Филиппиний Ерөнхийлөгч олон нийтийн өмнө үнэтэй машинуудыг сүйтгэв

Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте булдозерууд 5 сая гаруй ам долларын үнэтэй Порше, Ламборгини зэрэг тансаг машинуудыг няцалж, эвдлэхийг үүрэгдэн, өөрийн биеэр харж зогсжээ. Засгийн газраас олон нийтэд ил болгосон бичлэгт тус улсын баруун хэсгийн муж Кагаяанд авлигын замаар орж ирсэн гэх 75 үнэтэй машин, мотоциклуудыг хүнд даацын машинууд эвдлэхэд олон нийт алга ташин, уухайлж байжээ.

Засгийн газрын мэдээлснээр эдгээр нь Кагаяаны боомтоор хууль бусаар нэвтрүүлснийг нь тогтоон, хурааж авсан 800 гаруй машины нэг хэсэг нь ажээ.

Ерөнхийлөгч Дутерте гэмт хэрэг, авлигын эсрэг идэвхтэй тэмцэх буйгаа харуулах гэж дээрх байдлаар машинуудыг сүйтгэж дууссаныхаа дараа  цугласан олон нийтэд хандан “Аливаа газар нь бизнес хийхэд томиромжтой болтлоо хөгжихийн тулд хууль, журмыг эхлээд бий болгох ёстой” гэж хэлжээ. Энэ нь Дутертегийн Засгийн газар дээрхтэй ижил олон тооны үнэтэй, хууль бус замаар олсон машинуудыг авлигын эсрэг тэмцэл хэмээн эвдэн сүйтгэсэн хоёр дахь бичлэг юм. Үүний өмнө хоёрдугаар сард 1,2 сая ам долларын үнэ бүхий 30 машиныг Манила болон өөр хоёр хотод ижил төрлийн “ёслол” үйлдэж устгажээ.

2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Дутерте гэмт хэрэг ба авлигын эсрэг түрэмгий, ихэвчлэн хүчирхийллийн шинжтэй арга хэмжээ авч ирсэн юм. Энэ хугацаанд хар тамхины эсрэг тэмцэлд 12000 хүнийг хар тамхи хэрэглэгч болон худалдаалагч хэмээн амийг нь хороосон байна. Мөн өөрийнх нь засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн сэтгүүлчдийг авлигад идэгдсэн хэмээн нэрлэж, шахалт дайралт үзүүлдэг ажээ. 2016 онд хэвлэлийн хурлын үеэр гэмт хэргийн асуудлаар дагнан ажилладаг нэгэн сэтгүүлч алагдсантай холбогдуулан “Хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хамгаалах вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хэрэв чи нохойн гөлөг л бол сэтгүүлч байх эсэх чинь хамаагүй. Алуулах л болно” гэж хариулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)