Япончууд 73 дахь жилдээ гашуудаж байна

Хиросима хот дээр хаясан «Литтл бэби» бөмбөгийн хуулбар. АНУ-ын Нисэхийн болон сансрын үндэсний музейн үзмэр. Фото Reuters

Атомын бөмбөгдөлтийн цэргийн болон улс төрийн үр дагавар: Хиросима, Нагасакийг бөмбөгдсөнөөр дэлхий цөмийн мухардалд оров

Түүхэнд нацист Герман, милитарист Японыг ялсан цаг гэж 1945 он орсон юм. Баруун ба Алс Дорнодод дэлхийн дайныг өдөөгч нартай хийсэн их тулаанд ялалт авчрахад чухал үүрэг гүйцэтгэснээр Оросын ард түмэн бахархдаг. Монголчууд ч гэсэн 1945 оны чөлөөлөх дайнд оролцон Японыг милитаристуудыг бут ниргэхэд өөрийн хувь нэмрийг оросуудтай хамт оруулжээ.

Европын цус урсгасан дайны хамаг хүндийг үүрч, дайны турш Японы армийг барьж байгаад нэг сая хүнтэй эх газар дахь Японы цэргийн гол цөм Квантуны армийг бут ниргэснээр Зөвлөлт 73 жилийн өмнөх нийтийн Ялалтад үнэтэй хувь нэмрийг оруулжээ.

Мухардлаас гарах замын хайлт

Японы хотууд дээр хаягдсан атомын бөмбөгүүд

Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны хавар, зун тодорхой биш байв. Подстамын нөхцлөөр бууж өгөх тулган шаардалтаас Япон 1945 оны долдугаар сарын 28-нд татгалзсан болон АНУ-д байсан “жаал хүү”, “бүдүүн эр” гэж нэрлэгдсэн хоёр атомын бөмбөгийг Хиросима ба Нагасакид хаясны дараа ч Зөвлөлт Алс Дорнодын дайнд оролцох зайлшгүй шаардлага байгаа нь тодорхой байлаа.

Японтой хийж байсан дайнд түүнийг хурдан төгсгөх талаар холбоотнуудын хувьд мухардал гэхээр байдал 1945 онд үүссэн байв. Хэдэн жилээр удааширсан дайнд холбоотны командлал Номхон далайн дайны талбарт Японыг далайгаас идэвхтэй хааж стратегийн санаачилгыг гартаа авсан байсныг бас дурьдах нь зүйтэй болно. Гэхдээ далайн бүслэлт ба Японы хотуудыг америкчууд бөмбөгдөж байсан нь үр дүн өгөхгүй байв. Түүгээр ч барахгүй Японы командлал 1944 оны гурваас дөрвөн сард Бирм ба Хятадад өргөн цар хүрээтэй давшилт хийсэн байлаа. Тэр жилийн дөрвөөс арванхоёрдугаар саруудад зөвхөн Гоминьданы арми 100 дивиз буюу сая гаруй хүний хохирол үзэж, 10 том нисэх бааз, 36 нисэх буудал, 60 сая хүнтэй хоёр сая кв/км нутгаа алдсан байв. Япончууд 45 хотууд дахь  Америкийн цэргийн хэд хэдэн нисэх буудлуудыг эзэлсэн байлаа. Зөвхөн 1945 оны хавар л холбоотнууд алдсанаа эргүүлэн авснаар тэнд Японыг бууж өгтөл байлдааны ажиллагаа бүрэн хунигдсан байна.

