Нөхөн сонгуульд намуудын гол хөзөр хэн байх бол

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажилдаа ороход бэлэн болоод байна. МАН, АН, МАХН, ИЗНН-ынхан хуралдаж, сонгуульд оролцох шийдвэрээ гишүүдийнхээ саналыг хураан гаргасан. Улс төрийн томоохон хүчнүүдээс гадна Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн монголчууд нам, Үнэн ба зөв намууд нөхөн сонгуульд оролцоно гэдгээ СЕХ-нд албан ёсоор мэдэгдэн, бүртгүүлжээ. СЕХ энэ сарын 12-ны дотор бүртгүүлсэн нам, эвслийн бичиг баримтыг нягтлан батламж олгох юм. Батламж авсан нам, эвсэл наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний дотор нэр дэвшигчээ тодруулах хуулийн заалттай. Ингээд есдүгээр сарын 14-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авна. Харин нөхөн сонгууль аравдугаар сарын 7-нд болох эсэх нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс хамаарах билээ.

Намууд нөхөн сонгуульд хэнийг сойх тухай яриа ид өрнөж буй энэ өдрүүдэд нөлөө бүхий улс төрийн намын удирдлага, гишүүд дунд яригдаж буй нэр дэвшиж магадгүй хүмүүсийг тоймлон хүргэе.


Монгол ардын нам 

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өөрийн намыг ялах бүрэн боломжтой гэдгээ хэлсэн. Мөн нөхөн сонгууль  зарласан үеэс судалгаа хийсний дүнд нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэр судалгаагаар гарч ирсэн гэдгийг сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм. Судалгаагаар тодорсон эдгээр хүмүүс нь төр, орон нутгийн, нам улс төрийн түвшний хүмүүс байгаа гэв. Үүгээр ч зогсохгүй “Сонгуульд  улс төрийн нам өрсөлддөг болсон. Тэгэхээр намаас нэр дэвшиж ялалт байгуулсан хүн намаа төлөөлж ажиллах учиртай. Тэд намынхаа бодлогыг дагаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой” гэв.

МАН-аас нэр дэвших хүмүүсийн магнайд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр байх магадлал хамгийн өндөр. Хэдийгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нэр дэвшихгүй, надад хангалттай 'давхар дээл' байна” гэж бүлгийн хурал дээрээ хэлсэн ч МАН-ын генсек Д.Амарбаясгалан  “намын дарга нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээгүй” гэсэн тайлбарыг өчигдөр хуралдсан Бага хурлынхаа үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа онцолсон нь уг таамгийг улам батжуулж буй юм.  

Ардчилсан нам 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Нөхөн сонгуульд нэр дэвшихийн тулд намын дотоод журмын шалгуур болон Сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигчид тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан нэр дэвшигчийг тодруулна” гэв. Тус намын хувьд хуулийн дагуу гаргасан цаглабарын хүрээнд энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 4-ний хооронд ахин хуралдаж нэр дэвшигчээ эцэслэн батлах аж. АН-аас Р.Амаржаргал, Аса аварга хоёрын нэр яригдаж байгаа сурагтай. Намын дарга С.Эрдэнийн тавьсан нөхөн сонгуульд оролцох саналыг туршлагатай улс төрч Р.Амаржаргал хүлээж аваагүй гэх яриа ч байна. Хэнтийн 42 дугаар тойргийг Р.Амаржаргал голсон уу яасан, ямартаа ч түүнийг нэр дэвшихгүй гэсэн шум дэгдээд байгаа. АН-аас нэр дэвшин ялалт байгуулах боломжтой гэж дүгнэгдэж буй гол хөзөр нь Асашёорюү Д.Дагвадорж аж. Аса аваргын хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болсон төдийгүй намынхаа бүсийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь намдаа илүү нэр хүндтэй болоход нь нөлөөлсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-аас нэр дэвшлээ гэхэд түүний эсрэг зогсож ялалт байгуулж чадах гол хөзөр нь Аса аварга байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга ч аваргын талд бат зогсох биз.

Монгол ардын хувьсгалт нам 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгын онцолсоноор тус намаас С.Ганбаатар, Н.Энхбаярын аль нэг нь нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа. Тус намын дарга Н.Энхбаярын ялтай байх хугацаа дууссан тул сонгуульд өрсөлдөх үүд нээлттэй гэсэн үг.  Нөхөн сонгуулийн сургаар сонгуулийн PR-аа хийгээд эхэлсэн байхыг ч үгүйсгэхгүй. АН, МАН-ын дотоод хагарлыг ашиглан нөхөн сонгуульд өрсөлдөж ялах аз тохиох ч юм билүү.

 

Иргэний зориг ногоон нам 

ИЗНН хувьд нөхөн сонгуульд өрсөлдөхөд алдах зүйлгүй. Парламентад суудалтай болох боломжоо бүрэн дүүрэн ашиглахаас аргагүй юм. ИЗНН-ээс нэр дэвших хүний тухай таамаг дэвшүүлэхэд нилээн хүндрэлтэй. Намын гол лидер С.Оюун, намын дарга Ц.Ганхуяг ч нэр дэвших магадлал тэгтэй тэнцэж буй. Тиймээс ИЗНН-ийнхэн залуу улс төрчийг нэр дэвшүүлэх биз. Гэхдээ хэтэрхий залуу, олонд танигдаагүй бол нөхөн сонгууль явуулах болсон гол шалтгаан болсон хүнийг нь сануулж болзошгүй гэдгийг тооцож үзэхгүй бол ялалт байгуулахгүй л болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Р.Амаржаргал бол нөхөн сонгууль мэтийн юманд харавдаг жижиг гарын сум ч биш л дээ. ЕРӨНХИЙЛӨГЧИД нэр дэвшивэл хангалттай гарж ирэх потенциалтай хүн шүү дээ. Даан ч харамсалтай нь намын нөхөд нь түүний эсрэг их байх юм. ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХЫГ НЬ ХҮЛЭЭЖ Л СУУНА ДАА. ЕРӨХИЙЛӨГЧИД ДЭВШЭЭД ГАРААД ИРДЭГ ЮМ БОЛ 2 ГАРАА ӨРГӨӨД ДЭМЖИХЭД Ч БЭЛЭН БАЙНА.

    0 0 Хариу бичих
  2. ХҮН ийг дэмжинэ

    0 1 Хариу бичих