“Фрийр Саклер” музейд “Монголын соёлын өдөр” боллоо

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам Смитсониан хүрээлэнтэй хамтран “Монголын соёлын өдөр” арга хэмжээг “Фрийр Саклер” музейн байранд долоодугаар сарын 27-нд зохион байгуулав.

Смитсониан хүрээлэнгийн “Фрийр Баасан гаригууд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээг АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсыг сонирхон судалдаг гадаадын иргэд болон тус улсад ажиллаж, амьдарч, сурч буй монгол, гадаадын 700 гаруй иргэд үзэж сонирхов. Арга хэмжээг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр Монгол Улсын түүх, соёл, уламжлал болон Монгол Улс, АНУ-ын түүхэн харилцаа, одоогийн хамтын ажиллагааны талаар товч танилцуулав.

“Монголын соёлын өдөр” арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочдод зориулан Монгол ардын болон сонгодог урлагийн үзүүлбэрийг толилуулж, зураач Д.Цолмон уран зургийн үзэсгэлэнгээ гаргасны зэрэгцээ Вашингтон хотод үйл ажиллагаа эрхэлдэг Монгол ресторан үндэсний хоолоор үйлчлэн эх орныхоо түүх, соёлоо сурталчиллаа.

Дашрамд дурдахад “Смитсониан” хүрээлэн нь 154 сая гаруй түүхэн баримт, бүтээл, үнэт эдлэл, соёлын ховор өв хадгалдаг, боловсролын салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй АНУ дахь хамгийн том соёл, боловсрол, түүхийн цогцолбор юм. Тус хүрээлэн нь Вашингтон ДиСи, Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг урлаг, соёл, шинжлэх ухаан, нийгэм судлал, техник технологи, түүх, археологи, боловсрол, сансар, амьтан судлал, анагаах ухаан зэрэг чиглэлийн үнэ төлбөргүй 19 музей, 2 галерей, 9 судалгааны төв, 1 амьтны хүрээлэнтэй билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)