Хамтарсан дадлага сургуульд амжилттай оролцлоо

Монгол Улс, ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албадын хамтарсан “Sarex-2018” сургуулилтанд Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, түүний харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай болон агаарын ажиллагааны салбарын 10 шүхэрчин-аврагч оролцоод ирлээ.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо болсон тус хамтарсан сургуулийг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тав дахь жилдээ зохион байгуулсан юм.

Агаарын хөлгийн ослын үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох зорилготой  сургуулиар сансарт хөөрсөн агаарын хөлөгт гэмтэл гарч эх дэлхий рүү буцсан буугч төхөөрөмжийг эрэн хайх, сансрын нисгэгч нарт тусламж үзүүлэх сургуулилтыг хийсэн байна.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагчид тав дахь удаагаа амжилттай оролцож, ур чадварын хувьд өндрөөр үнэлэгдлээ.

Эрэн хайх, авран туслах албадын хамтарсан сургуулилт нь анх 2010 онд ОХУ-д зохион байгуулагдснаас хойш хоёр жил тутамд явагдаж байгаа бөгөөд манай улс 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт, 2016 онд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр Элсэн тасархайд  амжилттай зохион байгуулж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)