Б.Гангаамаа: К2 оргил дээр нэгэн зэрэг 31 уулчин гарч, шинэ рекорд тогтоосон

Дэлхийн ноён оргил Эверестийн дараа орох “Алуурчин уул” хэмээх К2 уулын оргилд амжилттай авирч, эх орондоо ирсэн, гавьяат тамирчин Б.Гангаамаа өнөөдөр хэвлэлийн хурал хийж, авиралтынхаа талаар мэдээлэл хийлээ.

Тус хуралд Биеийн тамир спортын хорооны удирдлагууд оролцсон байна.  Гавьяат тамирчин Б.Гангаамаа нь өнгөрсөн долдугаар сарын 21-ний өдөр К2 ууланд 31 уулчны хамт авирсан байдаг. Түүний багтсан бүрэлдэхүүн К2 ууланд авирсан хамгийн олон хүн болсныг онцолсон юм. Авирахад маш хүнд, хатуу ширүүн уур амьсгалтай уулын нэг юм. Энэ ч утгаараа К2 уул нь дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог гэв.

Гавьяат тамирчин Б.Гангаамаа авиралтынхаа талаар  “Хоёр сарын дараа амжилт дүүрэн та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэнд явахынхаа өмнө хэлж байсан явж ирээд амжилтынхаа тухай ярих болно гэж. К2 уулын авиралт гэдэг бол дэлхийн хэмжээний маш том жилд ганцхан удаа болдог. Эверестэд хавар болдог бол К2-т зун болдог дэлхийн уулчдын том амжилтын биелэл бол жилд ганцхан удаа хийгддэг. Энэ жилийнх өмнө жилүүдийнхээс маш сайхан байлаа. Учир нь цаг агаар тогтвортой байсан учраас олон уулчид оргилд гарсан.

Статистик мэдээгээр 1950 оноос хойш өнөөдрийн хүртэл өнгөрсөн 60 гаран жилийн хугацаанд К2 ууланд 337 хүн оргил дээр гарсан байдаг юм билээ. 2012, 2018 онд хамгийн олон хүн оргил дээр гарсан жил байсан гэж манай аяллын удирдагч хэлж байсан. К2 уулын энэ удаагийн авиралтад уулчид нийтдээ 4 том экспидецид хуваагдсан байсан. Мөн жижиг хоёр экспедиц байсан.

Том багуудын нэг нь болохоор манай экспедиц “Дэлхийн 14 оргилыг хийх баг” гэсэн байсан. Манай багийн хувьд найман орны 10 уулчин, шерпа нартайгаа нийлээд нийтдээ 40 гаруй хүн  байсан. Хоёр дахь том экспедиц нь Америкийн олон улсын баг байсан. Мөн 10 уулчин, шерпатайгаа 30-аад хүний баг байсан. Мөн зөвхөн Японы есөн уулчин, гурван шерпатай баг байсан.

Нийт амжилтын хувьд цаг агаарын нөхцөл байдал таатай, цас их орсон их, ууланд байдаг бүх бэрхшээлүүд байсан ч энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү нэг өдөр 31 хүн оргил дээр зогссон рекорд амжилтыг тогтоосон. Хэзээ ч К2 оргил дээр ийм олон хүн гарч үзээгүй. 2012 онд 28 хүн нэг өдөр гарсан нь рекорд болж байсан юм билээ.

 2018 оны долдугаар сарын 21-нд 07.00- 08.00 цагийн хооронд цувж К2 уулын оргил дээр гарсан. Манай багт Япон, Хятадын тус бүр  хоёр уулчин, Швейцарь, Бельги, Мексик, Непал, Ирландаас тус бүр уулчин оролцсон бүрэлдэхүүнтэй байсан. Эдгээр гарсан улсуудын тав нь буюу Швейцарь, Бельги, Ирланд анхны Латин Америк эмэгтэй, Монголын уулчин энэ оргилд улсаа төлөөлж анхдагч хүмүүс болсноо мэдсэн. Японы эмэгтэй уулчны тухайд тус улсын хоёр дахь К2 оргилд гарсан эмэгтэй уулчин болсон. Сая болсон авиралтад нийт 9 Япон оргилд гарах буух явцдаа нэг Япон уулчин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Авиралт болон өндөр авалтын үед биеийн байдал маш сайн байсан. Жаахан ханиалгах асуудал гарч байв. Бусдаар бол биеийн байдал урьдынхаас сайн байлаа. Оргил дээр гарах бүрэн эрмэлзэлтэй, хичээж байлаа. Оргилд гарахаасаа өмнө Монгол руугаа ярьж монголчууд минь К2 уулыг аргадаж, тахиж өгөөрэй гэж хэлж байсан. Авиралт амжилттай болсон. Миний хувьд Пакистан улсын цагаар 08.30 цагт, Монголын цагаар 10.30 цагт К2 уулын оргил дээр гарсан. Авиралт дуусаад буух хооронд битүү цас, цаснаас өмнө бууж дөрөвдүгээр бааз хүрсэн. Аюулгүй байдлаа бодоод  дөрөвдүгээр бааздаа хоносон. Надтай хамт авирсан хүмүүс доошоо үндсэн бааз хүртэл буусан байсан. Авиралт минь олон жилийн хүсэл мөрөөдөл, монголчуудын хүсэл байсан. 2005 онд Эверестэд анхны Монгол хүн гарсан байдаг. Түүнээс хойш дараагийн оргил К2 дээр гарах мөрөөдөл байсан. Спортын авиралтын хаан уул гэдэг энэ ууланд олон жилийн дараа Монголчуудын хүсэл биеллээ. Гурван удаа оролдлого хийж байж, ийнхүү амжилттай боллоо. К2 уул ийнхүү Монголынх боллоо. Маш их баяртай байна” гэв.

Хэвлэлийн хурлын дараа, Гавьяат тамирчин уулчин Б. Гангаамаа К2 уулын оргилд авч гарсан төрийн далбааг Биеийн тамир спортын хороонд гардуулж өгсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Дэлхийн оргилуудыг удаа тэсвэр хатуужил,тэвчээр,эрэлхэг зоригт үйлсээрээ булаан эзэлж Монгол төрийн далбааг мандуулж ирсэн амжилтыг нь өндөр үнэлж БТСГ, Монголын Уулчдын холбоог МУ-ын Хөдөлмөрийн баатарын алдар цол тодорхойлоод өгөөчээ...

    1 0 Хариу бичих