М.Энхболд: Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлахад татгалзах зүйлгүй

УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ёстой гэсэн шаардлагыг Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд гаргаад байгаа билээ. Ээлжит бус чуулгантай холбоотой асуудалд УИХ-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийлснийг хүргэе.

-Ээлжит бус чуулган хуралдуулах талаар нийгэмд хүлээлт үүсээд байна. Мөн долоодугаар сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдуулах талаар албан бичиг хүргүүлсэн байгаа.

-Ер нь бол хуульд энэ талаар маш тодорхой заасан зүйл заалтууд бий. Улс орны хэмжээний томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай асуудлууд хэлэлцэх ёстой гэсэн зохицуулалт байгаа. Одоогийн байгаа үүсээд байгаа нөхцөл байдал бол Авлигатай тэмцэх газрын даргыг ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах саналыг гаргаж байгаа. Миний хувьд ямар нэг байгууллагын даргыг хамгаалж өмгөөлөх, ямар нэг хэргийг хаацайлж хаах гээд байгаа зүйл огт байхгүй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн хариундаа ээлжит бус чуулганыг зарлахад татгалзах зүйл байхгүй байна гэдгээ хэлсэн.

Улсын Их Хурал бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоогдсон бүхий л асуудлууд хуульд яв цав нийцсэн байх учиртай. Ээлжит бус чуулган хуралдуулж, Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх тухай энэ асуудлыг УИХ-ын 22 гишүүн долоодугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурж, албан бичгээр надад ирүүлсэн. Хуулинд УИХ-ын гишүүдийн 3/1-ээс дээш УИХ-ын даргад өргөн мэдүүлэх ёстой гэсэн заалттай. Энэ асуудлын дараа Ерөнхийлөгч 15 тоот долооддугаар сарын 17-нд УИХ-ын гишүүдийн тавьж байгаа энэ саналыг хүлээн авч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэсэн бичиг ирүүлсэн. Долоодугаар сарын 18, 30-нд УИХ-ын даргын Зөвлөл хуралдсан. 

-Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах хуулийн үндэслэл байхгүй гэсэн үг үү?

-Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын даргыг албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх тухай асуудал бол авлигалын эсрэг хуульд зааснаар бол нэгдүгээрт өөрөө өргөдлөө өгсөн, хоёрдугаарт эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гуравдугаарт бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Дөрөвдүгээрт гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр нотлогдож, батлагдсан ийм дөрвөн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө гэдгийг маш тодорхой заасан байдаг. Тэр ч бүү хэл, дээрх дөрвөн үндэслэлээс бусад тохиолдолд АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлөхийг хориглоно гэж заасан байгаа.

Иймд бид энэ асуудлыг холбогдох хуулийн заалттай нь уялдуулж үзэхээс өөр аргагүй. Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийн өмнө, хэлэлцэх асуудлыг сайтар судалж, тодруулах шаардлагатай. УИХ-ын даргын Зөвлөл хоёр удаагийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэхдээ Хууль зүйн байнгын хороогоор орсны дараа дахин ярилцах нь зүйтэй гэж ярилцсан. Ер нь ээлжит бус чуулганд тодорхой хугацаа шаардсан асуудал байхгүй. 

-Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулбал ямар үр дагавар үүсэх бол...?

-Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг улс төрөөс хараат бус байж, тогтвортой ажиллуулах, гадны ямар нэг нөлөөлөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх үүднээс зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх нь нэг байгууллагын биш, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой асуудал. 

Магадгүй, Улсын Их хурал хуульд үл нийцсэн байдлаар шийдвэр гаргавал цаашдаа хууль хяналтын байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангаж чадахгүй болох, ийм нөхцөл байдал руу орж болзошгүй байгаа юм. Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлахад надад татгалзах зүйл алга байна. 

Эцэст нь намрын улирал хаяанд ирсэн энэ цаг үед найр наадмаа өндөрлөж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Намрын ургац хураалт, үер, усны гамшиг зэрэг улс орны тулгамдсан асуудалд анхаарч, аливаа асуудалд улстөржихгүйгээр ажиллах цаг ирээд байна.

-Тодруулга өгсөн таньд баярлалаа. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)