Холбоотны командлалын тооцоогоор Японы арлуудад нэвтрэхэд долоон сая хүнтэй арми хэрэгтэй байв. АНУ ба тэдний холбоотнууд 1945 оны хоёрдугаар сар гэхэд Ази, Номхон далайн дайны талбарт Хятадыг оролцуулалгүйгээр 2458 мянган хүнтэй байсан ба хүчний зузаатгал удаашралтай байжээ. Ялтын бага хурал дээр 1945 оны хоёрдугаар сард АНУ-ын армийн жанжин штабын дарга генерал Жорж Маршалл мэдэгдэхдээ, Европт дайн дуусаад долоо хоногийн дараа Америкийн цэргийг Европоос дорно зүгт зөөх ажиллагааг эхлүүлнэ гэсэн юм. Их Британи 1945 оны долдугаар сард Японы арлуудад буулгах хүчинд гурван дивизээ 1945 оны аравдугаар сард илгээнэ гээд хожим өөр хоёр дивизийг илгээх боломжтойг хэлж байлаа. Мөн тэд Окинава аралд 1945 оны аравдугаар сард нисэхийн хоёр эскадрилийг байрлуулна гэж амласан байв. 1946 оны эхээр эскадрилийнхаа тоог 10 болгоно гэжээ. Уинстон Черчилль  арлуудад эцсээ хүртэл тулалдахад бэлэн сайтар сургуультай 3,7 сая хүнтэй хүчин байгаа гэж тооцсон байв.

Ийм маягийн үнэлгээнээс үүдэн америкчууд "Даунфол" гэсэн нэртэй Японы арлуудад буух төлөвлөгөөгөө хоёр шаттайгаар явуулахаар гуравдугаар сард төлөвлөжээ. Эхний ээлжид 1945 оны арваннэгдүгээр сарын 1-нээс Кюсю арлын өмнөд хэсэгт (Олимпик ажиллагаа), дараа нь 1946 оны гуравдугаар сард Хонсю аралд (Коронет ажиллагааг) тус тус явуулж, Японы арлуудын байлдааны ажиллагааг сайндаа л 1946 оны сүүлчээр бүр цаашилбал 1947 оны дундуур дуусгах төлөвлөгөөтэй байжээ. Америкийн генерал Дуглас Макартур япончуудын шургууг тооцоод дайн 5-7 жил ч үргэлжилж магадгүй гэж дүгнэсэн юм. Энд америкчуудын хохирол нэг сая хүн, англичуудынх 0,5 сая, япончуудынх 10 сая хүн болно гэсэн тоо гарсан байв.

Дэлхийн хүлээж байсан дайны төгсгөлийг хуурай газрын байлдааны асар их туршлага хуримтлуулсан Зөвлөлтгүйгээр тооцоолоход бэрхтэй нь харагдсан нь мэдээж. Потсдамын бага хурал дээр Зөвлөлт холбоотнуудын хүсэлтийг авч Японы эсрэг дайнд орохоо амласан билээ.

Шийдвэр гаргалтын далд явуулга

Эзэн хаан Хирохита 1945 оны наймдугаар сарын 15-нд бууж өгснөө зарлав. Атомын бөмбөгууд Японы хотуудад хаягдаж, Зөвлөлт дайнд оролцсоноор, Япон ч удалгүй бууж өгөв. Энэ хоёр үйл явдал чухал гээгддэг. Мөн далайн бүслэн хаалт ба Японыг бөмбөгдсөн бусад фронтуудад Японы армийн байдал муудсан зэрэг нь бууж өгөхөд нь нөлөөлсөн нь дамжиггүй.

Гэхдээ барууны хэвлэлээр атомын бөмбөг л цэргийн том нөлөөг харуулсан гэж бичих нь их. Атомын бөмбөг хэрэглэсэн нь ямар ч дайныг зогсоох хаалт болдог учраас түүнийг ёс зүйн үүднээс хүмүүнлэг болсон гэх. Үүгээр эзэн хаан ард түмнийхээ нүдэн дээр буултаа зөвтгөх боломжийг гаргасан гэдэг.

