Саудын Араб Канадад суралцаж буй оюутнуудаа буцааж авна гэв

Хүний эрхийн асуудлаас болж ан цав гарсан Канад, Саудын Араб улсуудын харилцаа хурцдаж эхэллээ. Саудын Арабын Боловсролын яам өчигдөр буюу наймдугаар сарын 6-нд вэбсайтаараа дамжуулан Канадад сурч буй бүх оюутнуудаа буцааж татахаар болсон гэдгээ мэдэгдэв. “Канад улсад засгийн газар болон буцалтгүй зээлээр сурч буй бүх оюутныг есдүгээр сарын сүүл гэхэд гаргана” гэсэн ганц өгүүлбэрээр байр сууриа илэрхийлсэн байна.

Саудын Арабын 15 мянга гаруй иргэн Канадын их сургууль, коллеж, хэлний бэлтгэлд суралцаж буй аж. Хэрэв Саудын Араб оюутнуудаа буцааж татахаар бол оюутнууд болон тэдний гэр бүлийн 20 мянга гаруй хүн нутагтаа буцаж ирэх юм.

Өнгөрсөн баасан гарагт Канадын Гадаад хэргийн яам Саудын Арабын хүний эрхийн бодлогыг шүүмжилж, хүний эрх болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авлаа гэж мэдэгдэж байсан. Ийм мэдэгдэл гаргаснаас хойшх 5 хоногт Саудын Арабын зүгээс Канадын элчин сайдыг 24 цагийн дотор улсаасаа гарахыг шаардаж, Торонто чиглэлийн нислэгүүдийг цуцалж, орон нутгийн хэвлэлээрээ эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Канадыг зорихгүй байхыг иргэддээ анхааруулж эхэлсэн юм.

Канад улсын Засгийн газар хоёр улсын харилцаа ийм хурцадмал болж буйд санаа зовж байгаа ч хүний эрхийн төлөөх байр сууриа өөрчлөхгүй гэж мэдэгдсэн.

Сануулахад, Саудын Арабын эрх баригчид өнгөрсөн тавдугаарс сараас хойш өнөөдрийг хүртэл хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтэн 15 хүнийг баривчлан хориод байгаа гэдэг. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд бөгөөд автомашин жолоодох болон, эрчүүдийг эмэгтэйчүүдийн өмнөөс шийдвэр гаргадаг хуулийг хүчингүй болгохын төлөө тэмцэгчид байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гадныхнаар хүүхнүүдээ яахаа заалгахгүй баян улс доо.

    0 0 Хариу бичих