Бразил: Венесуэлийн цагаачдад хилээ хаана

Бразил улс Венесуэлийн цагаачдад хилээ хаах шийдвэр гаргалаа. Бразилийн Рорайма мужийн захирагч өдөр бүр хамгийн багадаа 800 венесуэль иргэн амьдралын түвшин, эдийн засгийн илүү нөхцөл байдлын төлөө Бразилийн хилээр нэвтэрдэг болохыг мэдээлсэн байна.

Гэхдээ Бразилчууд болон Венесуэлиэс бусад улс үндэстний иргэдэд тус улсын хил нээлттэй хэвээр байна. Мөн Бразилийн хойд хэсгээс буцаж байгаа Венесуэльчүүдэд хилээ хаахгүй гэдгийг албаныхан мэдэгдэж байгаа. Үүнээс гадна далай болон агаарын хилийн хувьд хилийн энэхүү дүрэм үйлчлэхгүй аж.

Өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн амийг хөнөөхийг завдсан хэрэг гарсан нь тус улсын нөхцөл байдлыг улам дордуулж байгаа гэж шинжээчид үзэж байна. Улс төр, эдийн засгийн хямралд орсон, ихээхэн хүнд байдалд байгаа Венесуэль улсын мянга мянган иргэд хөрш зэргэлдээ улсууд руу цагаачлах явдал улам нэмэгдсээр байгаа, тэр дундаа Колумб, Бразил зэрэг улс руу сүүлийн гурван жилийн хугацаанд цагаачдын урсгал огцом өсч байгаа дүр зураг үргэлжилж байна.

Бразилийн Рорайма мужийн хувьд Венесуэлийн цагаачдын хамгийн их нэвтэрдэг газар, мөн улсын хэмжээнд хамгийн ядуу хэсэгт ордог нь энэ шийдвэрийг гаргахад ихээхэн нөлөө үзүүлсэн аж.

Сүүлийн хэдэн сард хилээр нэвтэрсэн ихэнх Венесуэльчүүдийн хувьд хүнд байдалтай байгаа Боа Виста, болон бусад хотуудад амьдарч байгаа юм байна.

Цагаачид, дүрвэгчид голдуу ядуу муж тосгодод олноороо суурьшин амьдардаг. Энэ нь цагаачлалын хямралд оруулж, эдийн засгийн хямралыг бий болгохын зэрэгцээ гэмт хэргийн гаралт өсөх хүчин зүйл болж байгааг мужийн захирагчид мэдэгдсэн байна.

Бразилийн төв засгийн газрын зүгээс хилээ хаахыг дэмжихгүй байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан. Тэд хямралын улмаас хохирч, зовж байгаа энгийн Венесуэль иргэдэд хийлээ хаах нь зохисгүй, үргэлжлүүлэн туслах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)