Үнэн хэрэгтээ цөмийн бөмбөг хэрэглэх яриа Зөвлөлт дайнд орохоос гурван сарын өмнөөс яригдаж эхэлсэн байна. Гэхдээ Америкийн цэргийн командлалын төлөвлөгөөг боловсруулсан хүмүүс атомын төслийн нууцаас болоод түүнийг үзүүлэх үр нөлөөг бараг эцсээ хүртэл тооцож чадаагүй юм. Вашингтонд 1987 онд хэвлэгдсэн «Command Decisions» номонд   өгүүлснээр, 1945 оны зургадугаар сарын 18-нд анх Цагаан ордонд атомын бөмбөгийн тухай яриа явагдахад тэр дээд удирдлагын явцуу хүрээн дунд хүртэл сонин сэтгэгдэл гаргасан гэж бичсэн байв. Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга адмирал Леги хүртэл атомын хөтөлбөрийг бүлэг эрдэмтдийн солиорол гэж үзэж байсан аж. Цөмийн бөмбөгийг бүтээгч нарын нэг Ванневар Буш өөрийн дурсамждаа ерөнхийлөгч Гарри Трумэн бөмбөгний талаар Легид тайлбар хийсний дараа тэрээр “энэ бол маш том тэнэглэл. Тэр хэзээ ч дэлбэрэхгүй. Үүнийг би тэсрэлтийн мэргэжилтний хувьд хэлж байна” хэмээн Леги ярьсан гэж бичсэн байв. Зургадугаар сарын 18-нд болсон хурал дээр штабын дарга нарын хэн нь ч “тэр эд дэлбэрнэ” гэдэгт итгэхгүй байжээ.

Ийм маягийн сэтгэгдэлтэйгээр америкчууд Потсдамын бага хуралд ирсэн юм. Бага хурал нээгдэхээс нэг хоногийн өмнө бөмбөгийг амжилттай туршсан гэх мэдээ авсан байсан ч тэд бөмбөг хэрэглэхийг Японы аралд нэвтрэхтэй эн зэрэгцэх зүйл биш гэж үзэж байв. Тэд бөмбөг ямар үр дүн гаргахыг бүрэн төсөөлөхгүй байснаас  аралд нэвтрэх ажиллагааныхаа бэлтгэлийг шамдуулж байв. Атомын бөмбөг хэрэглэхийг тэд цэвэр цэргийн төлөвлөлтийн хүрээндээ багтаасан юм.

Зөвлөлтийг Японы эсрэг дайнд оролцуулах Трумэны төлөвлөгөөнд атомын бөмбөг нөлөөлөөгүй.

Бас нэг шийдвэрийн хувилбар АНУ-ын Төрийн департамент ба Батлан хамгаалах яаманд байсан юм. Түүнийг 1945 оны долдугаар сарын 2-ны өдрийн АНУ-ын цэргийн яамны сайд Генри Стимсоноос ерөнхийлөгчийн нэрээр ирүүлсэн тунхаглалаас харж болно. Бүх холбоотнуудын барьж байсан “үг дуугүй бууж өгөх” шаардлагаас ухарч Японд хаант засаглалын системыг байгаа байдлаар нь хадгалахыг зөвшөөрөхийг уг тунхагт гаргасан байлаа. Үүгээр өмнө нь холбоотнуудын тохирсон Дэлхийн дайныг өдөөгч гол гэм буруутныг шийтгэнэ гэсэн тохиролцооноос ухарсан юм. Японы эзэн хаан эргэлзэх зүйлгүйгээр тэдэнд хамрагдах байлаа.

Зөвлөлт дайнд амжин оролцож хэтэрхий их давшилт гаргахаас өмнө амжин ийм буултын нөхцөлийг Япончуудад тулгах ёстой байсан юм. Тэд Зөвлөлтөд улс төрийн давуу байдлыг гаргахгүй хичээсэн юм. Гэхдээ Стимсоны “сүүлчийн сануулга” нь Зөвлөлтийг дайнд оролцуулалгүйгээр япончуудад нөлөөлөхгүй гэж тэд үзэж байжээ. Үнэн хэрэгтээ ч дайны ажиллагаанд оролцоогүй байсан Зөвлөлтийн чимээгүй зөвшөөрлөөр 1945 оны долдугаар сарын 26-ны өдөр АНУ, Их Британи ба Хятад  зэрэг холбоотнууд “үг дуугүй бууж өгөх” шаардлагыг Японд тавьсан Подстамын тунхагыг  зарласан юм. Тэр нь Японы хүчин хангалттай хэмжээгээр сулраагүй байсан үед Японыг  өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрүүлэх гэсэн эмзэг найдлагатай оролдлого байсан юм.

