Их Монгол улсын үеийн хивс Японд хадгалагдаж байна

Японы “Эн-Эйч-Кэй” телевизээр гарсан танин мэдэхүйн нэвтрүүлэгээс Их Монгол улсын үеийн хивс өдгөө Японд хадгалагдаж байгаа талаарх мэдээллийг  Сан Францискод амьдардаг Ш.Баатар өөрийн фейсбүүк хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр “Японы эртний нийслэл Киотогийн Гион баярын тухай баримтат кино үзэж байтал Их Монгол улсын үеийн хивсийг уг баяртаа хэрэглэдэг тухай мэдэв. Тус баярт эрчүүд чирдэг хөлөг онгоцноос зүүсэн эртний хос хивсийн уг гарлыг тогтоох, сонирхолтой судалгаа хийжээ. 200 жилийн тэртээ уг баярт хэрэглэх болсон эдгээр хивсний нэг нь голдоо чавганы модны зурган хээтэй тул хятадын соёлтой холбоотой гэж түүнийг үзэж, адил төстэй хивс Хятадын цуглуулгуудаар хайгаад олоогүй байна. Тэгээд тус хивсийг нэхсэн ноосыг мэргэжилтэн үзээд, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр нэхсэн байх болов уу? гэж таамгалсан боловч хялгаснаас дээж авахад, тэмээний ноос, сарлагийн хөөвөртэй адилгүй байжээ. Тэр дээж хялгасандаа генетикийн шинжилгээ хийхэд (монгол) үхрийн хөөвөр, Төвдийн чиру хэмээх бөхөнгийн хөөвөр байжээ.

Америкийн Метрополитан музейн мэргэжилтнүүд чавганы модыг XII-XIV зууны хятад хээнд тохиолддог гэж үзээд, хивсний эмжээрийн араб үсгэн хээг "Аллах" хэмээн уншиж, тус хивсүүдийг Төвдийн өндөрлөгт ойрхон Хөхнуур орчмын хотон үндэсний дунд Их Монгол улсын үед урласан (Made in Great Mongolian State) гэж үзжээ. "Их Монгол улс хэдий мөхсөн ч тэдний дэлхийд түгээсэн соёл өдий хүртэл ийнхүү хадгалагдан үлджээ" хэмээн хэлэв. Төвдөөс олдсон, түүнтэй адил боловч баларч муудсан, нэгэн хуучин хивсний зураг Лондон дахь хивсний цуглуулгын музейд байдаг гэнэ. Японд хадгалагдаж буй Их Монгол улсын үеийн тэдгээр хивс нь дэлхийн соёлын хосгүй өв болох ажээ. Монголчууд бид мөн тэднийг тодорхой хэмжээнд судалж, соёлынхоо өвд бүртгэх хэрэгтэй юм байна даа” хэмээн гэрэл зургийн хамт нийтэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ширчин Баатар ч мундаг судлаач, бас монголч, ер нь чадалтай мундаг хүн дээ. Даан ч, хөдөөнөөс гаралтай эсвэл хашаанд амьдарч байсан бүх хүмүүс нэг тийм нийтлэг комплектэй байдаг. Их сонин. Олноо танигдсан олон мундаг хүмүүс байна даа. Даан ч, яагаад ч юм цаанаасаа л нэг бэлчээр нь хязгаарлагдмал, тулга тойрсон арчаагүй яриа, ядуу сэтгэлгээ, атаач зан байдал заавал ажиглагддаг. Цаанаасаа л нэг би хөдөөнийх болохоороо гэх мэтээр "дарагдчихсан" явсан гэдэг нь мэдэгдээд байдаг юм.

    0 0 Хариу бичих