонефелд дүүргийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж хүүхэд, залуус, иргэдэд хүнсний ногоо, цэцэг, мод бут тарихад бүх төрлийн зөвлөгөө, тусламж өгч ажиллах эко төвтэй боллоо.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)