Эдгээр мэдэгдэл тунхаглалд атомын бөмбөгийн тухай огт дурьдаагүй байсан. Подстамын тунхаглалд түүнийг хэлэх санаа гарч байсан гэдэг. Гэвч Японы бууж өгөх нөхцөлийг өөрчлөхөөс Гарри Трумэн татгалзсан нь (цөмийн бөмбөгөөр тэднийг айлган сүрдүүлэх гэнэтийн үр дүнг харуулахаа алдана гэж болгоомжилсны үүднээс)  тунхагын шаардлагыг Япон хүлээн аваагүй сөрөг дагаврыг гаргасан юм. Үүнээс үүдэн Зөвлөлтийг Японы эсрэг дайнд оролцуулах асуудал улам шаардлагатай болсон байна. Ийм нөхцөлд үйл явдлын Зөвлөлтийн оролцоог хязгаарлах үүнтэй зэрэгцэн Америкийн цэргийн хүчин чадлыг үзүүлэх сэтгэл зүйн нөлөөг атомын бөмбөгөөр харуулах явдал байсан юм.

Японд атомын бөмбөг хаях эцсийн шийдвэрээ Гарри Трумэн Потсдамын тунхаглал гарахаас хэд хоногийн өмнө шийдсэн байв. Японы хотуудыг атомын бөмбөгөөр бөмбөгдөх АНУ-ын армийн штабын бэлтгэсэн тушаалыг цаг агаарын нөхцөлөөс үүдэн наймдугаар сарын 3-наас эхлэн эхний боломжийг ашиглан гүйцэтгэхийг Трумэн,Стимсон, Маршалл нар долдугаар сарын 24-нд баталгаажуулсан байв. 1945 оны долдугаар сарын 25-наас хойш АНУ-ын ерөнхийлөгч ба цаг агаар хоёроос өөр зүйл дэлхийг атомын зуунд ороход нь нөлөөлж чадахгүй болсон байв.

Атомын сүрдүүлэлт бүтэлгүйтэв

Ингээд 1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ анхны атомын цохилтыг Японд хийлээ. "Энола Гэй" нэртэй стратегийн бөмбөгдөгч В-26 онгоцноос 10 км-ын өндрөөс ураны цэнэгтэй атомын бөмбөгийг (тротилын харьцуулалтаар 20 мянган тонн орчим) Хиросима хот дээр нүдээр багцаалан онилон хаяад 600 метрын өндөрт  өглөөний 8 цаг 15 минутад дэлбэлжээ. Эгшин зуур 80 мянган хүн алагдаж, 12 мянган хүн сураггүй болж, 40  мянган хүн шархадсан байлаа. Наймдугаар сарын 9-нд өөр нэг онгоц бас тийм хэмжээний хүчин чадалтай плутонийн бөмбөгийг Нагасаки хотод хаяв. Газар нутгийн байдал мөн хотын төвийг  онилсон нь 2 км-аар зөрсөн зэргээс хохирол бага зэрэг буурч 75 мянган хүн алагдаж, сураггүй болсон ба 35 мянган хүн шархаджээ.

Асар их сүйтгэх хүчин чадалтай цоо шинэ зэвсэг хэрэглэсэн нь эсрэг талынханд нь гэнэтийн нөлөөг үзүүлсэн юм. Гэхдээ атомын бөмбөгдөлт Японыг буулгаагүйг баримтууд баталж байна. Бөмбөгдөлтийн дараагийн өдөр Зөвлөлт дайн зарласан ч Япон үг дуугүй бууж өгөх шийдвэрээ гаргаагүй л байв. “Атомын бөмбөг Японы хувь заяаг шийдсэн гэвэл арай өрөөсгөл болно” хэмээн Черчилль хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Атомын бөмбөгдөлт америкчуудын хүсэн хүлээсэн үр дүнг гаргаж чадаагүй. Үүнийг дараагийн шалтгаанууд тайлбарлаж байна. Нэгдүгээрт ,Хиросима хотыг бөмбөгдсөн  тухай мэдээллийг бөмбөгнөөс хорогдох байранд байсан Японы эзэн хаан зөвхөн 8-нд хүлээн аваад “Хэрэв эсрэг тал ийм зэвсэг хэрэглээд байвал дайны явуулах боломжгүй. Гэхдээ ашигтай нөхцөлийг бий болгохын тулд дайныг нэн даруй зогсоох хэрэггүй. Хэлэлцээрт маневр гарч ирэх нөхцөлд л дайны зогсооно” гэж хэлж байв.

Хоёрдугаарт, япончууд дайнаас хойш л Хиросима, Нагасакийн бөмбөгдөлтийг мэджээ. Ихэнх хүмүүс бууж өгөх шийдвэр гартал түүнийг огт хүлээн аваагүй байлаа.

Атомын бөмбөгдөлт цэргийн талаас  ч үр дүн нэг их гаргасангүй. Дээд командлал нь Хиросимад штаб нь байрлаж байсан нэгдсэн  2-р армийн командлагч фельдмаршал Хататай санал нэг байв. Тэрээр наймдугаар сарын 7-нд Токиод ирээд дээд командлалд штаб нь дэлбэрэлтийн төвөөс холгүй байсан ч байгууламжууд бүтэн, цэргийнхний хохирол бага зөвхөн хамгаалалтгүй байсан цэрэг л хохирол амссан гэж илтгэж байсан гэнэ. Ерөнхийдөө бол Хиросима том хохирсон гэхдээ тэр нь бусад бөөн бөмбөгдөлтөөс ялгаагүй гэж Хата хэлсэн байлаа. Тэр цагт япончуудад цацраг туяаны хордолтын талаар мэдсэн зүйлгүй байжээ. Цөмийн зэвсэг цэргийнхний эсрэг биш энгийн хүмүүсийн эсрэг хэрэглэгдсэнээс армийн удирдлагад зохих нөлөөг харуулж чадаагүй байна.

Японы Засгийн газар Хиросимаг бөмбөгдсөнийг бараг нуусан байв. Хиросимаг шинэ төрлийн ихээхэн хохирол учруулсан бөмбөгөөр бөмбөгдсөн гэхээс өөр мэдээг дамжуулаагүй юм. Цэргийн командлал Манжуур, Солонгос, Японы арлуудын шийдвэрлэх тулалдаанд бэлтгэлээ хийхийг гол болгож байв. Засгийн газар нь ч дайныг удирдах Дээд зөвлөл нь ч энэ талаар тусгайлан цугларч хуралдсангүй.

Ийм маягаар атомын бөмбөгийн хүчинд найдсан америкчуудын итгэл үр дүн муутай болсон байв. Хиросимад бараг бүх том үйлдвэрүүд тэнд ажиллагсдын 94 хувь нь бүтэн үлдсэн ба бөмбөгдөлтийн дараа 48 цагийн дотор хотын төмөр замыг сэргээн ажиллуулсан байв. Нагасаки хотыг бүрэн жагсаалаас гаргахад бас тийм хэдэн бөмбөг хэрэгтэй байсан юм. Гэтэл тийм тооны цөмийн бөмбөг АНУ-д тэр үед байсангүй.

Эзэн хааны дээд ерөнхий командлалын офицер хурандаа Такаямагийн хэлснээр атомын бөмбөгдөлтийн мэдэж байсан офицеруудад харин ч дайснаа үзэн ядах нь ихэссэн гэнэ. Үүний зэрэгцээ энэ бөмбөгдөлт япончуудыг бас ийм зэвсэг бүтээх хөтөлбөрөө («Төсөл N») хурдасгахад түлхэж тэд зургаан сарын дараа бий болгохоор ажиллуулжээ. Тэр нь Японд эсрэг талынхаа цэргийг оруулахгүй гэж Засгийн газар нь эсэргүүцсэний нэг шалтгаан байлаа.

Улс төрийн хонжооны тооцоо

Атомын бөмбөг хэрэглэх нь Зөвлөлтийн түрэмгийллийг барих ёстой байв. “Улаан давлагаа Румын, Болгар, Югослав, Чехословак, Унгарыг амжилтай  залгиад байсан Зөвлөлтийн түрэмгийллийг атомын бөмбөг барих ёстой” гэж Гарри Трумэн хүртэл үзэж байсныг «Command Decisions» номыг зохиогчид тэмдэглэсэн байв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Бирнс Японыг буулгахаас өмнө “бөмбөг нь Зөвлөлтийг Европт арай удирдлагатай болгоход хэрэгтэй” гэсэн байлаа. Үүнийг Черчилль дэмжлээ. Атомын бөмбөг байгаа цагт холбоотнуудад Номхон далайд Зөвлөлт хэрэггүй гэж тэр үзэж байв.

Гэсэн ч хэрэг явдал Европ, Орост байгаагүй. Америкчууд Номхон далайд Английг хүртэл оруулах дургүй байв. Номхон далайн баруун хэсэгт олон холбоотнууд оролцохоос өмнө Японы улс төрийн бүтцийг байгуулахаар америкчуудад сонирхол байжээ. Тиймээс ч Трумэн атомын бөмбөгдөлт хийхийг түргэтгэсэн нь ойлгомжтой. Бөмбөгдөлтийн дараагийн хоногуудад Япон бууж өгөх талаар ямар ч сураг чимээ байсангүй. Энэ үеэр Зөвлөлт дайнд орж ирсэн нь үйл явдлын өрнөлийг эрс өөрчлөв.

Зөвлөлт Японы эсрэг дайнд орох үндэслэлээ бие даасан байдлын гэрээг 1945 оны дөрөвдүгээр сарын 5-нд цуцалснаар бий болгожээ. Дайнд оролцох шалтгаанаа “Зөвлөлтийн Засгийн газар энх тайвныг ойртуулах, Герман үг дуугүй бууж өгөхөөс татгалзсанаар ард олны амссан тэр хохирол, зовлонг давтуулахгүй цорын ганц арга зам нь энэ мөн гэж үзэж байгаа” хэмээн  Вячеслав Михайлович Молотов наймдугаар сарын 8-нд Японы элчинд хийсэн мэдэгдэлдээ тайлбарласан байв. Дайсны стратегийн чухал бүлэглэлийн эсрэг шинэ хүчтэй холбоотон орж ирсэн нь дайны төгсгөлийг хурдасгах гол боломжийн нэг байв. Агуу эх орны дайнд холбоотнуудаас материалын ихээхэн тусламж авч, хоёрдугаар фронт нээснийх нь хариуд Зөвлөлт холбоотны үүргээ чанд биелүүлсэн гэж болно.

Энэ нөхцөлд цөмийн бөмбөг хэрэглэсэн нь илүү бөгөөд цэргийн балмад үйлдэл болсон байна.  Зөвлөлтөд үзүүлэх Америкийн сүрдүүлгийн гол хохирогчид нь япончууд болсон билээ.

Японы армийг Манжуур, Солонгост хурдан хугацаанд бут ниргэсэн нь Токиогийн найдварыг тасалсан юм. Японы командлал 1945 оны наймдугаар сарын 19-нд эх газар дахь армидаа үг дуугүй бууж өгөх тушаал өгсөн байна.

Холбоотнууд бүтэн хагас жилийн дотор хийхээр төлөвлөж байсан зүйлийг Зөвлөлтийн армийн хурдан шуурхай цохилт хэдхэн хоногийн дотор хийн милитарист Японыг  бууж өгөхөд хүргэсэн юм. Харин Японыг цөмийн бөмбөгөөр бөмбөгдсөн нь хүйтэн дайны эхлэл байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Oros maygiin tarhi ugaalt ali ungursun ueiin tuuhiig hurtel dahin uurchiluh geh yum da.

    1 0 Хариу бичих
  2. Япон хүртэх ёстойгоо л хүртсэн.

    0 0 Хариу бичих